“Ганнамын монгол сайд” маань Ч.Хүрэлбаатар болж таарсан уу, Ерөнхий сайд аа?!
Калифорнийн Беверли Хиллс, Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөө, Сөүлийн Ганнам дүүрэг гээд дэлхийд зартай өндөр өртөгтэй амьдардаг газрууд бий.
Ганнамд манай нэг сайд гурвын гурван орон сууцтай гэх мэдээлэл 2020 оны долдугаар сарын 24-нд нийтлэгджээ. Монголоор нэг шуугилаа.
Аргагүй шүү дээ. Сөүлийн Ганнам дүүрэгт орон сууцтай болох хүн нэг мкв-ыг дор хаяж 15 мянган ам.доллараар авна. Түүнээс дээшээ үнэтэй гэсэн үг. Хэдэн мкв ч сууц болдог юм, тэр нь тэрбум тэрбумаар үнэлэгдэнэ.
Гэтэл Ганнам дахь ганц мкв-ын үнээр Монголд өлхөн 40 мкв-тай хоёр өрөө сууцтай болчих боломжтой. Ийм зөрүүтэй. Өнөөдөр монголчууд яаж орох оронтой болж байгаа билээ дээ. Гэтэл Засгийн газрын нэг сайд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй дүүргүүдийн нэгт гурвын гурван орон сууцтай болсон тухай мэдээлэл сонсохоор яаж хүлээж авах нь ойлгомжтой. “Найман хувь”-ийн зээлтэй, хорин жил өвдөх эрхгүй тэрхүү “Ганнамын ганц мкв”-ын төлөө зүтгэж байна.
Манай сайдын Ганнам дахь гурван орон сууцны талаар БНСУ-ын “The Кorea economic daily” сонины www.hankyong.com-д “Монгол Улсын нэгэн сайд Сөүлийн хамгийн үнэтэй дүүрэгт гурван орон сууцтай” гэдэг гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээлэлд “…Нэрээ нууцлахыг хүссэн Засгийн газрын албан тушаалтан 24-ний өдөр хэлэхдээ “…Олон улсын байгууллагын сүүлийн онлайн уулзалт дээр Сөүлийн Ганнам дахь орон сууцны үнэ хамгийн их яригдлаа. Энэ үеэр Монголын сайд Ганнамд гурван орон сууцтай гэж сонссон” гэсэн байна.
Манай улсын сайдын талаарх мэдээлэл санаатай, санамсаргүйг бүү мэд. Юутай ч www.hankyong.com-ын Ганнамын байрууд үнээ алдахгүй, улам өсөх хандлагатай нь Дундад Ази, ОХУ, Азийн зарим орны томчууд олноороо худалдаж авч байгаатай холбоотой гэх агуулгатай мэдээлэлд “хавчуулагдаад” гарч ирсэн байна.
Үүнээс хэдхэн хоногийн дараа 2020 оны наймдугаар сарын 3-нд БНСУ-ын Үндэсний татварын албаны Мөрдөн шалгах асуудал эрхэлсэн комиссарын туслах Лим Кван Хюн сүүлийн гурван жилд тус улсаас хамгийн багадаа хоёр орон сууц худалдан авсан гадаадын 42 иргэнд шалгалт хийж, тэднийг түрээсийн орлого, хөрөнгө орлогын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “…БНСУ-д орон сууцтай гадаадын иргэдийг татвараас зайлсхийхийг оролдсон хэргээр шалгахаар болсон. Тэд орон сууц худалдан авч байгаа солонгосчуудтай ижил татвар төлөх ёстой Гадаадын иргэдийн худалдаж авсан орон сууцны 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж сэжиг төрүүлж байна” гэсэн. Мөн “…Сэжиглэж буй энэ хүмүүсийн мэдээллийг өөрийн оронд нь шилжүүлнэ” гэжээ.
Энэ хэд хоногт Монгол даяар Ганнамд гурван орон сууцтай сайдыг хайлаа. Тэр зуурт “…Тэрхүү сайд маань нууц амрагаа солонгос хүнтэй гэр бүл болгосон. Тэгж тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг нь нээлгээд орон сууцаа худалдаж авсан” гэх мэдээлэл бас түглээ.
Харин өнгөрсөн өдрүүдэд “…Ганнамд гурван орон сууцтай сайд Ч.Хүрэлбаатар байжээ” гэж шуугиад явчихлаа.
Ч.Хүрэлбаатарын нэр гарч ирсэн нь хэдэн жилийн өмнө баахан баримтаар нүдүүлж илрээд, тэгсгээд АТГ дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч сарнисан “Хотгор шанага”-ын уурхайг зарсан гэх асуудалтай холбогдоодохов.
Нэхэн сануулахад, 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-аар хэлэлцэж байхад Ж.Мөнхбат гишүүн “…Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ” гэж хэлээд сүйд болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар ёстой л гал астал “авалцаж” байв. Хэдийгээр Ж.Мөнхбат тэр үед албан тушаалаасаа уначихсан ууртай байсан байж болох ч ЗГХЭГ-ын дарга гэдэг маш их мэдээлэлтэй албан тушаал хашиж байсныг мартах ёсгүй.
Тэр чуулган дээр хэрэлдэж гарч ирчихээд “…Ч.Хүрэлбаатарын төрсөн хоёр ах болон тухайн үед туслахаар нь ажиллаж байсан н.Дэмбэрэл гэдэг гурван хүний нэр дээр “Хотгор шанага”-ын уурхай байсан. Тус уурхайн 51 хувийг нь зараад гурван сая ам.доллар нь төрсөн хоёр ахынх нь болон туслахынх нь данс руу орсон бүх баримт байгаа гэдгийг хэлсэн. Энэ бол нотолгоотой үнэн зүйл. “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг зарах үе буюу 2011 онд Ч.Хүрэлбаатар өөрөө ЗГХЭГ-ын даргын ажлыг хийж байсан. Ийм л бодит зүйлүүдийг би хэлсэн” гэж байв.
Сангийн сайдын холбогддог “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан. Энэ орд газар, уул уурхайн лицензийн наймаатай холбоотой нэврүүлэг БНСУ-ын телевизээр ч цацагдаж байлаа.
Харин Монголд “…Зарсан, зараагүй”, “…Минийх биш, зүгээр л зээл байсан” гэх яриа тайлбарууд мөргөлдсөөр эл дол болж орхисон.
Гэхдээ манай зарим эрэн сурвалжлах сэтгүүлчид БНСУ хүртэл явж мэдээ, сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэж байв.
Мөн АТГ хэрэг үүсгэж шалгаж байлаа. “Хотгор шанага”-ын уурхайтай нэр холбогдсон манай нөхдүүд юу гэж АТГ-т тайлбар мэдүүлэг өгч байсан бэ гэдгийг бас сануулъя.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “… “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан асуудлыг би огт мэдэхгүй. Энэ асуудалд миний бие ямар ч холбоогүй. Харин улстөрчдийн гар хөл болсон сэтгүүлч миний нэр төрд халдаж байна. Уурхай зарсан гэх асуудлыг огт мэдэхгүй болохоор энэ талаар ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна. Б.Алтангэрэл гээд нутгийн залууг танина. Тэр залуу манай хоёр ахаас мөнгө төгрөг зээлсэн асуудал байдаг юм байна лээ. Надад зээлсэн мөнгөө эргүүлж авсан гэх тайлбарыг манай хоёр ах өгсөн ” гэсэн бол түүний ах Ч.Гантулга “…Чимэд овогтой Гантулга миний бие цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, одоо “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2008 онд “Хотгор шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нь үйл ажиллагаандаа зориулж санхүүжилт хэрэгтэй байна гэж тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Тухайн үед манай компани барилгын бизнес эрхэлж байсан тул холбогдох Зээлийн гэрээг байгуулж Б.Алтангэрэлийн өөрийнх нь тавьсан саналын дагуу “Хотгор шанага” ХХК-ийн 30 хувийг барьцаалж мөнгө зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг богино хугацаанд эргэж төлнө гэж байсан ч төлөлгүй гурван жил болсон. Нэг өдөр солонгосчуудтай хамтран ажиллах боллоо, зээлийг чинь төлье, дансны дугаараа өгөөч, итгэмжлэлд гарын үсгээ зураач гэснийг ёсоор болгосон. Тодорхой хугацааны дараа бидний дансанд тухайн үеийн ханшаар нийт 2.4 тэрбум орчим төгрөг орж ирсэн юм. Иймд уг компанийн барьцаалсан 30 хувийг буцааж Б.Алтангэрэлд нь шилжүүлснээр бидний харьцаа дуусгавар болсон” хэмээн мэдүүлжээ.
Мөн “Хотгор шанага”-ын уурхайг зарсан Б.Алтангэрэл “…Миний 49 хувийг эзэмшиж байгаа Хотгор шанага” уурхайг БНСУ-ын “Korea coal” корпорацид 51 хувийг худалдах санал хүргүүлсэн. Тухайн үед уурхайд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Ингээд л зарсан асуудал байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа К.Дэмбэрэлээр дамжуулан Ч.Гансүх, Ч.Гантулга нараас мөнгө зээлсэн. Өмнө нь таньдаг байсан юм. Тэднэээс мөнгө зээлэхдээ уурхайн 30 хувийг барьцаанд тавьсан. Тэдэнд зээлсэн мөнгөө өгөх гэсэн боловч надад санхүүжилт олдоогүй гурван жил болсон. Энэ хугацаанд зээлсэн мөнгөө надаас нэхдэг байсан. Ингээд “Korea Coal” корпорациас орж ирсэн мөнгөнөөс тэдний дансанд шилжүүлж өрөө өгсөн байгаа. “Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд Ч.Хүрэлбаатар, Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэл нар огт холбоогүй” гэсэн байгаа юм. “Хотгор шанага”-ын уурхайн 49 хувийг Б.Алтангэрэлтэй хуваан эзэмшиж байгаа н.Болормаа гэх эмэгтэй “…Солонгосчуудтай Б.Алтангэрэл уулзсан. Тэр ганцаараа явж гэрээ хийсэн. Би сүүлийн үед Б.Алтангэрэлтэй огт уулзахгүй байгаа” гэх мэдүүлгийг өгчээ. Бас “Хотгор шанага” уурхайн 51 хувийг авсан БНСУ-ын компанийнхан “…Б.Алтангэрэлтэй л гэрээ хийсэн. Ч.Хүрэлбаатар болон Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэл гэх хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Огт танихгүй. Б.Алтангэрэл бидэнд Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэлийн данс руу эхлээд 4.5 тэрбум төгрөгийг хийх ёстой гэж хэлсэн. Түүний хэлснээр мөнгийг бид шилжүүлсэн. Үлдэгдэл бүх мөнгийг Б.Алтангэрэлийн данс руу хийсэн” гэж байжээ.
Удалгүй, одоогоос хоёр жилийн өмнө хэрэг хаагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.
Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлээр ярихдаа “…”Хотгор шанага” гээд дэд бүтэцгүй уурхайг солонгос байтугай, монголчууд ч бэлгэнд авахгүй. Уурхай бол дэд бүтэцтэй байж борлогдох боломжтой байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Хотгор шанагын уурхай хэрэг нэг хэсэг нь. Манайд болохоор шинэ нөхцөл байдал гэдгээр эрүү үүсгэж, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаачихаад байгаа юм. Энэ асуудлаар АТГ хөдлөхгүй бол миний бие БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид захиа бичнэ. Манай улсад Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай ийм уурхай байдаг. Энэ уурхайтай холбоотой асуудлыг манай хуулийн байгууллагын хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа, үүнтэй холбоотой хүмүүс сайд дарга хийгээд явж байна. Энэ талын мэдээллийг өгнө үү гэдгээ илэрхийлнэ” гэж ярьж байлаа.
Түүнчлэн “Хотгор шанага”-ын уурхай ямар үнэ хүрсэн, холбогдоод байдаг Сангийн сайд үүнд оролцоотой юу гэдэг анхаарал татдаг. Эх сурвалжууд, гэрч, оролцогчдын мэдүүлэг тайлбараар бол Ч.Хүрэлбаатарын ах дүү нарын данс руу 4.5 тэрбум төгрөг оржээ. Гэтэл ЕТГ-ын дарга байсан З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат нар “Хотгор шанага”-ын уурхайг 10 сая ам.доллараар худалдсан гэж ярьдаг. Зөрүү нь хэдэн сая ам.доллар болж байгаа юм. Ийм яриа нь хэвлэлүүдээр дүүрэн гарсан.
Энэ асуудал сөхөгдөөд гурван жил, таг чиг болоод бараг хоёр жил болж байтал Ганнам дүүрэгт гурван орон сууцтай сайдын талаарх мэдээлэл гарч ирсэн нь чухам ямар учиртай вэ. Тэр сайд хэн бэ. Энэ олон хоноход “..Би”, эсвэл “Би биш” гэсэн сайд гарч ирсэнгүй. Харин хамгийн сүүлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр дуулдлаа. Тэр мөн үү?
Ч.Хүрэлбаатар өөрөө “…Үгүй, би биш” гэдэг. Мэдээж, одоо ч тэгнэ.
Тиймээс эдгээр асуултад эхлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өгөх ёстой. Бас АТГ, ЭЦА ч дуугүй суугаад байх нь зохимжгүй.
Хэрвээ мөн бол мөнгөнийх нь эх үүсвэрийг олж тогтоох зэргээр хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Мөн Засгийн газраасаа хөөж ёс суртахууны хариуцлага хүлээлгэх учиртай. Харин биш бол тэр сайдыг нь олж Ч.Хүрэлбаатарын нэрийг цэвэрлэж авах хэрэгтэй.
Энэ талаар саяхан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зөвлөх болсон академич С.Нарангэрэлээс Засгийн газар зөвлөгөө авахад болно. Учир нь С.Нарангэрэл академич бол ёс суртахуун хийгээд хуулийн харилцан хамаарал, ялангуяа Монгол төрийн уламжлалт ёс суртахуун, өнөөгийн байдлыг судалчихсан, нэвт мэддэг эрдэмтэн юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: