77 мянган айл яаж амьдрах нь дарга нарт хамаагүй юу

15971372415f326159c5278

Цаг хэвийн, амьдрал өрнүүн байсан бол энэ намар 309.6 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой байлаа.  БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмарын өгсөн тоон мэдээллээр шүү. Үүний 77.2 мянга нь шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнууд. Их байгаа биз.  77.2 мянган хүүхдийн цаана ийм хэмжээний айл, өрх байгаа нь ойлгомжтой. За багасгая, 75 мянган өрх байг. Хэдэн айл ихэр хүүхэдтэй энэ тэр гэдэг нарийн тоо баримт мэдэхгүй юм. Тиймээс багцаагаар 75 мянга гэж буудаад байгаа хэрэг. Түүний 15 мянга хүүхэд харах хүнтэй гэж гэгээнээр төсөөлье. Аав, ээж нь хараад өгчихнө байх. Тэгвэл үлдсэн 60 мянган өрх яах вэ, дахиад нэг жил өрөөсөн дугуйтай эдийн засагтай зүтгэх болж байна уу.

Энэ асуултыг эрхэм дарга нар, боловсролын яамныхнаас асууж байгаа санаатай.  Коронавирусийн халдвар буурахгүй, улам нэмэгдсээр байгаа.  Ердөө л 3 хоногийн дотор дэлхий дахинд сая хүн вирусийн халдвар авсан тухай өчигдөр өглөө ЭМЯ-наас мэдээлж байна билээ.  Халдвартай хүний тоо аль хэдийнэ 20 сая хүрсэн.  Японд, Солонгост өвчлөл өсөж эхэлсэн. Манай хойд хөрш ОХУ-д өвчлөлийн хоёрдугаар давалгаа аравдугаар сард эхэлж магадгүй. Тэр үед одоогийнхоос хамаагүй олон хүн өвчилж, нас барна гэсэн мэдээлэл байгаа талаар ч ЭМЯ-наас хэлнэ билээ.  Эрсдэл мэдээж байгаа. Муйхарлах гэсэнгүй. Гэхдээ дарга нарын шийдвэр өөрөө өрөөл татанхай байгаа учраас л гайхшаа бараад байгаа хэрэг.

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй гэдгийн шалтгаан нь өвчлөлд өртөмтгий байдагтай холбоотой хэмээн Боловсролын яамныхан ярьсан байсан.  Бага насны хүүхэд ханиад амархан хүрдэг, бие нь өвдөх гээд байдаг нь үнэн. Дархлаа багатайн дээр Улаанбаатарын өвөл гамшгийн байдалтай болдог. Хэцүү хэцүү. Гэхдээ 2, 3 настай хүүхдийн ялгаа тийм их үү. 3 настай хүүхэд цэцэрлэгт бөөгнөрөхөөр коронавирус тусахгүй. 2 настай хүүхэд явахаар тусчих уу. Коронавирус их ухаантай юм гэнэ билээ. Гэхдээ хүүхдийг насаар нь ангилаад, гурав өдөр нь идэвхжээд, хоёр өдөр сулардаг ухаантай вирус ч арай биш байх. Вирус  халдахаа хүрвэл хүртэл 2, 3 настай битгий хэл 20, 30 настнууд нь ч халдана.

Нөгөө талаар 2 настай хүүхэдтэй 77 мянган айлын 20 хувь нь ганцхан хүүхэдтэй гэж тооцъё. Үлдсэн 80 хувь нь хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй байгаа.  4, 5 настай, цаашлаад сургуулийн насны хүүхдүүд байгаа нь ойлгомжтой.  Вирус халдахдаа тулвал сургууль, цэцэрлэгт явсан нь авчихаад, гэртээ хариад 2 настай дүүдээ халдаахгүй юу.  Дотооддоо вирус алдах дээрээ тулвал хуурай өвсөнд түймэр тавихаас хурдан.  Ингэж худлаа, үнэн сүржигнэхийг чинь тоох ч үгүй.  Түүний оронд хязгаарлалтаа тултал нь үргэлжлүүл. Эсвэл сургууль, цэцэрлэгээ зүгээр хэвийн оруул.  Тэртээ тэргүй хүүхдүүд тоглоомын талбайд бөөн бөөнөөрөө бужигналдан тоглож байна. Орон байрны үүдээр дүүрэн амны хаалтгүй цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд бужигналдан тоглож байгаа.

Сургууль орохоор 20 хүүхдээс дээш нэг танхимд суулгахгүй байсан ч гараад 50, 60-аараа нийлээд л бужигнана.  Дотооддоо алдвал нэг ангид 20 хүүхэд суусан байсан ч тархана, 30 суусан ч тархана.  2 настай хүүхэд цэцэрлэгт явсан байсан ч халдана, яваагүй ч халдана.  Хатуу боловч үнэн энэ. Харин дотооддоо алдаагүй үед ингэж хөрснөөс хол шийдвэр гаргах хэрэг байна уу.

Тэртээ тэргүй коронавирусийн улмаас эдийн засаг хүнд байна. Энэ жил ч ингэсгээд нэг юм өнгөрөх байх. 2021 он гаргаад энэ улс ямар хэцүү байдалд орох бол гэхээс хамаг бие арзайж байна.  Ядаж байхад сонгууль таараад, тэр гайных нь хөлд улсын төсвийг тэрбум тэрбумаар нь элдэв хөшөө, энэ тэрд цацаж дууслаа.  Төсөв тодотгоно гээд л байгаа. Ямар мөнгөө танаж, хэний зардлыг хасах юм, бүү мэд.  Шинэ дарга, сайдууд өрөөгөө тохижуулаад, мөнгө цацаж байна гэсэн сурагтай.  Эдийн засаг элгээрээ мөлхөж, хэцүүдэх нь тодорхой болчихсон.  Ийм үед 77 мянган айл өрх хагас орлоготой бүтэн жил амьдарна гэвэл тэсэх үү.  Гэр бүлийн хоёрын нэг нь хүүхдээ харж таарна. Айл өрхийн орлого тасалдана. Дагаад ямар үр дагаварууд гарахыг тоочоод ч барамгүй. Энэ хүндрэлийг элгээрээ мөлхсөн эдийн засагтай улсын Засгийн газар даах уу.  Бүтэн жил 60, 70 мянган айлд тэтгэмж өгч, хүүхдийн мөнгийг нь 100 мянга хэвээр нь үлдээж чадахгүй нь ойлгомжтой.  Тэдний хэд нь банкны зээлтэй, ганц хүнийхээ орлогын талыг нь өгч байгааг ч бид мэдэхгүй.

Тиймээс эцэг, эхчүүдэд, иргэдэд ажил хийх боломж олгоод, ядаж л нэг ангид 20 хүүхэд ч болов авах хэрэгтэй байна.  Цар тахал аюултай, хамгаалах ёстойг мэдэж байгаа. Гэхдээ л ядаж ажил, орлоготой, хоол, ундтай хүмүүс цар тахлаас сэргийлж, дархлаагаа дэмжиж чадна. Түүнээс биш гэртээ хүүхдээ хараад, гэр бүлээрээ зутарч суугаа хүмүүс тахлаас найдвартай сэргийлэх нь юу л бол. Зүгээр л дотооддоо алдахгүй байх бүх боломжоо дайчлаад, илүү хичээгээд, хэвийн амьдарч болохгүй юу.

ЭХ СУРВАЛЖ: Zaluucom.mn


URL: