АНУ-ын засаг захиргаа “COVID-19”-ийн вакциныг ирэх сараас тарааж эхлэхээр төлөвлөж байна

712-16003007565f62a4777ed6f

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа хүн амын дунд коронавирусний вакцин тараах төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ үйл явцыг 10 дугаар сарын дундуур эсвэл арай хожуу эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Өнөөдөр манай засаг захиргаа вакциныг тараах нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа. Бүх зүйл бэлэн болсон, манай цэргийнхэн аль хэдийнэ зохион байгуулсан, бүх зүйл маш сайн явагдана гэж бодож байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. “Энэ үйл явцыг бид аравдугаар сарын дунд үеэс эсвэл арай хожуу эхлүүлж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
АНУ-д “COVID-19”-ийн вакцин бараг үнэ төлбөргүй байх бөгөөд холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосноос хойш 24 цагийн дараа тарааж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ зөвлөх Скотт Атлас мэдэгджээ. Тэрбээр коронавирустэй тэмцэх Цагаан ордны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан юм. “Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газраас баталснаас хойш эхний 24 цагт вакциныг яаралтай хүргэнэ. Вакцин америкчуудын хувьд бараг үнэгүй байна” гэж Скотт Атлас хэлсэн байна.
“Энэ үйл явц 2021 оны нэгдүгээр сараас хэтрэхгүй байх гэж бодож байна. Энэ бол бидний эн тэргүүний зорилго юм. Вакциныг эрсдэлийн бүсэд байгаа, өндөр настан, онцгой байдлын албаны ажилтнууд, эрүүл мэндийн салбарт шууд ажиллаж буй хүмүүст тараана. Үүнийг аль болох хурдан хийнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх онцлон хэлжээ.
Бусад улс оронд туслах талаар
Трамп мөн АНУ коронавирусний вакцинаар дэлхийн бусад улс оронд тусална гэж найдаж байгаагаа илэрхийлэв. “Эцэст нь бид дэлхий даяар вакцины тусламж үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн Америкийн удирдагч хэлсэн байна.
Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй Их Британи-Шведийн эмийн үйлдвэрийн “AstraZeneca” компанид АНУ-ын эрх баригчид 1.2 тэрбум ам.доллар олгожээ. Үүнээс гадна, Америкийн биотехнологийн “Moderna” компанид 486 сая ам.доллар, “Johnson & Johnson” компанид 456 сая ам.доллар хуваарилсан байна. АНУ-д мөн “Merck” болон “Pfizer” компаниуд коронавирусний вакциныг бүтээж байгаа юм. Вашингтоны засаг захиргаа  эдгээр төсөлд нийтдээ 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: