Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод “толгой хорогдох уу”

13838

Ард түмэн болон улстөрчид амьсгаа даран хүлээж суудаг том сонгуультай жилийн отгон нь ирэх сарын дундуур болох гэж байна. УИХ-ын сонгуулийн дараахан явагддаг. Ирэх дөрвөн жилд сум, дүүрэг буюу нэгжийн түвшинд өөрсдийн эрх мэдлийг тогтоож “хөл”-өө бэлдэх стратегийн хувьд маш чухал сонгууль бол орон нутгийн сонгууль.

Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод “толгой хорогдох уу”

Намын даргаа хөөсөн АН-ынхан сонгуулийн дараа намын даргынхаа “Шонхор таувэр”-ээс зөрөөд хөөгдсөн. Тэгвэл байргүй болчихоод байсан АН-ынхан ашгүй нэг юм байртай болсон таатай мэдээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дууллаа. Намд нь хамааралгүй надад бол сайхан мэдээ. Даанч намын нөхөд нь АН-ын шинэ байрыг тун таагүй хүлээн авч байгаа бололтой. Хаа сайгүй цамнасан хүмүүс л байна. Харамсалтай нь дахиад нэг таагүй мэдээ дуулгахад Ардчилсан нам Л.Болдын зөвхөн байранд биш, бүр Л.Болдод “толгой хорогдох” тухай ч яригдаад эхэлчихжээ.

Угаасаа орон нутгийн сонгуульд Л.Болдын намыг түшиж оролцохоо АН зарласан. Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх эргээд намдаа орчих ч юм бил үү. Ер нь зарим эх сурвалжууд Л.Болд, Ж.Батзандан нарыг буцаад АН-даа элсэх тохироог Ерөнхийлөгчтэй хийсэн гэх яриаг дэлгээд л байгаа. Тэр ч байтугай мань хоёрын нэг нь ирээдүйд АН-ын дарга болох юм дагуу даа. Өмнө нь АН-ын шинэ дарга тодрохоос өмнө “Шонхор” таувэрт нь очоод л С.Эрдэнэ намын дарга болох юм байна гэдгээ элчилж байсан. Тэр жишээгээр энэ удаад Л.Болд АН-ын шинэ дарга болохыг үгүй гэх газаргүй. Хэрвээ хоёроос нэгийг нь АН-ын даргаар сонгох муухай сонголт надад тулгарвал би лав нүдээ аниад Л.Болдод өгнө. Нөгөөхөө бодвол намаа мэднэ, улстөрд олон жил явсан, ардчиллын тэргүүн лидерүүдийн нэг. Буруу хүндээ шавь орчихсон болохоос биш намын нөхөд нь Л.Болдыг давгүй “нуруутай”, АН дотроо арай дөнгүүрүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм шүү.

Гэхдээ арай ч үгүй байлгүй дээ, Хэрвээ ийм зүйл болчихвол АН ингэж доошоо орох ч гэж дээ. Үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд намаа аваад явчих залуу, дунд үеийнхэн нь хаашаа зугтаачихаад, хашааны завсраас хараад зогсоод байгаа юм бэ. Энэ нам чинь бүр сүйрлээ.

Намаа авах гэсэн Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хангалттай барьцаа авлаа

Ямарваа нэгэн сүйрэл бүр учир шалтгаантай байдаг. АН-ын сүйрэл ч гэсэн адилхан. АН тэргүүтэй улс төрийн хүчнүүд өдий хүртэл нэг л хөлөө олж өгөхгүй байсаар орон нутгийн сонгуулийг угтах бололтой. Өдийд уг нь намынхаа дотоод асуудлаа шийдвэрлэчихсэн. Ялагдсан бол шинэчлэлийнхээ салхийг бүрэн гүйцэд салхилуулж дуусчихаад сонгуульдаа орж байх ёстой. Гэтэл хуучин лидер гэж өөрсдөөрөө омогшдог нөхдүүд нь намаасаа салж хагацаад явчихсан. Шинэчилж байгаа, бодлогоо дахин зангидаж байгаа гэсэн нөхдүүд нь өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй нэг тийм марзан байдалтай л байсаар байна. Үүнийг нь харсан дунд үеийнхэн нь хувиа хичээгээд элдэв хонгилоос айж зугтаад НИТХ-дээ ч дахин нэр дэвшихээс эмээсэн байдалтайгаар өнөөдрийг хүрлээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа намаа удирдаж оролцсон С.Эрдэнэ сонгуулийн дараа “Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө хамтран нэг баг болж чадаагүй, том боломжийг бид алдлаа” гэж мэдэгдэж байсныг санацгааж байна уу.

Тийм ээ, АН-ын өнөөдрийн энэ дотоод, гадаад ялагдлын учир шалтгаан нь намаа авах гэсэн Ерөнхийлөгчийн эрмэлзэлтэй шууд холбоотой. Ерөнхийлөгчийн албан тушаалын хамгийн эгзэгтэй үе яг одоо Х.Баттулгад ирээд байна. Хэрвээ тэр ирэх жилийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол улс төрийн замналынхаа төгсгөлийн бүлэг рүү хүчээр орно. Учир нь Ерөнхийлөгч болно гэдэг улстөрч хүний хувьд тайзнаа хамгийн тодоор, хамгийн сүүлийн удаа гэрэлтэж чадах мөч. Хэрвээ ялагдвал намдаа ч, улс төрд ч дахин эргэж чаддаггүй. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бол үүний хамгийн том жишээ. П.Очирбат гуай бол угаас улс төрд шилдэг “тоглогч” байгаагүй. Бусад нь бол хүсээгүй байхдаа, цаг нь болоогүй байхдаа Ерөнхийлөгч болсныхоо төлөө хүчээр улс төрөөс явсан хүмүүс. Тэд одоо буцаж орж ирэх гэж яаж ч хичээгээд улстөрчид болон ард түмэн тэдэнд боломж болгохгүй. Хамгийн тууштай яваа Н.Энхбаярын улс төрийн шинэ замналыг ямар явааг хар л даа.

Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч ирэх жилийн сонгуульд АН-аа авч байж л орохгүй бол ялагдах магадлал өндөр. Монгол ялначууд нь 4 жилийн өмнөх шиг байхаа больсон. Ерөнхийдөө юм үзэж, нүд тайлаад аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах нь багасаад байгаа ажиглагдсан. Тиймээс яалтчгүй нам түүнд хэрэгтэй.

Хэрвээ С.Эрдэнэ намаа сонгуульд амжилттай удирдаад орчихсон бол Ерөнхийлөгчийн сонгуульд өөр хүн нэр дэвшүүлнэ гэж магадгүй л тэрслүү нөхөр. Дээрээс нь өөрийнх нь биш, хүний бүтэц, хөлөөр сонгуульд оролцвол түүн шиг том эрсдэл гэж байхгүй. Тиймээс өнөөдрийн АН-ыг унах доод цэгт нь тулгаж байгаад шинэчлэл хэмээн малгайн дор өөрийн хүмүүсээ намын удирдлагын түвшинд томилуулж, улмаар бүхлээр нь АН-ыг өөрийн болгох шатрын нүүдлийг тэр хийж байна.

Энэ нь ч амжилттай хэрэгжиж буй бөгөөд Нийслэлийн намын даргаар өөрийн хүн гэгддэг зөвлөх Б.Пүрэвдавааг томилуулчихлаа. АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар мөн л өөрийн залуухан зөвлөх П.Нүрзэдийг тавив. Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ц.Тувааныг өнгөрсөн өдрүүдэд орон нутгаар хийж буй айлчлалууддаа дагуулаад яваад байгаа анзаарагдсан. Мөн фракцийнхаа эртний нөхөр “бидон” Ганбаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгочихсон гээд орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч хангалттай хэмжээгээрээ АН-ыг гартаа “авсан”. Одоо барьцаа нэгэнт авсан хойно тонгорох газраа тонгороод, татаж босгох цагтаа татаж босгоод явах байх.

Магадгүй мань хүн хүсвэл Л.Болдыг АН-ын сунгаа гэх “жүжигт” оролцон тоглуулаад АН-ын шинэ даргаар томилуулчихыг ч үгүйсгэхгүй. Учир нь тэр нэгэнт барьцаа хангалттай авчихсан.

АН орон нутгийн сонгуульд явбал Ерөнхийлөгчид сайн, ялагдвал бүр сайн

Орон нутгийн сонгууль гэдэг бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том бааз суурь. Үүнийг мэдэхгүй улстөрч гэж байхгүй. Миний бодлоор намаа авч буй Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн сонгуульд явбал сайн. Ялагдвал бүр сайн болчихоод байна. Учир нь ялж гэмээн өнөөдрийг хүртэл өрсөн намын өрөг дээрээ жаахан эсэргүүцэлтэй тулгараад л хүссэн томилгоогоо хийгээд дуусгачихна. Хажуугаар нь ирэх нэг жилийн турш төрийн бүхий л үйл ажиллагааг тэр хүссэн хэмжээгээрээ анхан шатан дээр нь замхруулна. Ингэснээр эрх барьж буй МАН-ын улстөрийн рейтинг суларч түүнд давуу талыг авч ирнэ.

Хэрвээ ялагдчихвал асуудал бүр амраар шийдэгдэнэ. Шинэчлэл, өөрчлөлт, намаа ялалтад хөтөлнө гэх лоозон дор хэнээс ч эсэргүүцэл амсахгүйгээр АН-ыг бүхлээр нь “эзлэх” болно. Анхан шат яах вэ, угаасаа өнгөрсөн сонгуулиар анхан шатны бараг л бүх газар МАН ялчихсан л байсан. Тиймээс 160 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй АН-аа л бүхлээр нь өөрийн болгох нь түүнд дэндүү ашигтай.

https://www.facebook.com/Tur.mnMongolia/posts/2074430829359394?__tn__=K-R


URL: