Урлагийн халуун сэдэв хайр байсан, байсаар ч байх биз ээ.
Хайрыг хэдэн талаас нь, ямар ч өнцгөөс, яаж ч дуулсан барагдах биш дээ. Хайрын гайхамшиг үүндээ л байх. Тиймээ Анна ч гэсэн хайрын нэгэн өнцгөөс авирсан. Хүмүүний хайр хэдэн зуун жил өнгөрсөн ч энэ л хэвээрээ гэдэгт итгэнэ. Лев Толстой, Есенин, Пушкин, Шекспир, Нацагдорж гээд өөр хэн ч бай, аль ч цаг үеийн зохиолчоос уран бүтээлийн хамгийн амтат “хоол” тань юу вэ гэвэл хайр л гэх нь тод. (зөвхөн зохиолч биш л дээ)
За энэ яах вэ… Анна руугаа оръё. 130 жилийн өмнөх Анна өнөөгийн “Анна”-уудаас юугаараа ялгаатай гэж… Тэгэхээр нэг л ялгааг хүсэж би театрт очсон, хүлээсэн бас догдолсон. Энэ бол тавилт. Ромео Жульетта, Фауст, Отелло, Гамлет … дэлхий даяар, хүмүүний оюун санаанд оршсон олон дүрийг өнөөдөр захын хүн мэднэ. Харин хэн, хаанахын тайзнаа чухам яаж тавьж вэ гэдгийг л эрэн хайж үзэх цаг болсон. Би Паараагийн (найруулагч Наранбаатарын) олон жүжгийг үзсэн. Аргадаж, эвийлж тавьсан жүжиг бас байдаг л юм. Харин энэ удаа бол ёстой нэг “аархаж” тавьжээ, базарваань гэж. Хасах хасахын нэмэх гэж нэг теорем математикт бий. Сайхнаас сайхныг харах нэг хэрэг. Харин муухайгаас сайхныг харах, сайхныг гаргах гэдэг өөр хэрэг. Энэ бол бурхны хишиг гэлтэй. Анна Каренина жүжиг Паараагийн хэн болохыг харуулав уу, эсвэл хэн болохоо Паараа Анна Каренина-гаар харуулав уу. Төгсгөлийг яаж хийх бол нилээн хүлээлт (анаа ккк) байлаа. Гэтэл Паараа Аннаг биш Аннагийн хувь заяаг шийтгэж орхих нь тэр. “Хайр Паараа” гэж түүнийг талийгаач Баатар найруулагч хочилсон гэсэн. (сэтгүүлч Ганчимэгтэй ярилцсан ярилцоагыг уншсан) Нээрээ л хайр юмаа, Паараа… Зохиолын өгүүлэмж, хэлэх санааны талаар би юу хэлэх вэ дээ. Энэ чинь Лев Толстой шүү дээ. Өнөөдөр л гэнэтхэн ойлгосон хүн болох нь онигоо талдаа биз. Аннаг яв ягаан даашинзтай ирээрэй гэж Кити өөрийнхөө нэрэмжит цэнгүүнд урих авч Анна тас хар даашинзтай ирж, аль хэдийн цогцолсон хайрын дундуур санаандгүй орчихно. Дараа нь цав цагаан даашинзтай Анна хав хар гутамшгаар даруулна. Хожмоо тас хар даашинзтай ирж хорвоо ертөнцөөс хагацна. Анхнаасаа л улаан даашинзтай байсан Долли эцэстээ мөн л түүнтэйгээ, амьдрал нь ч бахь байдгаараа… Ягаахан даашинзтай асан Кити хожим өнгө өнгийн цэцгээр дүүрсэн даашинзтай зогсох… Вронскийд адгийн муухайгаар хаягдсан Китигийн амьдрал нь тэгтлээ сайхан цэцэглэжээ. Аа яа яа, Болио ч дээ Паараа, элемент бүрийг ингэж ширхэгчлэн бодох гэж…. Аннаг “уучилж шийтгэх” Алексей Каренин… Гэсэн ч үл тогтох Аннагийн сэтгэл “Нэг зовлонгоор нөгөө зовлонг солихоо жаргал хэмээн андуурах”-ын жишигт цанхаална.
Уурын галт тэрэг шиг хахир хатуу, хүйтэн хөндий, уур уцаартай энэ амьдралд хэн нэгэн хөлд үрэгдэж\үхэж жүжиг эхэлсэн. Хэн нэгний үхэл Анна Вронский хоёрыг харц тусахын шалтагт ээрүүлж, шаналант жаргалын үүдийг нээсэн шиг Аннагийн үхэл ч бас ямархан хоёрыг учруул, зовлонгийн харанхуйд өчүүхэн лаа шиг жаргал атгуулаа ч билүү хэн мэдлээ. За за, олон үгээр яах вэ, үнэхээр бардаж хийжээ… Зохиолыг жүжгийн зохиол болгосон Н.Пүрэвдагва ахад гүнээ талархав.
Жүжигчид: (цол гуншинг орхив) Цэрэндагва, Сувд, Сарантуяа, Жаргалсайхан, Урнаа, Оюундарь, Баясгалан… Театрыг нуруундаа, сэтгэлдээ, итгэлдээ тээж яваа өнөө цагийн “бурхад”. Эд байхгүй бол яах бол гэж бодож яахан болох. Гэхдээ л байхгүй бол яана вэ… Гол дүрийн Баярмаа. Сэргэлэн. Сайхан жүжигчид өсөн өндийж, өнөө цагийн үүргийг нуруундаа үүрэх итгэл найдварыг даах нь тодорхой болов.
Цаг цагийн залуу жүжигчид… Тэд байх ёстой газраа, хийх ёстой бүхнээ жор тунг тааруулах нь гайхамшиг.
Хөгжмийн найруулга супер… Дүрүүдийн сэтгэлийн дотоод өнгийг, нөхцөл байдлын ая данг хөгжимгүйгээр хэрхэн ойлгох билээ дээ.
Ямартай ч нэг хэсэгтээ л сэтгэл дүүрэн, орчлонг бяслаар харах шалтгаан нэгээр нэмэгдэв. Уран бүтээлчдэд, тэр дундаа Найруулагч Наранбаатарт машид ихээр талархав. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Дараа дараагийн бүтээлийг тэсэн ядан хүлээнэ…
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
URL: