Мэдээллийн ХЭТ АЧААЛЛААС тархиа хэрхэн аврах вэ?

info-overloadЦар тахалтай хамт эхэлсэн хямралын давлагаа биднийг байнгын айдас, хүйдэст автуулж байна. Сэтгэл түгшээсэн мэдээ, цуурхал өдөр тутам биднийг анаж  байдаг. Солиорохгүйн тулд энэ нөхцөл байдалтай зохицохоос өөр аргагүй. Мэдээллийн хэт ачаалал гэж юу вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Мэдээллийн хэрэглээг хүнсний хэрэглээтэй харьцуулах болжээ. Эрүүл хүний ходоод байнга хязгааргүй хэмжээний хоол хүлээн авч чаддаггүйн нэгэн адил тархи ч мөн илүүдэл мэдээлэл, ялангуяа, сэтгэл түгшээсэн мэдээллийн урсгалыг боловсруулж дийлдэггүй байна.

Контентын хэт илүүдэл бүх талын асуудал үүсгэх аюултай. Ажлын бүтээмж, эрүүл мэндийн байдал, ойр дотнынхонтойгоо харьцах харилцаа дорддог байна. Судлаач Нейд Постман 1990-ээд оны дунд үед ийм байдлыг тодорхойлох “мэдээллийн хордлого /infoxication/” гэх нэр томьёог  гаргаж ирж байжээ.

Хэт ачаалал шинэ хэлбэрийн хувьд

АНУ-ын эрдэмтэд орчин үеийн хүний авч буй мэдээллийн хэмжээ нь 174 сонины агуулгатай тэнцэнэ гэсэн тооцоог 2011 онд гаргажээ. Мэдээж хэрэг энэ нь сониныг үг үсэггүй уншина гэсэн үг биш. Эсрэгээр мэдээллийнхээ ихэнх хэсгийг бидний анхаарлыг татсан, сэтгэл догдлуулсан мэдээллүүдээр дамжуулан авч байдаг аж.

Бид өдөр тутам мэдээллийг тонн тонноор хүлээн авч, үүнд нарийн технологиуд оролцдог. Ингэхдээ мэдээг бидэнд бус хийсвэр хэрэглэгчдэд зориулж бүтээдэг байна. XIX зууны ямар ч тариачин “явдаг” нэвтэрхий толь байжээ. Бидний нүдээр харахад тэр энгийн зүйлсийг ч мэддэггүй. Гагцхүү түүний мэдлэг нь гол төлөв өдөр тутмын ахуйн хэрэгцээтэй нь холбоотой байжээ. Энэ бүх мэдээллийг тэр эргэн тойрноосоо л авдаг байв. Тэр ахмад үеийнхээсээ аж ахуйгаа эрхлэх мэдлэгт суралцаж, шар айрагны ард нөхөдтэйгээ хошигнож, үзэсгэлэн худалдааны үеэр алс холын орон, хотуудын тухай сонсож, сүмд хорвоо ертөнцийн талаар олж мэддэг байв.

Харин ХХ зуунд мэдээлэл бүтээх, түгээх боломж хязгааргүй тэлжээ. Үүнтэй зэрэгцэн мэдлэг, боловсролтой хүний тоо ч өсөв. Мэдээллийн үйлдвэрлэл бие даасан салбар болов. Гүн ухаантан Элвин Тоффлер орчин цагийн хүн харилцаа холбооны мэргэжилтнүүдийн бүтээсэн мэдээг уншин, сайн найруулсан кино үзэж, бэлтгэсэн илтгэл сонсож, сторителлингийн хуулиар бүтээсэн нийтлэл уншиж байна гэж бичиж байжээ.

Энэ салбарын өрсөлдөөн хүний анхаарлын төлөөх тэмцлийг төрүүлэв. Секунд бүрийн төлөө төлбөр төлдөг сурталчилгааны мэргэжилтнүүд хамгийн богино хугацаанд янз бүрийн мэдээллийг багтаах гэж хичээнэ. Ийнхүү орчин үеийн хүн мэдээллийн байнгын бөмбөгдөлтөд өртөж байна.

Орчин цагийн технологийн ертөнц, түүний зохион байгуулалт, оршин тогтнох логик нь мэдээллийн хэт ачаалын гол шалтгаан гэж Тоффлер үзэж байна. Ийм ертөнцөд дасан зохицоход тусгай механизм шаардлагатай.

Довтолгоонд өртсөн тархи 

Мэдээллийн давлагаанд өртөхөд бидэнд юу тохиодог вэ? Үүнд хариулахын тулд тархи болон түүний хариу үйлдлийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Судалгаанаас үзвэл мэдээлэл бидэнд хор хөнөөл учруулж болох дор хаяж хоёр нөхцөл байдаг аж.

Хүний тархи хүнд шийдвэр гаргах, задлан шинжлэхэд сул бол хүчтэй тал нь дүгнэлт хурдан хийх, мэдрэмжийн урсгалд утга учрыг нь автоматаар эрэн хайх чадвар. Бидний өвөг дээдсийн амьдрах чадвар нь хариу үйлдлийн хурднаас шалтгаалдаг байсан. Тиймээс бидний анхаарал ер бусын, чанга эсвэл тод зүйлд амархан сарнидаг байна.

Айдсаас дөжрөх хүртэл

Мэдээллийг авсан шиг хурдан боловсруулах боломжгүй байдлаас үүдэж үүссэн стресс бидний бие организмд янз бүрээр нөлөөлдөг байна. Хамгийн элбэг тохиолддог нь анхаарал сулрах, ядрах, тайван бус байдал, уур уцаартай байдлаар илэрдэг байна. 1990-ээд онд сэтгэл судлаач Дэвид Льюис “мэдээллээс ядрах хам шинж” гэсэн нэр томьёо хүртэл гаргаж байжээ.

Хүн эхэндээ шинэ мэдээллийг донтон хайж эхэлдэг ба зогсож чаддаггүй байна. Улмаар нойр муудаж, айдаст автаж эхэлдэг. Ямар нэгэн зүйлийг анзаараагүй өнгөрсөн байх вий гэж бодож, санаа нь түгшинэ. Гурав дахь үе шатанд бодож, боловсруулсан шийдвэрээ гаргах чадвар нь сулардаг аж. Улмаар задлан шинжлэх чадварын саажилт үүсдэг. Энэ үед хүний “үйлдлийн ой санамж” хэт дүүрч, ерөнхий дүр зураг илүү нарийн болж, шийдвэр гаргах боломжгүй болно. Ийм байдал хурд шаардсан онцгой нөхцөл байдалд ноцтой асуудал болох талтай. Зарим үед эсрэгээр хүн төлөвлөхөө больж, сэтгэл хөдлөлөөр гэнэтийн үйлдэл гаргаж эхэлдэг байна.

Мэдээллийн хэт ачаалал байнгын шинжтэй болоход хүний зан байдалд нөлөөлдөг байна. Сэтгэл судлаач Стэнли Милгрэм энэ байдлыг “гэрчийн эффект” гэж нэрлэжээ. Том хотын оршин суугчид илүүдэл мэдээлэл, бодлоос өөрийгөө хамгаалахыг хичээдэг. Тиймээс тэд хажууд байгаа хүний бие муудахыг анзаарахгүй эсвэл ач холбогдол өгөхгүй байх нь бий.

Түүнчлэн хэт ачаалал стереотип бүрдэхэд нөлөөлдөг. Бидний тархи маш залхуу тул боловсруулах мэдээллийн хэмжээг багасгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байна. Албан тушаалтан, цагдаагийн алба хаагч бүрийн сэтгэл зүйг задлан шинжлэх шаардлагагүй. Энэ мэргэжлийн бүлэгт багтаж байгаа л бол ерөнхий нэг зан чанартай байна гэсэн энгийн схем.

Эмзэг бүс 

Хэдийгээр бид бүгд ямар нэг хэмжээгээр хэт ачаалалд өртдөг ч мэдээллийн урсгалд живэхэд хүргэдэг сэтгэл зүйн онцлогууд байдаг аж.

Тодорхойгүй байдал нь хамгийн тааламжгүй байдлын нэг. Тодорхойгүй байдал нь тодорхой муу мэдээнээс ч дор гэж үздэг хүмүүс бий. Тодорхойгүй байдлыг мэдрэх нь тархинд ямар нэгэн зүйл хэвийн биш байна гэсэн дохио өгч, тархи асуудлыг шийдэхийн тулд мэдээлэл хайж эхэлдэг байна. Гэтэл боловсруулах мэдээлэл хэт их учир оновчтой мэдээллийг байнга эрэлхийлэх нь үед урам хугарах, сэтгэл илүү ихээр түгшихэд хүргэдэг байна.

Өөрийн үзэл бодлоо батлах оролдлого нь өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилтэй ижил мэдээлэл хайх хандлага юм. Тодорхойгүй байдал их байх тусам бид өөрсдийнхөө мэдрэмжийг зөвтгөхийн тулд мэдээлэл идэвхтэй хайж эхэлдэг байна.

Тоон орчинд нэг мэдээллээс нөгөөд шилжих явц анзаарагддаггүй. Хүн энэ үйл явцад автаж, зогсож чаддаггүй. Улмаар цаг хугацааг мэдрэхээ больдог байна.

Чухал мэдээллээс хоцрох айдас нь нийгмийг дуурайх хүслээс эхтэй. Чухал мэдээллээс хоцорч, ганцаардах вий гэсэн айдас мөн сэтгэцийн асуудлыг илтгэдэг байна.

Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Тоффлерын хэлснийг дахин нэг саная. Бидний мэдээллийн орон зайг өөр хүмүүс бий болгодог. Тэдний зорилт биднийхтэй нийцэх албагүй. Ийм нөхцөлд хүн өөрийнхөө орон зайг хянах л чухал гэнэ.

“Зохион байгуулалттай ухамсар” номд нейробиологич Дэниел Левитин бидний тархи нэгэн зэрэг олон зүйлсийг тогтоох шаардлага гарахад их хэмжээний энерги зарцуулдаг гэж бичиж байжээ. Нүдэнд харагдаж буй зүйлс дурсамж төрүүлж, анхаарал сарниулдаг байна. Эмх замбараагүй байдал цусан дахь стрессийн кортизол дааврын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Левитин анхаарал сарниулж буй зүйлсийг аль болох нүднээс далд байлгахыг зөвлөж байна.

Богино хугацааны ой санамж зөвхөн хэрэгтэй зүйлсээ хадгалдаг жижиг хайрцаг гэсэн үг. Гэвч яг одоо санах шаардлагагүй мэдээлэл үе үе орж ирдэг байна. Сонирхолтой нийтлэл, дүрс бичлэг, нүдэнд туссан пост г.м. Энэ нь хэт ачаалалд хүргэж, анхаарал сарниулдаг. Үүнтэй тэмцэхийн тулд мэргэжилтнүүд мэдээллийг авсан даруйдаа одоо хийх ёстой, хойшлуулж болох гэж ангилахыг зөвлөж байна. Ингэхийн тулд тусдаа файл нээх эсвэл тэмдэглэл хийх боломжтой аж.

Үүнээс гадна ихэнх ухаалаг утас хэрэггүй мэдээллийг цэвэрлэх тусгай үйлдэлтэй байдаг. Мэргэжилтнүүд үүнтэй ижил өөрийнхөө тархийг цэвэрлэхийг зөвлөжээ. Үүний тулд йог, биеийн тамираар хичээллэх нь тархийг амраадаг байна. Агаарт алхах, энгийн яриа мөн тус дэмтэй. Тэр үед тархиа чухал ажил, бодлоос чөлөөлөх ёстой.

Нийгмийн сүлжээг ашиглаж байхдаа санамсаргүй орсон сайтын мэдэгдэл /notification/ авах тохиргоог идэвхжүүлдэг. Ингэснээр бидний мэдээллийн орон зай хаалгыг нь байнга тогшиж байдаг айл шиг л болдог. Тиймээс мэргэжилтнүүд зөвхөн өөрт хэрэгтэй, баттай мэдээлэлтэй, жинтэй зөвлөгөөтэй мэдээллийн эх сурвалжийг сонгохыг зөвлөж байна.


URL: