“Тогны мөнгө”…

10407660_841265892589388_6882053411356235638_nМонгол хөгжихөд хамгийн их саад болж байсан, байгаа, байсаар байх магадлалтай зүйл юу болохыг хөх толбот, тэнгэр заяат, Чингисийн удамт, боржигон овогт Монгол хүн та юу гэж бодож байна. Ардчилал, МАНАН, Эби, #1, Женко, Миеэ, Хүүк, Оюук, барууны колончлогчид, неолибраалистууд, хужаа нар…”орос ах”.

20-р зууны Монголын түүх бол эх орон, газар шороо, тусгаар тогтнолын тэмцлийн түүх байлаа. Эх оронч тэмцэгчид, эрдэмтэн мэргэдийнхээ халуун амь, бүлээн цус, эрдэм чадал, эр зориг, авхаалж самбааны хүчээр бид туурга тусгаар, алтан соёмбот хилийн баганатай Монгол улсыг өвлөж авсан. Харин 21-р зуунд бид эдийн засгийн тусгаар тогтнолоо олж аваад үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөө бидний үеийн эрхэм үүрэг болоод байна. Эдийн засгаа сэргээн мандуулж, ОУВС, АХБ, ДБ-ны “ногоон”, урд хөршийн түрүүвч, хойд хөршийн салаавчнаас салж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд бүхний түрүүнд бидэнд үйлдвэр хэрэгтэй байна. Юунд доллар үрж байна түүнд зориулж үйлдвэр барих хэрэгтэй байна. Бидэнд юу л байна түүхий эд байна. Нүүрс, зэс, алт, газрын тос, уран, төмөр, фосфор, ховор элмээнтүүд…
Гагцхүү бидэнд ганц л юм дутуу байна. Цахилгаан, цахилгаан бас дахин цахилгаан. Монголын баялаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл 22-р зуунд Азийн баруудын дээгүүр Монгол хөх чоно улин харайх боломж байна.
Боломж үргэлж л байдаг л даа. Ашиглах уу, үгүй юу л болохоос л. Хойд хөрш дэлхийн “сатаарлыг” сайхан ашигладаг. Бид ч гэсэн хөршийн сатаарлыг зарим зүйл дээр ашиглаад үзэхэд яавал гэж. Сайхан боломж байдаг юм шүү, олдвол бүү алдаарай.
Эдийн засгаа босгохын тулд бидэнд үйлдвэр хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Үйлдвэр ажиллуулхын тулд бидэнд цахилгаан хэрэгтэй гэдгийг бас дахин хэлье. Цахилгаан үйлдвэрлэхийн тулд бидэнд цахилгаан станц хэрэгтэй. Цахилгаан станц барихын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй болохын тулд бид цахилгааныхаа мөнгийг төлөх хэрэгтэй байна. Маргааш лааны гэрэлд суухгүйн тулд, фэйсбүүкээр хэрүүлээ хийхийн тулд, утаагүй Улаанбаатарын төлөө, үр хүүхдийнхээ, улс орныхоо төлөө өндөр үнэтэй ч хамаагүй “ишчоошигныхоо” заалтын дагуу тогныхоо мөнгийг өгөх хэрэгтэй байна. Дээр үеийнхээр бол хазайлгасан тоолуураа тэгшил, дээр нь наасан соронзоо ав. Төр засаг шийрэгнээд байлгүй эрчим хүчнийхээ үнийг чөлөөл. Бид ч гэсэн гоношигноод байлгүй хэрэглэсэн тогныхоо мөнгийг төлцгөөе. Ер нь ажаад байхад Монголчууд амин чухал зүйлдээ мөнгө зарах дургүй юм. 3000 төгрөгний газтай ундаанд мөнгө хайрлахгүй мөртлөө шээх болохоороо жорлонгийн 300 төгрөгөнд татганана. Эвдрэлтэй замаар явах дургүй атлаа замын постны 1000 төгрөгөнд ундууцна. “Хор” болох уушинд хотойхгүй ч хогныхоо мөнгөнд горойно. Төрсөн биендээ төгрөг ч зарахгүй байж төмөр машиндаа түрүүвчээ сэгсэрнэ. Төрүүлсэн үрдээ төрөл бүрийн “хор” авч өгдөг мөнгөө цэцэрлэгийнх нь хоолонд авья гэхээр төр, төр, төр хүүхдүүдээс аяга хоол харамлалаа гэнэ. Эрүүл мэндээ лам, бөөд даатгачихаад эцэст нь хохирч эмчид уураа гаргана. Ганц өдөр тог тасрахад цэнэггүй утсаа цээжиндээ тэврээд гасалж суух бөгөөд ганц шил архины үнээр цахилгаан нэмэх болоход газар дээр амьдрах арга алга хэмээн постлоно.
Солонгосчууд улсаа хөгжүүлэхийн төлөө чихэн дэх ээмэг, хуруун дах бөгжөө тайлж байсан гэдэг. Этиопчууд Египетийн олон жилийн эсэргүүцэл, дарамтыг даван туулж УЦС барих мөнгөө бонд гаргаж иргэд нь дэмжин худалдан авч санхүүжилт босгоод УЦС-тай болсон байна. Бид Африкийн энэ улсын эх оронч иргэдээс суралцмаар ч юм шиг.
Эгийн гол урсдаг Хөвсгөлчүүд л гэхэд “Бэлтэс Мөрөн”-дөө хичнээн төгрөг босгож “өгснийг” бодоцгооё. Тэгвэл төр засаг таниас хандив нэхсэнгүй, хуруун дах бөгж рүү тань харсангүй. Хэргэлсэн цахилгааныхаа төлбөрийг л жинхэнэ үнээр нь төлчих гэж байна. Энэ бол маргааш дэнгийн гэрэлд суухгүй шүү гэж төлж буй “гэрэл гэгээ”..
Гэтэл алсын хараа нь 2024 оноос цааш харахаа байсан УИХ-н гишүүд байна. Цахилгааны үнийг нэмбэл ард түмэн сөхрөнө гэжээ. Хэзээ мөдгүй амь тавих гээд “аппаратанд” орсон цахилгаан станцуудын чинь “зүрх” зогсвол Монгол улс сөхрөх бус “сөнөнө” шүү. Зайсанд утаа үнэртэх нь бүү хэл Нямдорж гуайн байрны цонхоор яндан цухуйж ч мэдэхээр ирээдүйтэй болчихоод байна.
Баруун аймгийнхан “хонгилийн үзүүр дэх гэрэл” болсон Эрдэнэбүрэнгийнхээ усан цахилгаан станцыг бариулхын төлөө, ирээдүйн гэрэл гэгээгээ, эрх ашгаа хамгаалж яагаад ганц лоозон бариад талбай дээр ирэхгүй байна. Өөрсдийнхөө “өчүүхэн” эрх ашгаа хамгаалаад “өөрсдөө хүрээд ирсэн” хэдэн малчдаас дор байна шүү, та нар.
Олон улсын Энергийн агентлагийн мэдээлснээр дэлхийд эрчим хямрал нүүрлэсэн гэж мэдээлэв. Дайнаас болж Европт өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Европын холбоо Оросын эрчим хүчний хамаарлаас 2030 он гэхэд гарна гэсэн зорилго тавьж байна. Гэтэл манайхан “ахынхаа доодхыг харж турсаар л”, “ахтайгаа байхад алзахгүй гэж дуулсаар л”. Ер нь хойд хөрш маань хөгжье гэвэл зөвхөн ахтайгаа л хамт хөгжинө шүү гэж “ядуу буурай” дүүгээ янаглан тас тэврэнэ. Төмөр зам барья гэхээр ах нь барилцнаа хө, усан цахилгаан станц барих гэхээр яах юм бэ ах нь цахилгаан станц бариад өгье, газрын тосны үйлдвэр барих гэхээр 100 орос колоонк, уран гэхээр ий хоёр толгойтой ямаа… Аргагүй дээ. Артер, венийн хоёр судас минь “ах” баавгайн саварт байна. Энэ савар улам базахыг хүснэ үү гэхээс тавихийг үл тэвчинэ. Хар хайрцаг нь тийм юм.
Намайг багад манай Хөвсгөл аймагт зундаа “0″ зогсолт гэж хийдэг байлаа. Эмнэлэг лааны гэрэлд мэс засал хийнэ. Орон сууцны гадаа хүмүүс түлээ хөрөөдөнө. Боломжтой газрууд нь хааяа даа “хоондо” мотор асаах боловч бэнзээн бас хомсдоно. Колоонк дээр уртаас урт оочир үүснэ. Өвөлдөө 18-23 цаг хүртэл тог өгнө. Аймгийн урдхан байх эрчим хүчний газраас зүрхний цохилт шиг “түк, түк, түк” хийх чимээ сонсогдож тог ирнэ. Гэрэл ирэнгүүт аймгийн амьдрал бужигнаж эхлэнэ. Тогтой дээр амжуулах ажил их. Гэвч дундаа цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл. Тэр үед лаагаа асаан тойрон суугаад чийдэн рүүгээ горьдон харцгаана.
Ч.Явуухүү
https://www.sonin.mn/news/peconomy/133666


URL: