Э.Макрон Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

712-168982185464b899d63b48aПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон долоодугаар сарын 20-нд Засгийн газарт халаа сэлгээ хийнэ гэж “Agence France Presse” агентлаг төрийн тэргүүний ойрын эх сурвалжаас эш татан лхагва гарагт мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд Элизабет Борн лхагва гаргийн орой Елисей ордонд хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчтэй удахгүй хийх халаа сэлгээний талаар хэлэлцсэн байна. Э.Борн засгийн газрын тэргүүний албан тушаалаа хадгалж үлдэнэ гэж “BFMTV” сувгаар долоодугаар сарын 17-нд мэдээлжээ.
Сайд нарын танхимд халаа сэлгээ хийж магадгүй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсний дараа Францын Ерөнхийлөгч Э.Макрон  Э.Борнд бүрэн итгэж байгаагаа удаа дараа онцолж байсан юм.  Франц даяар томоохон хэмжээний эсэргүүцэл үүсгэсэн тэтгэврийн шинэчлэлийг баталсны дараа Ерөнхийлөгч Ерөнхий сайдад Засгийн газрын үйл ажиллагааг “дахин эхлүүлэхэд” 100 хоногийн хугацаа өгчээ. Энэ хугацаа долоодугаар сарын 14-нд дууссан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL: