Их шуурганы өмнөх нам гүм байдал, сонгуулийн тэсрэлтийн бэлтгэл

Ээлжит бус чуулган өндөрлөснөөс хойш намуудын гадаад идэвхи ерөнхийдөө буурч мөн нам жим байлаа. Их шуурганы өмнөх нам гум байдал гэдэг үгийг санагдуулам.  Сонгуулийн өмнөх нам гүм байдал. Хэн, хаана, яах вэ, намын дотоод асуудалдаа илүү анхаарлаа хандуулсаар. Уг нь өмнө нь бол сонгуулийн жилийн чуулганы завсарлагаанаар битгий хэл хуралдааны үеэр тойрогтоо ажиллахыг илүүд үзэж жижиг сажиг гарын бэлэг бэл бэнчингээ уралдуулан тойргийнхныхоо толгойг эргүүлэх ажлаа хийх сонирхолтой байсан. Хууль шинэчлэгдээгүй байсан бол нэр дэвшихийг горилогсод точиглосон товлосон газраараа өдийд л ид манаргаж явахгүй юу.

Дээл хувцсаа өмсөөд айлын хойморьт тухалчихаад хаврын тарчиг үед дал дөрвөн өндөр чануулж идсэн шиг, ард түмний амьдралын нэвтэрхий толь мэт зүйл ярьчихаад орчин үеийнхний хэлдгээр өөрсдийгөө “энгийн” дээр нь тавьчихаад хөдөө орон нутгийг жийпний тоосоор булж яваа биз. Харин шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулиараа бол мань нөхөд жинхэнэ “хөл хорионд” орсонтой агаар нэг байдалд байгаа. Албан ёсоор сонгуулийн товыг зарлах хүртэл намууд, нэр дэвшигчид аль аль нь чимээгүй л сууж байх учиртай. Тиймээс тэртэй тэргүй тойргийн мандат багассан энэ үед “кансел”дуулна гэж өөрсдийгөө мэдэрсэн хүмүүс бол илүү үйлдэл хийхийн гарз биз.

Харин ардын намынхны тухайд сонгуулийн пиар юу байх вэ гэдгээ “хуульчилж” эхэлсээр байна. Төрийн албан хаагчийн цалин, ахмадуудын тэтгэврийг нэмсэн гээд л яриад эхэлмэгцээ бусад намуудыг бодвол сонгогчдоос мэдээж илүү оноо авна. Дээр нь “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр” -өөрөө хачирлаадирэхээрээтэднийнэрхүнд бүр дийлдэхээ байна биз. Том тоотой хөтөлбөрүүдийнх нь ард олон л сонгогчид байна гэдгийг тэд хэнээр ч заалгахгүй хүмүүс. Түүнчлэн нэгэн үе өвөр түрүүндээ орж явсан АН-ын нөхдийнхөө заримыг алтадсан Намсрай бурхан тараасан сонгуулийн хууль зөрчсөн гэх зэрэг өвсийг нь “толгой дээрээ бухал овоолчихоод” энд тэндгүй ярьж тангарч тонгорохоо мөн л мартахгүй хүмүүс.

Ирэх сонгуулийн тухайд АН-аас гадна Н.Энхбаяртангууд хэмээх жин дарах өрсөлдөгчид байгаа учраас тэд юу ч хийхээс буцахгуй ямар л халамж өгч болох бүгдийг нь тараахаар шийдсэн бололтой. АН-ынхан ч мөн тэднээс дутахгүй л үзэх нь мэдээж. “Монгол хүн 2020″ хөтөлбөрөөр нэрийн хуудас хийж яваа тэдэнд хийх ажил их байгаа биз. Бид хамтарсан Засгийн газарт ийм ажил хийж байсан гэж ярилтай биш. Тэгэхээр юун тухай ярихаа нарийвчлан бодож ” Монгол хүн 2020″ хөтөлбөрийнхөө хүрээнд гадаадад суугаа иргэдтэйгээ ч мөн санал солилцжээ. Ийнхүү эрх баригч намынхан сонгуулийн пиар эхэлмэгц ямар зүйлээр тэсрэлт хийхээ төлөвлөсөөр нам гүмхэн байдалд байна.

Харин МАХН-ынхан эвсэх өдөр ирэх тусам тосны толбо мэт нүүсээр. Олон жил сонгуульд унасан зарим нөхөд Н.Энхбаярыг түшихээс өөр гарцаагүй байдалд орсноо өөрийн мэдэлгүй ярьж эхэлсэн нь мөн л өөрийнхөө амаар үгүйсгэсэн зүйл ярих нь өрөвдөлтэй ч юм шиг. МУНН-ын дарга Б.Батболдын Их хурлынхаа үеэр тавьсан илтгэл өнгөрсөн долоо хоногт жинхэнэ “газар авсан” гэж хэлэхэд болно. Бид зүгээр л нэг буудуулахгүй шүү. Сонгууль будлиантвал зэвсэгт тэмцэл өрнүүлж ч магадгүй” гэсэн эрс ширүүн мэдэгдэл 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг ид мандаж байгаа энэ үед тун цагаа олоогүй сүржигнэл байсан юм.

Б.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.