Зарим их, дээд сургууль босго оноогоо өөрчилжээ
Бүртгэл ирэх сарын 16-нд дуусна
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 1-нд эхэлсэн. Ирэх сарын 16-ны 18.00 цагт дуусна. Өчигдрийн байдлаар 9000 орчим шалгуулагч Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ. Бүртгэлийг онлайнаар буюу тус төвийн www.eec.mn цахим хуудсаар явуулж байгаа аж. БСШУЯ-наас авсан эхний хагас жилийн дүн мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жилд нийт 39184 хүүхэд төгсөнө. Үүн дээр өнгөрсөн оны 3000-5000 орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог урьдчилсан байдлаар
гаргажээ. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг нийслэлийн хэмжээнд 130 гаруй их, дээд сургуульд яриа мэдээлэл хэлбэрээр өгч буй. Харин орон нутагт Боловсрол соёлын газрын дэргэдэх элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ажилтан биечлэн ажиллахын зэрэгцээ 70119498, 70119484 дугаарын утсаар өгч байгаа аж. Мөн www.eec.mn сайтын онлайн туслахаас мэдээллийг авч болно.
Өмнөх онд болон гадаадад сургууль төгссөн хүүхдүүд энэ жилийн төгсөгчидтэй адилхан онлайнаар бүртгүүлнэ. Гэхдээ гадаадад бүрэн дунд боловс¬рол эзэмшсэнийг гэрчлэх дипломоо орчуулгын товчоогоор орчуулуулан БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар аваачин баталгаажуулах юм. Мөн Боловсролын
үнэлгээний төвд уг бичиг баримтаа давхар бүртгүүлэх аж. Шалгалтын бүртгэл жилд нэг удаа улсын хэмжээнд нэг өдөр, нэг цагт эхэлж, нэг өдөр, нэг цагт дуусах тул шалгуулагч сонголтоо зөв хийж бүртгүүлээрэй гэдгийг тус төвийн мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Зургадугаар сарын 8-нд эхний шалгалт
Элсэлтийн ерөнхий шал¬галт өгөх өдрийн тов гарчээ. Эхний шалгалт зургадугаар сарын 8-нд 10.00-11.20 цагийн хооронд орос хэл, химийн шалгалтыг мөн өдрийн 13.00-14.40 цагийн хооронд авах гэнэ. Англи хэлний шалгалтыг мөн өдрийн 16.00-17.20 цагийн хооронд авахаар болжээ. Мөн сарын 9-нд 08.30-9.50 цагт Монгол Улсын түүх, 11.30-13.10 хүртэл математик, 14.30-15.50 цагт биологи, 17.00-18.20- цагт монгол хэлний шалгалт. Маргааш нь буюу зургадугаар сарын 10-нд 8.30-9.50-д газарзүй, 11.30-12.50-д монгол хэл, 14.20-16.00-д физикийн хичээлийн шалгалт юм байна. Математик, физик, химийн хичээлийн даалгавар гүйцэтгэх хугацаа 100, үлдсэн хичээлүүдийнх 80 минут үргэлжлэх аж.
СЭЗДС-ийн босго оноо 620
Монголын их, дээд сургуулиудын консорциумуудаас жил бүр оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Өнгөрсөн жил ихэнх сургуулийн босго оноо 400 байсан бол энэ жил зарим сургууль босго оноогоо өөрчилсөн байна. Тухайлбал, СЭЗДС бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, Батлан хамгаалахын их сургууль сонгосон мэргэжлээсээ хамаарч 520-640 оноо байхаар тогтжээ. Мөн СЭЗДС Сингапур, Солонгост суралцдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжилд англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар журамласан байна. Харин бусад сургуулийн оноо өмнөх жилийнхтэй адил байгаа аж. Үүний зэрэгцээ зарим мэргэжлийн элсэлт
хасагдсан байна. Иймээс их, дээд сургуульд элсэгчдийг мэргэжлээ сонгохдоо бүлэг тус бүрт анхаарч, танилцах хэрэгтэйг зөвлөсөн юм.
МУИС-ийн компьютер график, дизайн, реклам сурталчилгааны менежерийн ангид ур чадварын шалгалт авдаггүй байсан бол өнөө жилээс ур чадварын шалгалт авахаар болжээ. Элсэлтийн хураамжийн үнэ өөрчлөгдөөгүй, 4000 төгрөг хэвээр байх аж. Элсэгчдийн хувьд онооны дагуу мэргэжил сонгохоос гадна сонголтоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг ил тод зарлана хэмээн журамд заажээ.
Л.ЧИНЖАРГАЛ
URL:









