НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлнэ

image-cff43def-fbc0-481d-9030-aac6c0b7ce70Нэгдсэн үндэсний байгууллагаас /НҮБ/ 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрсэн нь “Хүний ​​хөгжлийн чухал үе” хэмээн тодотгож байлаа. Сүүлийн үеийн статистакаар Энэтхэг улс цаашдаа хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх нь тодорхой болжээ.
“Worldometers”-д мэдээлснээр 2024 оны байдлаар Энэтхэгийн хүн ам 1.45 тэрбумд хүрчээ. Харин тус улсын Статикийн яамнаас гаргасан “Энэтхэгийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд” тайланд  Энэтхэг улсын хүн ам 2036 он гэхэд одоо байгаагаасаа 100 саяар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд 60 ба түүнээс дээш насныхан ихэнх хувийг эзлэхийг дурджээ. Мөн судалгааны үр дүнд залуу хүн амын тоо буурч байгаа нь төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотой гэж үзсэн.
НҮБ-ын “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2024″ тайланд Энэтхэгийн хүн ам 2060-аад оны эхээр 1.7 тэрбум орчимд хүрч, дараа нь 12 хувиар буурах боловч энэ зууны турш дэлхийн хамгийн олон хүн амтай улс хэвээр байх болно гэдгийг тодотгожээ. Харин БНХАУ-ын хувьд “Дэлхийн хамгийн олон хүн амтай улс” гэдэг статусаа удахгүй Энэтхэгт өгөх аж. НҮБ-аас 2024 онд 1.41 тэрбум байсан Хятадын хүн ам ойрын 30 жилд 1.21 тэрбум болж буурна хэмээн үзжээ.
Хүн амын өсөлтийн хурд яагаад чухал вэ?
Хүн амын хурдацтай өсөлт нь аливаа улс орны хүнсний аюулгүй байдал, ядуурал, болон ерөнхий хөгжлийн асуудалд тулгарч буй сорилтуудыг хурдасгадаг. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Лю Жэнминий хэлснээр “Хүн амын өсөлт нь ядуурлыг арилгах, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх, эрүүл мэнд, боловсролын тогтолцооны хамрах хүрээг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байна” гэж хэлжээ.
Харин Энэтхэг улсын аж үйлдвэрийн холбооноос саяхан гаргасан тайланд дурдсанаар “Хэрэв Энэтхэгийн хүн ам зүйн ногдол ашгийг үр бүтээлтэй ашиглаж чадвал нийгэм, эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв нь гэрэлтэж, одоогийн ДНБ-ээ 3 их наяд ам.доллароос 2030 он гэхэд 9 их наяд, 2047 он гэхэд 40 их наяд ам.долларт хүрнэ” гэж үзжээ. Тус улсын хүн амын 55 орчим хувийг 30-аас доош насныхан, 25-аас дээш хувийг 15-аас доош насныхан эзэлдэг бөгөөд харьцангуй залуу улс юм.
Гэсэн хэдий ч тэдний хувьд хүн амын өсөлт хурдацтай явагдсанаар залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх төлөвтэй байгаад санаа зовсоор байна.
Эх сурвалж: Independent
Бэлтгэсэн: Д.Халиун

URL: