Жинхэнэ Улсын баатартаа цолыг нь яаж гардуулна даа, Ерөнхийлөгч өө

Хүн төрөлхтний спортын аугаа баяр цэнгэл олимпоос монголчуудын анхны алтан медалийг авчирсан Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын төр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол, тэмдэг хайрласан.

Тэрбээр, дөрвөн жилийн дараа Лондоны тэнгэрт төрийнхөө далбааг ахин мандуулж, мөнгөн медаль хүртсэн түүнийг Монгол Улс хэрхэн үнэлэх бол гэж ард түмэн чих тавьж сууна. Зарим нэг нь “Улсын баатар өгөх байлгүй дээ” гэж байхад нөгөө нэг нь “Олимпийн анхны хошой медальтан болсон юм чинь Хөдөлмөрийн баатар цолыг дахиад өгчихөд болохгүй зүйлгүй” гэцгээж байна. Олимпийн хошой медальтан болно гэдэг хэр баргийн хүнд олдох хувь заяа биш. Н.Түвшинбаярын энэ хувь заяа Монголын хувь заяа.

Монголыг дэлхийд тунхаглах хувь заяатай хүүгээ одоо хэрхэн үнэлэхийг монголчууд хүлээж хариулт нэхэж байна.

Эрхэм Ерөнхийлөгч маань төрийн тэргүүн болчихоод Улсын баатар цол өгөх хүн олдоогүйдээ дотнын анд Э.Бат-Үүлдээ гардуулсан гэх яриа тухайн үед ард түмний дунд өвсөнд тавьсан түймэр шиг тархаж байлаа. Уг нь баатар гэдэг Н.Түвшинбаяр шиг л төрдөг юм байна, Ерөнхийлөгч өө. Таны ч, ард түмэн бидний ч үзээгүй, төсөөлөөгүйг Н.Түвшинбаяр харууллаа. Одоо түүнийг баатар болгоё гэхээр Э.Бат- Үүл, дуучин Д.Болд мэтийн дуурсах гавьяагүй хүмүүсийн эзэн суусан төрийн шагнал, цолыг яаж гардуулна даа Ц.Элбэгдорж минь. Хатаагдсан тамирчин Н.Түвшинбаяртай харьцуулахад Э.Бат-Үүл нэг удаа ч болов хөлсөө дуслуулж, биеэ зовоож ажил хийж үзээгүй цагаан гартан шүү дээ. Дэлхийд бол Э.Бат-Үүлийг хэн ч танихгүй. Ямар сайндаа л манай нэгэн нэрт найрагч “Цус гаргасан хүнд л Улсын баатар өгдөг юм гэнэ билээ. Э.Бат-Үүлийг хаана, ямар цус гаргасан гэж Улсын баатар өгснийг огт ойлгохгүй л байгаа” гэж ярьсан юмдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч анддаа энэ эрхэм цолыг өгөхдөө “Ардчилсан нийгэм байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэллээ” гэж онцолсон.

Хачир дээрээ тэр ардчилал гээчийг тухайн үеийн Монгол Ардын Намын удирдлагууд /хуучнаар бол Улстөрийн товчооны гишүүд/ бусадтайгаа хамтраад уужим ухаан, саруул бодлоор авчирсныг ахмад болон дунд үеийнхэн гэрчилнэ. Үнэн мөн нь түүхэнд үлдэнэ. Ардчилал гэдэг үгээр Э.Бат-Үүлийг аврах гэж хичээгээд ч Түвшээ аваргын монгол түмэнд авчирсан аз жаргалтай зүйрлэх ардчилал байна гэж үү.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, их найрагч Д. Пүрэвдорж агсан Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад гуайн Хөдөлмөрийн баатрын мялаалгын найранд оччихоод “Төр Н.Норовбанзадад өгдөг бүх юмаа өгсөн. Аргагүй Монгол Улсыг дэлхийд таниулсан, энэ хоолойг өөр яаж үнэлэх юм бэ” гэж хэлж байсан юм. Яг үүнтэй ижил Монгол Улсыг хоёр олимп дараалан өргөсөн Н.Түвшинбаяр яах аргагүй Улсын баатар. “Мөнгөн медалийн төлөө бэртээгүй бол алтан медаль ч таных байсан шүү, Түвшээ” гэж монголчууд уухайлж байна. Баатар хүнийг эрж хайдаггүй, олдохгүй болохоор нь баатар цолыг шалбаагт хутгаж болдоггүй юм байна, Ерөнхийлөгч өө. Баатар ингэж л Н.Түвшинбаяр шиг л төрдөг юм байна.

Т.Зүрх

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих