ҮХААЯ-ныхан шаардлага хангаагүй газарт үзэсгэлэн худалдаа дэлгэжээ

75ererwefwefwefЧиг дүүргийнхээ дагуу ҮХААЯ-наас хэд хэдэн газарт үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Цагаан хаяанд ирсэн үед цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь цагаа олсон ажил. Гэхдээ салбар хариуцсан томоохон яам атлаа ажил хийж байна гээд дутуу дулимаг зүйл хийгээд байж боломгүй. ҮХААЯ-наас хэдэн хэдэн газарт үзэсгэлэн худалдаа зохион байгуулсаны нэг нь АСА цирк. Тус газарт гарч буй үзэсгэлэнд ихэвчлэн хүнсний бараа худалдаалагдаж байгаа юм байна.

“Цагаан сар-2013” үзэсгэлэн  энэ сарын 17-нд эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд  НМХГ-аас хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж буй. Тэд цагаан идээ, маханд түүвэрлэн хяналт тавьсан юм. АСА циркэд гарсан үзэсгэлэн худалдаанаас багагүй зөрчил илэрсэн. Хамгийн том зөрчил нь хүнсний бүтээгдэхүүн худалдаалахад зориулагдаагүй газарт хүнсний худалдаа зохион байгуулсан явдал. Өөрөөр хэлбэл, АСА цирк маш хүйтэн бөгөөд энэ хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйд нөлөөлөх хамгийн том зөрчил болж байгаа юм. Нөгөөтэйгүүр иргэд сүү аарц зарж борлуулахдаа хуванцар сав хэрэглэж байв.

Мэргэжлийн хяналтын байцаагч үүнийг буруутгасан. Учир нь хуванцар сав  нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ажээ. Тодруулбал, хуванцар сав нь химийн бодисны хольцтой сүү цагаан идээ хийж болохгүй эд гэнэ. Энд ингэний хоормог, сүү, айраг, аарцыг ихэвчлэн хуванцар саванд хийж өгч байсан. Мөн сүү, аарц, хоормог, айраг зэргийг тав хоногоос илүү хадгалж болохгүй гэх эрүүл ахуйн стандарт байдгийг худалдаалагчид зөрчжээ. Товчхондоо, энд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн бүгд тав хоногоос хэтэрсэн байлаа.

Харин энд зарагдаж буй нөөцийн маханд иргэд ам сайтай байв. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан хэмээн мэргэжлийн хяналтын байцаагч ч сайшаасан юм. Нөөцийн хонины мах килограмм нь 5200, нөөцийн ямааны мах килограмм нь 4100 төгрөг бөгөөд ууц тавьж болохоор чанартай мах харагдсан. Мэргэжлийн хяналтынхны хүнсний эрүүл ахуйн шалгалт “Хар хорин” зах дээр үргэлжлэв. “Хар хорин” захад нийлүүлж буй зарим махыг зориулалтын бус тээврээр тээвэрлэжээ. Хэдийгээр орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагаас авсан гарал үүслийн бичигтэй ч махыг ил задгай машинд ачих нь замын тоос шороонд дарагдахаас эхлээд нян бохир орох магадлал их юм билээ. Үүнээс гадна малыг Налайх дүүргийн түүхий эдийн зах болон эмээлтэд нядлах захирамж бий. Гэтэл махны борлуулагчид хониныхоо сүүлийг гэмтээхгүй гэхдээ махыг арьстай нь оруулж ирсэн тохиолдлууд “Хар хорин” захад гарсан. Мөн зарим махны наймаачид махаа зориулалтын газар өгөлгүй өөрсдөө лангууныхаа ард шулж байлаа. Ямартаа ч цагаан сар дөхсөн эл өдрүүдэд сүү, цагаан идээ, махны үнэ Хар хорин захад дараах ханштэй байна.

Махны ханш

Үхрийн мах-8300-8500 төгрөг/ ястай/

Үхрийн мах- 8800-9000 төгрөг/ цул/

Хонины мах -6100-6300 төгрөг /ястай/

Хонины  мах 7000-7200 төгрөг/ цул/

Адууны мах-5500-5800 төгрөг /ястай/

Адууны мах 6000-6200 төгрөг /цул/

Ямааны мах-5800-6200 төгрөг

Тэмээний мах -5800-5900 төгрөг/ цул/

 

Сүү, цагаан идээний ханш

Ээзгийтэй тос 4000-4500 төгрөг

Хорхой ааруул 3500-4000 төгрөг

Тослогтой бор ааруул 7800-8300төгрөг

Дугуй чихэртэй ааруул 6000-8000 төгрөг

Хэвлэсэн цагаан ааруул 5000-6000 төгрөг

Аарц 1400-1500 төгрөг

Сарлагийн өрөм 5100-5500 төгрөг

Өрмөн тос 5300-5500 төгрөг

Цагаан тос 4000 төгрөг

Тогооны өрөм 9000 төгрөг

Бяслаг ширхэг нь 7500 төгрөг

Шар тос- 8000-9000 төгрөг

Сингапур шар тос-3000 төгрөг

Монгол масло 4000 төгрөг

Орос масло-3000 төгрөг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих