Ажилласан жилээр биш албан тушаалаар цол ахина

цагдаа-Хууль төрөхийн өмнө-

Цагдаад цолны эрэм­бээр хүндлэл гэж бий. Энэ нь хурандаа цолтойг нь хүндэлж “тал засдаг” гэ­сэн үг биш. Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, хэв журам сахиулахад за­луу, халуун насаа зориул­сан өвгөн хурандаа нарыг хүндэтгэх тухай ярьж бай­на.

Амаргүй албандаа амь насаа зориулах тангараг­тай цагдаа харин энэ удаа удирдах албан тушаалд очсон эсэхээсээ хамаарч хүндлэл хүлээх нь. Цаг­даагийн албаны болон Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуу­лийн төсөлд зааснаар албан тушаал дагаж цол олгодог болох юм байна.

Тодруулбал, нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлт­сийн дарга болвол цагдаа­гийн хурандаа цол зүүнэ. Харин нэгжийн дарга бол  ажилласан жилээсээ ха­маарч хошууч, ахмад цол­той болох гэнэ. Мэдээж ахлах дэслэгч, дэслэгч гээд цол бүр өөрийн гэсэн месттэй. Энэ нь  олон жил үр бүтээлтэй ажилласан хугацаагаасаа хамаарч цол авахгүй гэсэн үг. Дээ­рээс нь гэмт хэрэг илрүү­лэх, мөрдөн шалгахад онц­гой гавъяа байгуулсан, бусдыг аврах хамгаалах баатарлаг үйлс бүтээсэн ч гэсэн хурандаа цол олгох­гүй. Зөвхөн газар, хэлт­сийн дарга болвол хуран­даа хэмээх хүндтэй цолыг зүүх заяа тохиох юм байна.

Хамгийн хачирхалтай нь, удирдах албан тушаалаа­саа буувал хурандаагийн мөрдсөө өгөөд ямар албанд очихоос хамаарч өөр цол авах гэнэ. Үүнийгээ хуу­лийн төсөл санаачлагч нь ажил хийдэг нь албан ту­шаал хаших цэвэр өрсөл­дөөн гэж онцлох юм билээ. Яахав, ажлаа мэддэг, удир­дах ур ухаантай нь захиргааны албанд очиж хурандааг хүртдэг юм байж. Тэгвэл нөгөө алба­ны­хаа төлөө хоёргүй сэт­гэ­лээр зүтгэсэн мөрдөст­нүүд яах болж байна. Тэд дээрээ татаасгүй, дэргэдээ дэмжлэггүй байлаа гээд албандаа зориулсан цаг хугацааг илтгэх цолоо авч чадахгүйд хүрэх шинжтэй. Албан тушаалыг дагаж цол олгосноор дараах учир дутагдлууд гарахыг мөр­дөстнүүд  онцолж хэлж байна. Үүнд,

1.Албандаа ажиллах хүсэл зорилгыг бууруулна. Учир нь албандаа хэр удаан хүчин зүтгэсний илэрхийлэл нь цол байдаг. Энэ утгаараа олон жил ажилласнаараа биш дэмж­лэг, тусламжтай нь удир­дах албан тушаалд очиж цол хүртэнэ.

2.Цол нь нийгмийн баталгааг хангах нэгэн чухал хүчин зүйл. Цол дагаж албан хаагчдын ца­лин нэмэгдэж ар амьдралд нь эдийн засгийн бага ч гэсэн хөшүүрэг болдог. Харин шинэ хууль бат­лагд­санаар цолны нэмэг­дэл гэж авах боломжгүй болно.

3. Одоо байгаа хуулиар олон жил үр бүтээлтэй ажилласан гээд хугацаа­ны цол хүртэх эсвэл онц­гой гавъяа байгуулсан гээд хугацаанаасаа өмнө цол хүртэж байна. Энэ нь ал­бан хаагч, иргэд гээд хэ­ний ч нүдэнд ил тод бай­даг. Тэгвэл хуулийн төсөлд дурдсанаар ил тод байдаг цэвэр өрсөлдөөн байхгүй болж улстөрчийн “хүн” дэвших магадлал өндөр гэсэн дүгнэлтийг хэлж байна. Цолны энэ асуудал зөвхөн цагдаад гэж ан­дуурч болохгүй. Шүүхийн шийдвэр, хил, дотоодын цэрэг гээд хууль сахиулагч бүрт хамаатай. Хууль са­хиу­лагч гэдэгт цагдаа, мөрдөх алба, маршалын албаны алба хаагч, шийд­вэр гүйцэтгэгч, хорих бай­гууллагын ажилтан, хил­чин, аврагч, гал сө­нөөгч, улсын байцаагч нар ха­маарна.

Өөр нэг онцлох зүйл нь генерал цол гэж үгүй болох тухай. Туслах комиссар, дэд комиссар, комиссар гэсэн дээд цолтой болж байгаа гэнэ. Хууль сахиу­лагч нь бага түрүүч, тү­рүүч, ахлах түрүүч, бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, хурандаа, туслах комис­сар, дэд комиссар, тэргүүн дэд комиссар, комиссар гэсэн албан тушаалын цолтой. Үүнээс үзэхэд, дэд хурандаа гэх цол бас үгүй болно гэсэн үг. Хэрэв энэ хууль батлагдвал өдгөө генерал цолтой эрхмүүд комиссар гэх цолонд шил­жих юм байна.

Харин хууль сахиулагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй.  Тодруулбал, хууль сахиу­лах байгууллагын дарга нь комиссар, дэд дарга нь тэргүүн дэд комиссар, дэд комиссар, төв байгуулла­гын албаны дарга нь тус­лах комиссар болно. Ин­гэх­дээ хууль сахиулаг­чийн гүйцэтгэх албан ту­шаалд цагдаа, мөрдөх алба, маршалын албаны алба хаагч, шийдвэр гүй­цэт­гэгч, хорих байгуул­лагын ажилтан, хил­чин, аврагч, гал сөнөөгч, улсын байцаагч болон тэдэнтэй адилтгах албан тушаал хамаарахаар шинэ хуу­лийн төсөлд заажээ.

Энэ мэтчилэн бүтцийн болоод цол дагасан өөрчлөлтийг зарим хуулиар гаргаж ирэх ч үүнийг нь галын фронтод ажилладаг цагдаа нар нь  хүлээн зөвшөөрөхгүй шинж­тэй. Хэдийгээр   цаг­даагийн эрх зүйн байдал болоод нийгмийн баталгааг хангаж чадсан хууль учир дутагдалтай байгаа ч албан тушаал дагаж цол олгох тогтол­цоог цагдаа нар хүлээн зөвшөөрөхгүй гэх. Хуу­лийн төслийг өдгөө Хууль зүйн яамны хэмжээнд боловсруулж байна.

Д.Болормаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих