Д.УРАНЧИМЭГ: ЖИЛД 300 ГАРУЙ ДЭЭЛ ОЁДОГ

big_dornod8Д.Уранчимэг гэх үйлчин бүсгүйг уншигч та андахгүй байх. Бусдыг гоё сайхан харагдуулахын тулд алжааж амрахаа умартан үйл мэтгэн, утас шаглан суух түүнтэй ийн ярилцлаа.

    -Сар шинийн захиалга их үү?
-Захиалга их ээ их. 11 дүгээр сараас захиалгаа зогсоосон. Ер нь байнга л завгүй байдаг. Сар шинэ өнгөрмөгц эмэгтэйчүүдийн баяр, хурал цуглаан, наадам гээд л дээлний захиалга тасрахгүй. Надад ер нь гадуур гарч, дэлгүүр хоршоогоор орох зав үнэндээ олддоггүй. Итгэж найдаад надад захиалга өгсөн хүний дээлийг хугацаанд нь бэлэн болгочих юмсан л гэж хичээдэг. Энэ жилийн цагаан сарын дээлээ захиалж амжаагүй зарим үйлчлүүлэгч маань дараа жилийн цагаан сараар өмсөх дээлнийхээ материалыг авчраад тавьчихсан байх жишээтэй. Манай хамаатны хүн хотоос манайд ирж хэд хонохдоо “Та нар ямар сонин юм бэ, гадагш ч гарахгүй, оёод л өдрийг барах юм.

Амьдралын хэв маяг чинь сонин юм аа” гээд гайхаад байсан.
    -Таны уугуул нутаг ус хаанах вэ?
-Би Төв аймгийн Заамар сумын хүн. 18 настайдаа том эгчийгээ дагаж энд ирээд, Багшийн коллежид суралцан төгсөж, буцаад нутагтаа очиж ажилласан ч тэр үед багшийн цалин 60-хан мянган төгрөг байлаа. Яаж амьдралд хүрэлцэхэв дээ. Тэгээд л бүрмөсөн Дорнодод ирж амьдрахаар шийдэж, анх 24-р байрны бөс барааны дэлгүүртэй хамтран ажилласан. Хамгийн анх оёсон дээл хүрмийг маань гаднын хүмүүс худалдан авсныг мартдаггүй юм. Багшийн цалин хүлээж сууснаас дээл оёх нь хавьгүй дээр санагдсан болохоор энэ ажилд эргэлт буцалтгүй л орсон доо.
    -Жилдээ багцаагаар хэчнээн дээл оёдог вэ?
-300 гаруйг л оёно. Үйлчлүүлэгчдээр маань дамжиж хот орноос, хөдөө сумдаас, аймгуудаас, урд хөршөөс ч захиалга ирнэ. Гэхдээ ганцаараа бүх юмаа хийгээд суугаад байдаггүй. Бэр маань товч шилбийг нь хадаад өгчихнө, ээж минь туслалцана, 7-р ангийн охин маань хүртэл товч шилбэ зангидчихна. Миний ээж одоо 70 нас шүргэж яваа ч ажлын дийлэнхийг нугална шүү.
    -Ингэхэд өөртөө дээл оёж амждаг уу?
-Зарим жил өөрийнхөө дээлийг оёж амждаггүй. Энэ жил бас л амжсангүй. Тэгээд ч цагаан сараар олон айлаар орох биш дээ. Шинийн дөрвөнд ажилдаа орчихно доо.
    -Ц.Жанлав даргын баяр ёслолоор өмсдөг дээлийг таныг урладаг гэж сонссон?
-Ц.Жанлав даргад анх монгол цамц оёж өгснөөс хойш баяр ёслолоор өмсөх дээл хувцсыг нь оёх болсон. 800 жилийн ойгоор л гэхэд гурав дөрвөн дээл оёж байлаа. Охин минь Ц.Сарантуяа эрхлэгчийн цэцэрлэгт явдаг байсан юм. Тэгэхэд би охиндоо янз бүрийн загвартай хувцас оёж өмсүүлнө. Тэрийг Сараа эрхлэгч хараад ээж нь оёдолчин хүн байдаг гэж мэдсэн юм билээ. Ер нь дэмжиж тусалж түшиг болсон сайхан хүмүүс бий. Анх Ц.Жанлав даргын байранд нэг жил хэртэй үнэ хөлс ч үгүй оёдлын ажлаа явуулж байлаа. “Хос өргөө”-гийн Дууяа эгчийгээ энд дурсахгүй өнгөрч боломгүй санагдана. “Чи ингэж ачаалалтай ажиллаж байж үнэ өртгөө нэмээч” гэдэг байсан. Сайхан, хүнлэг сэтгэлтэй хүн байсан даа. Надад бол бишгүйдээ л их тусалж байсан. Манай машиныг явахад материалаа авчруулчихаж бай гээд л…
    -Үйл үртсэнд сайн нь удмынх уу?
-Миний элэнц эмээ нутаг хошуундаа нэртэй “уран” Ханд гэж хүн байсан гэдэг. Тэр үед нутгийнх нь нэгэн уран хүн зүү ороох оёдлоор бурхан бүтээж байгаад гүйцээж чадалгүй өөд болсон. Гэтэл тэр хавьд нь түүнтэй дүйхүүц уртай хүн олдохгүй, удтал эрж хайсны эцэст миний элэнц эмээ тэр бурхныг оёж дуусгасан юм гэнэ лээ. Зүү ороох оёдол гэдэг чинь уг нь их сайхан шүү дээ. Аав минь ч бас дээл, гутлаа өөрөө оёод өмсчихдөг хүн байсан. Эгч нар маань ч бүгд сайхан оёж шиднэ.  Ер нь тэгээд монгол эмэгтэйчүүд угаасаа л уран. Одоо л ингэж хүнээр хувцсаа оёулж өмсдөг болчихоод байгаа болохоос биш дээхэн үед бүгд л дээл хувцсаа өөрсдөө оёод өмсчихдөг байсан биз дээ. Анх аавдаа дээл оёж өгөх гээд ээжийн эсгэж өгсөн дээлний буруу талд нь цар наачихаж билээ. Муу аав минь гололгүй өмссөн ч нэг хэсэгтээ л энгэр дээр нь жонхуу түрхсэн ором харагддаг байсан.
    -Нэг дээлийн ханш одоо хэд хүрээд байна?
-Тавь гаруй мянган төгрөгөөр оёдог. Хотод бол ханш өндөр шүү дээ. Сүүлийн үед хүннү дээлийг их өмсөх болсон. Хотод энэ загварын дээлийг 250 мянган төгрөгийн ханштай оёдог юм билээ. Ажиллагаа ихтэй л дээ. Хэдэн жилийн өмнө хүмүүс торгоор дээл их оёулдаг байсан бол одоо даавуун материалаар оёулах болсон. Зарим нь хямд төсөр материалаар цэвэрхэн хийц загвартай оёулахыг боддог бол зарим нь үнэ чанарт нь анхаарах жишээтэй. Бас тод өнгийг илүүтэй сонгох болж.
    -Цаашид оёдлын газраа өргөтгөх бодол бий юу?
-“Сайн хүнтэй бүү мэлз, муу хүнтэй бүү болз” гэж нэг үг бий. Оёж шидэж суръя гээд л хүүхдүүд ирдэг. Зааж сургаад ажиллуулъя гэж бодохоор цаг барихгүй, ямар ч сурах эрмэлзэлгүй байгаа юм чинь. Тэгээд ч хүнийг сургана гэдэг амар ажил биш. Зарим үед нэг метр нь л гэхэд зуу гаруй мянган төгрөгийн үнэтэй материалаар дээл оёх болно. Санамсаргүйгээс буруу хайчилчих вий, түлж цоолчих вий гэж ихэд болгоомжилдог.

Дорнод аймаг        Б.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих