Хайран сайхан анд минь….

xairanzasav0226-middleАнд минь, найз минь… Сэтгэл гунигаа даахгүй энэлэн гашуудаж байна. Сэтгүүл зүйн ертөнц тэр чигээрээ чиний минь араас уйлан гашуудаж байна. Цэл залуухан эрүүл саруул хөрөг зураг чинь эмгэнэлийн гашуудалт мэдээнд даанч нэг зохихгүй байна. Сэтгүүл зүйн хүнд,  хэцүү адармаатай ертөнцөд хамтдаа зүтгэж, нэг зорилготой,  нэг хүсэл эрмэлзэлтэй хамтдаа инээлдэж,  хамтдаа гуньж явсан анд минь… Үхэл гэдэг дөрөвхөн үсэгтэй үгний цаагуур үүрд чи алга боллоо гэж үү… Ахиад хаалгыг минь тогшихгүй, утсаар ярихгүй, мессенжерт орж ирэхгүй… хошин боловч цаанаа үлдэцтэй,   хөнгөхөн боловч нэхэл хатуутай … наргианч үгээрээ  яриа өдөхгүй гэж үү… Ай анд минь.. арай л эрт явчихаж байгаа юм биш үү… Үгүй ээ,  чи минь явъя гэж явсангүй. Хаая гэж энэ хорвоогийн хаалгыг хаасангүй… Харин ухвар мөчид, хүн атлаа араатан болчихсон сүгнүүдийн гарт хайран сайхан залуу насаа алдлаа. Хань чинь,  үр хүүхэд чинь , анд нөхөд чинь өнөөдөр гашуудахын дээдээр гашуудаж учраа мэдэхгүй уйлан хайлан сууна. Уйллаа уйллаа гээд энэ хорвоо нулимсанд цадсан  гэж үү…  Харууслаа  харууслаа гээд хайрт анд минь босоод ирэх бил үү…

Өрөөлдөж,  ороолдож яваа нийгмийнхээ  галын шугаманд дайзтай сум шиг шулуун  шударга  үгээрээ цэцэлж явсан сэтгүүлч андын минь зүрх цаг бусаар зогслоо.  Түүнтэй хамт гал халуун хүсэл мөрөөдөл, хайр дурлал, үр хүүхдийнх нь цовоо цолгиун инээд,  хийж бүтээх оргилуун  их хүсэл нь замхарлаа.  С.Наранбаатар шиг минь цайлган цагаан, бас зоригтой шулуун шударга, хурц дайчин итгэл сэтгэл байдаг гэдэгт  би лав үнэмшиж чадахгүй.  Бидний хэдэн нөхөд  хамтдаа  бохирдож, булингартсан сэтгүүл зүйгээ цэвэрлэж,  гэгээ тусгахаар багагүй хугацаанд тэмцэхдээ  түүнийгээ тугаа болгож  явсан юм.  Тэр үед, тэр өдөр хоногуудад чамдаа хэчнээн итгэж, чамаараа бахархаж, чамайг өмнөө барьж  явсан маань  одоо дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэж чадахгүй сууна.   Ийм хүсэл мөрөөдлийг, ийм зориг зүрхийг, ийм итгэл сэтгэлийг мөхөөж устгасан гэхэд дэндүү хайран, дэндүү харуусалтай  байна.  Ийм сайхан хүнийг, ийм залуу насыг егүүтгэж байдаг золбин хорвоо юм, жудаггүй муухай  хүмүүс юм даа.

Түүний минь сайхан ханьд, хоёр бүлтгэр хүүхдэд нь, ах дүү саданд нь үзэг нэгт нөхдөөс нь, анд найзуудаас нь эмгэнэлийн үгс, гашуудлын баглаа тасралтгүй илгээсээр байна. Наркагийн минь  үүсгэн байгуулж мэдлэг оюунаа зориулан босгосон  NBS телевизийн хамт олонд нь, хамтран зүтгэгчдэд нь бас эмгэнэл илэрхийлсээр байна. Сайхан анд чинийхээ араас уйлах нулимс багадаж, бичих үг дутна. Үг хоолойд торж,  үзэг цаасан дээр гацаж байна. Хэдэн нөхөд чинь яахаа ч мэдэхгүй, харуусаад ч, эмгэнээд ч баршгүй сууна. Хожмын өдөр ингэж чинийхээ араас эмгэнэл  бичиж сууна гэдгээ мэдэхгүй инээлдэн уулзаж, нөхөрлөж явсан он жилүүдээ одоо дурсамж болгон зүрхэндээ үүрд хадгаллаа.  Хүний хорвоод хийж бүтээж амжаагүй бүхнийхээ төлөө бүү харуус даа,  анд минь. Нөхөд  чинь  чадах ядахаараа хийж,  хүслийг чинь гүйцээнэ  гэдгээ алтан шарилын чинь өмнө андгайлж байна… үүнд итгэж тайван нойрсоорой…Амраг хань, алаг үрсийг чинь харж, хайрлаж явах нөхдөөр чи минь дутахгүй ээ…Энэ бол чиний амьддаа босгож чадсан хөшөө юм. Энэ бол бидний амлаж чадах үг юм.  Тайван нойрсож бурхны хутгийг олоорой анд минь…үүрд хагацъя даа….

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.