”Алдар”-ын тамирчид цэргийн дэлхийн аваргад оролцоно

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагаас зохион байгуулдаг Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д зохион байгуулагдах гэж байна. Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж дууслаа. Ингэхдээ “Алдар” спорт хорооны 70 гаруй тамирчид спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тодруулбал, байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцох юм. Маргааш эх орноосоо мордох тамирчдад амжилт хүсч, үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр “Алдар” спорт хорооны зааланд боллоо.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тамирчдад хандаж хэлсэн үгэндээ “Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн цэргийн спортын холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тоглолт нь 1992 оноос эхлэн явагдаж ирсэн түүхтэй. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь 60 гаруй жилийнхээ түүхэнд олон зуун шилдэг тамирчдыг бэлтгэснээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат Дасгалжуулагч, гавьяат Тамирчин, олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн аварга, арслан гэх мэт 800 гаруй спортын алдартнуудыг төрүүлэн гаргасан Монгол Улсын биеийн тамир, спортын тэргүүлэх байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох “Алдар” спорт хорооны баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргаж, Монгол улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулахыг хүсэн ерөөе” гэсэн. Харин тамирчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа “Бид бүхэн энэ нэр хүндтэй тэмцээнд  эх орныхоо нэрийг өндөр өргөхийн төлөө хичээн зүтгэнэ. Эх орноо батлан хамгаалах үйлсэд гар бие оролцож чаддаггүй ч, эх орныхоо нэрийг дэлхийн давцанаа цуурайтуулах бидний хүсэл зорилго юм” гэсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй тамирчид оролцох юм байна.

М.Гүнтөмөр


URL:

Сэтгэгдэл бичих