Хотын захиргаа эхний нураах барилгадаа 301 сая төгрөг төсөвлөсөн нь зальжин компаниудад зусардсан хэрэг үү

Хууль бусаар баригдсан барилгуудыг нураах тухай хотын захирагч олонтаа ярьсан. Гэвч одоогоор нэг ч ийм барилгыг буулгаагүй байна. Нэгэнт баригдсан өндөр өндөр барилгуудыг буцаагаад нурааж байсан түүх Монголд байхгүй. Тийм технологи гэх юм бүр ч алга. Харин хоёр гурван жилийн өмнө Казахстан улсад арваад хууль бус барилгаа нураасан гэдэг. Энэ нь олигархиудад том цохилт болжээ. Тус улсад дахиж хууль бусаар барилга барих бүдүүн хүзүүтэй бизнесмен гарч ирэхгүй байгаа аж. Манайд тэгвэл энэ сургамж зайлшгүй хэрэгтэй болоод байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг 120 мянгатын 14, 15 дугаар байрны арван айлын цонхыг таглаж барьсан “Эдоре пропертиз” компанийн 13 давхар барилгыг Захиргааны хэргийн шүүхээс нураахаар шийдвэрлэсэн юм. Уг барилгын гүйцэтгэгч нь “Энкон” компани гэдэг. Хохирсон иргэд олон жил шүүхээр явж, хэвлэлүүд ч чамгүй их бичсэн энэхүү барилгын ажил 2006 оноос эхэлжээ. Эцсийн дүнд шүүх дээр иргэд ялав.
Энэ барилгын захирамжийг М.Энхболд хотын захирагч байхдаа гаргаж өгсөн байдаг юм. Дараа нь Ц.Батбаяр хотын захирагч болмогцоо захирамжийг нь хүчингүй болгосон атлаа удалгүй дахиад сэргээсэн байв. М.Энхболдын үед олгосон 490 метр квадрат газрыг нь 1320 болгож нэмээд хажуугийн 14,15 дугаар байрных нь айлуудын нарны гэрлийг бүхэлд хааж барилгаа барьжээ.

Анх энэхүү хууль бус барилгыг барьсан компанийн эзэн нь Х.Анхбаяр гэдэг хүн юм билээ. Гэтэл сүүлийн үед Э.Ганболор гэгч нөхөр гэнэт гарч ирээд “Би энэ компанийн захирал” гээд явж буй аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хотын захиргаа өөрөө хариуцах болж өнөөх гайтай компанийн эрэлд мордоцгоон хэдэн сарыг ардаа орхих хооронд Х.Анхбаярын гол хамтрагчдын нэг гэх Л.Чимгээгийн сураг бас гарав. Хотын захиргаа уг нь дээрх 13 давхар барилгын залгаа хүзүүвч өргөтгөл буюу 14,15 дугаар байрны дунд тулгаж барьсан хоёр давхартай хамт буулгах учиртай ч тэдгээр эздийг “олохгүй” будилсаар байжээ. Дургүйд хүчгүй гэгч энэ болов уу. Шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Шүүхийн өмнө хэн ч томорч, пээдэлзэх эрхгүй л дээ. Гэсэн ч Өмчийн харилцааны газрынхан хөшүүн хойрго хандсаар өдий хүрчээ. Сүүлдээ бүр уг хууль бус барилгын “Өмчлөгч нь өөрчлөгдсөн тул яахаа мэдэхгүй байна” гэх ухааны юм яриад сууж буй газар чөлөөлөх хэлтсийн дарга Баяр хэмээх нөхрийг ч бас яалтай билээ. Дээд шүүхийн шийдвэр нураахаар л гарсан бол өмчлөгч хамааарахгүй шүү дээ. Тэр бүү хэл хэдэн тэрбумын өртгөөр баригдсан нь ч сонин биш. Гэтэл зарим дарга нар нь “Ийм өндөр үнэтэй барилга нураах нь хувь хүний өмчийг үрэгдүүлсэн явдал ч юм уу” гэсэн өрөвч царай гаргаж суугаа сурагтай. Эхнээсээ хууль бус гэдгийг мэдсээр байж 13 давхар барилга барьж хамаг мөнгөө үрсэн бол хохь чинь гэхээс өөрийг хэлэх боломжгүй юм л даа, уг нь.
Тэгтэл мөн хотын захиргааны дарга нарын дунд энэ барилгыг бүхэлд нь буулгалгүйгээр зөвхөн хоёр давхар хүзүүвч, өргөтгөлийн хэсгийг нь нураах тухай ярилцаж байгаа гэнэ. Шүүх нь шийдвэрээ гаргахдаа бүхэлд нь нураахаар болсныг дээр өгүүлсэн. Тэгвэл одоо 13 давхар барилгыг нураахаас айж буй бололтой. Ингээд хүзүүвчийн хэсгийг нь нураахад 301 сая төгрөг төсөвлөжээ. Энэ ажилд нь Английн нэг компани, Монголын “Баян-Авзага” компанитай хамтарч орохоор болж байгаа юм байна.
Шударга ёс энэээ тэрээ гэж ярих юм бол угаасаа хууль зөрчиж барилга барьсан “Эдоре пропертиз” компаниар өөрөөр нь нураалгах ёстой. Юун төсвөөс хөрөнгө гаргах. Хэрвээ төсвийн 301 сая төгрөгийг барилга нураахад зарцуулбал “Эдоре пропертиз” компаниас сүүлд нь гаргуулж авах гэж юу болох бол. Төсвийн хөрөнгө нь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ.
“Эдоре пропертиз” компанитай хоршиж энд тэнд баахан барилга бариад яваа Л.Чимгээ гэгч нь Мишээл зочид буудлын эзэн төдийгүй Х.Анхбаяр нарын аялал жуулчлал, уул уурхай, барилга, худалдаа наймаа зэрэг олон чиглэлээр ажилладаг “Тэнгри групп”-ын хувь хүртэгч, барилгатай бол барилгатай, мөнгөтэй бол мөнгөтэй лут амьтан ажээ. Ер нь эд нар хууль бус 13 давхар барилгаа өөрсдөө буулгаад чимээгүйхэн зайлаад өгч болох л байж. Даанч тэгсэнгүй. Дарга нарыг далдуур өөрсдөдөө ашигтайгаар залуурдаад л алхаж буй ажээ.
Б.Отгонбаяр

URL:













