Мөнгө=Засгийн газар=Зээл
2011 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын төсөвт төлөвлөснөөс хамаагүй их хэмжээний мөнгө төвлөрсөн байх юм. Тодруулбал, орлогын төлөвлөгөө 252.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар давж биелэсэн байх юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 417.8 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг. Эндээс онцлоход Хүний хөгжил санд 146.6 тэрбум төгрөгийн орлого ооруулахаар төлөвлөснөөс 49.2 хувиар буюу 48.3 тэрбум төгрөг илүү оруулсан. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 132.8 тэрбум төгрөг оржээ. Татварын орлогоор 854.7 тэрбумийг төвлөлрүүлэхээр төлөвлөсөн ч 1 их наяд 70.6 тэрбум төгрөгийн орлого орсон. Тэгэхээр 215.9 тэрбумаар илүү мөнгө орсон гэсэн үг. Энэ мэтчилэн улсын төсөвт оруулахаар төлөвлөсөн орлого хэдэн зуун тэрбумаар давсан байна. Ийм таатай мэдээг Засгийн газраас УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна. Цаасан дээр ийм таатай мэдээлэл буулгасан ч бодит амьдрал дээр байдал өөр байна. Улсын төсөвт зуу зуун тэрбумаар мөнгө орж ирээд байгаа атлаа бүтээн байгуулалт санхүүжилтгүй, Хүний хөгжил сан мөнгөгүй болчихсон гэх хэл ам тасарсангүй. Иргэн бүртээ сар бүр олгодог 21 мянган төгрөгөө олгож чадахгүй зээл авсан, шинээр барих төмөр замаа банкнаас зээл авч эхлүүлсэн. Тэгэхээр улсын төсөвт орж ирсэн мөнгө хаана, юунд шингээд байна вэ?
Мөн Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” ХК-ийн удирдлагад “Хүний хөгжлийн сан”-д 338,9 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг өгсөн. Гэхдээ үүрэг өгсөн шигээ хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шал¬гаруулалт хойшилсоор байгаа. Уг нь стратегийн хөрөнгө оруу¬лагчийг сонгочихсон бол “Эрдэнэс МГЛ” ХК 338,9 тэрбум битгий хэл 0.5-2 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах ёстой. Үүнийг нь УИХ-аас хуульчилсан. Яг л Оюутолгойн Хөрөнгө оруу¬лалтын гэрээг баталсныхаа төлөөсөнд хөрөнгө оруулагч талаас 250 сая ам.доллар авсантайгаа адилхан зарчмаар урьдчилгаа төлбөр салгана гэсэн үг. Төлөвлөсний дагуу мөнгө оруулахын тулд “Эрдэнэс МГЛ” хаанаас ч юм 25 тэрбум төгрөгийн зээл авчихаж. Үүнийг нь Сангийн сайд С.Баярцогт чуулганы танхимд “Зээл авсан” гэх богинохон тайлбараар хайцаалсан. Мөн тус компанийн захирал ордоо ашиглаж эхэлтэл дахин зээл авахгүй гэж гүрийж байга гэх мэдээлэл чих дэлслээ.
URL:














