АТГ-т шалгагдаж байгаа дарга нарыг огцруулах уу?

АТГ-аас дахин хоёр ч төрийн өндөр албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ тооцох хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Тодруулбал, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарыг Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулиудыг удаа дараа зөрчсөн болохыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс тогтоосон байна.
“ҮТЕГ-ын дарга Т.Батмагнайг төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй хүнийг албан тушаалд томилсон тухай өргөл, гомдол цөөнгүй ирсэн. Гомдлын дагуу шалгаж үзэхэд Т.Батмагнай нь хамаарал бүхий этгээдүүдэд давуу эрх олгосон, АТГ-ын дүгнэлт, шаардлагыг үл хайхран, шаардлага хангахгүй хүмүүсийг ҮТЕГ-т албан тушаалд томилсон нь тогтоогдоод байгаа.
Иймээс Т.Батмагнайд ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ тооцохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар н.Батдорж гэгч бизнесменийг томилох хүсэлтийг АТГ-т удаа дараа ирүүлсэн.
АТГ-аас н.Батдоржийг тус албанд тэнцэхгүй гэдгийг мөн л шалгаж тогтоосон. Чухам ямар учраас аймгийнхаа бүх худалдан авалтыг бизнесмен хүнд атгуулах гэснийг мэдэхгүй байна. Энэ нь Б.Бадрааг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж дүгнэхэд хүргэсэн” гэж АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хэллээ.
shudarga.mn
URL:







