Д.Кёкүшюзанбатбаяр: “Нэр нэгтийн чих нэг” гэгч болжээ

5-25-9_700x700Сүүлийн үед дэлхийн хэмжээгээр оффшор дансны асуудлаар нэлээн хурцаар тавигдаж байгаа. Монгол Улсад хүртэл 49 иргэн нь оффшор данстай гэдэг мэдээлэл ил болсон. Энэ 49 иргэний нэр дотор Д.Кёкүшюзанбатбаярын нэр дурдагсдан билээ. Тиймээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Д.Кёкүшюзанбатбаяр хэвлэлийн хурал хийж, албан ёсоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Арлын Япон оронд надад 4-5 данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнөх миний барилдаж байх үеийн данс гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан. Миний данснаас Монгол руу л мөнгө орж байснаас биш гадагшаа гарч байгаагүй. Миний үеийн хүүхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босч барилдааны бэлтгэлээ хийн тэмцэж эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан дүү бөхчүүдийг дагуулж байлаа. Энэ хөдөлмөрөө үнэлүүлж цалингаа авдаг дансаараа дамжуулж “Кёкүшюзан сан”-г үүсгэн байгуулж Монгол Улсдаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хандивын зөндөө олон ажил хийж байсан. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг болохоор би долоо хоногийн өмнө Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гээд шалгах ёстой бүх газарт өөрийнхөө хүсэлтээр шалгуулсан” гэв.

Харин өнөөдөр Д.Кёкүшюзанбатбаярын хүсэлтийн хариунууд иржээ. Тухайлбал, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичигт “Кёкүшюзанбатбаяр энэ асуудалд ямар ч хамааралгүй. Оффшор дансанд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг бол өөр хүн юм байна. Энэ асуудалд холбогдсон гурван компани 2007 онд байгуулагджээ. Д.Кёкүшюзанбатбаяр тухайн үедээ сумогийн тамирчин байсан учраас энэ асуудалд хамааралгүй. Та нэр хүндээ сэргээх боломжтой” гэжээ. Мөн энэ хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газарт тавихад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлт гарга гэсэн байна. Үүний дагуу Д.Кёкүшюзанбатбаяр өөрийн хүсэлтээр энэ асуудлыг шалгуулсан аж.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас “Иргэн Даваа овогтой Кёкүшюзанбатбаярын ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явууллаа. Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” хувьцаат компаниуд нь танд хамааралгүй болох нь тогтоогдсон болно. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Мөнхбат” гэсэн гарын үсэгтэй албан бичигт түүнийг оффшор дансны асуудалтай хамааралгүй болохыг нь нотолжээ.

Харин Д.Кёкүшюзанбатбаяр “Би энэ асуудлыг “Нэр нэгтийн чих нэг” гэгч болжээ гэж харж байна. Амьдааг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад газар шалгаж байгаа юм билээ. Энэ нь тэр хүний хувийн асуудал. Миний хувьд андуурал гарчээ гэдгийг л мэдэгдэх гэсэн юм” гэлээ.

Мөн тэрээр Тагнуулын ерөнхий газарт ч ийм хүсэлтээ өгөөд байгаа аж.

Оффшор данстай холбоотой Монголын 49 иргэнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, гадаадын улс руу зорчихыг хориглож, дансыг нь хааж, дансанд байгаа мөнгийг Монгол руу татна гэдэг мэдээлэл бий. Харин энэ асуудалд нэр холбогдсон 49 иргэнээс Д.Кёкүшюзанбатбаяр л анх удаа ийнхүү өөрийн хүсэлтээр нэр төрөө сэргээлгэж байгаа юм. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилгахгүй” гэдэг болохоор ийм эрх үлдсэн 48 иргэнд ч мөн бий. Харин тэд Д.Кёкүшюзанбатбаяр шиг зоригтой, зөв алхам хийж чадах болов уу гэдэг хүлээлт нийгэмд бий боллоо.

 

Г.ГАНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих