Цугласан хандивыг юунд зарцуулж байна вэ?
Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваарилах, хяналт тавих үйл ажиллагааг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам”-аар зохицуулан ажиллаж байгаа ажээ. Хандивын хөрөнгөнөөс одоогийн байдлаар ямар хэмжээний зарлага гаргаад байгааг дараах жагсаалтаас харна уу.
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн зүрх тасагт аппарат худалдан авахад 240 сая төгрөг,
- Уушги орлуулах ECMO аппаратын иж бүрдэл худалдан авахад 450 сая төгрөг;
- КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахаар Батлан хамгаалах яамны “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407, 409 дүгээр анги, Хил хамгаалах ерөнхий газрын 0288 дугаар ангийн оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт оёулахаар байгуулсан гэрээний зардал 85 сая төгрөг;
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан төрийн байгууллага болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих, Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад 689.4 сая төгрөг;
- БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон Улсын онцгой комиссын Шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг зарцуулжээ.
Ийнхүү дээрх ажлуудад иргэд, аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандиваас нийт нэг тэрбум 538 сая төгрөгийг зарцуулснаар нэг тэрбум 372 сая төгрөг үлдээд байгаа юм байна. Үүнээс дараах 14 байгууллагын 1133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Үүнд нийтдээ 631,900,000 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
- Халдварт өвчин судлалын үндэсний төв,
- Цэргийн төв эмнэлэг,
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг,
- Эрүүл мэндийн хөгжлийн төв,
- Нийслэлийн түргэн тусламжийн төв,
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв,
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
- Онцгой байдлын ерөнхий газар,
- Хил хамгаалах ерөнхий газар,
- Гаалийн ерөнхий газар,
- Тагнуулын ерөнхий газар,
- Цагдаагийн ерөнхий газар,
- МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн,
- Гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд.
URL:





