Төмрийн үйлдвэрт сум дэлбэрч гурван хүн гэмтэв
-ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ХЯТАДУУДЫН НЭГИЙНХ НЬ ГАРЫН ШУУНЫ МАХ ТАСАРЧЭЭ-
Нийслэлийн Багахангай дүүргийн I хороонд байрладаг төмрийн үйлдвэрт дэлбэрэлт болж гурван хүн гэмтжээ. Осол уржигдар болсон бөгөөд “Хангайн ган-эрдэнэ” төмрийн үйлдвэрт ажиллаж байсан хятад иргэн их бууны сумны хошууг гагнуураар таслахыг оролдож байжээ. Гэтэл сум дэлбэрч гагнуур хийж байсан болон түүний дэргэд байсан хоёр хүн гэмтсэн байна.
Болсон явдлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр 16.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Дэлбэрэлтийн хувьд харьцангүй бага талбайг хамарсан. Одоогийн байдлаар дэлбэрсэн гонзгой зүйлийг сум байсан болов уу гэж таамаглаад шалгаж байгаа. Гэмтсэн иргэд нийслэл рүү явсан. Харин энд шалгалт үргэлжилж байна” гэсэн юм.
Ослын улмаас үйлдвэрт гэрээгээр ажиллаж байсан Хуан Бей Сей, Шон Бей болон Жонг Жи нар гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Тэдний нэгнийх нь гарын шуумы мах тасарсан байна. Харин нөгөө хоёрынх нь бие гайгүй байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарах аж.
Н.МӨНХБАТ: ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭГЭЭД АЖИЛЛАЖ БАЙГАА
Багахангай дүүрэгт томоохонд тооцогддог төмрийн үйлдвэр юм билээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр уржнан байгуулагдаж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтад бүдэрч хаалгаа барьж байсан юм. Харин энэ жил гангийн үйлдвэрлэлээ эхлэх түүхий эдээ бэлтгэж байхад ийм осол болжээ.
Тус компанийы гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай холбогдож зариу зүйлийг тодрууллаа.
-Осол болох үеэр та компани дээрээ байсан уу. Юу болсон км бэ?
-Гадаадад явж байгаад дуудагдаад ирчихээд байна. Үйлдвэрлэлээ эхлэхийн тулд бэлтгэл ажил гэж том зүйл байдаг. Манайхан түүхий эдээ бэлтгэж байсан юм билээ. Тэр нь хаягдал төмрийг ялгаж боловсруулахад бэлтгэж байна гэсэн үг. Ингэхдээ жижиглэх шаардлага гардаг. Тухайн үед битүү сав байсан гэсэн. Тэрэн дотор нь сум байж байгаад хошуун дээр нь гагнуурын цог үсэрч дэлбэрсэн бололтой юм. Ер нь Чойр, Багахангай зэргээс сум их олддог шүү дээ. Түүнийг нь хаягдал төмөрт тушаачихсан байж. Азаар хүний амь эрсэдсэнгүй.
-Танай компанийг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж өнгөрсөн жил МХЕГ-аас хааж байсан. Зөвшөөрлөв сэргээчихсэн юм уу?
-Зөвшөөрөл нь байсан. Харин технологийг нь Монголд хэрэглэж болох эсэх дээр асуудал үүсгэж хаасан. Манайх одоо технологийн шинэчлэл хийгээд явж байна. Зөвшөөрлөө өнгөрсөн наймдугаар сард авчирсан.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL:




