Киночид ингэж ч арчаагаа алдах гэж
Монголын киночид саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд ханджээ. Тэд “Тэнгис”, “Өргөө” кинотеатрууд киночдын эрх ашгийг зөрчиж, хөдөлмөрийг нь шулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. О.Магнай дарга ч энэхүү гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авахаар зэхэж байгаа сурагтай.
Хэдхэн жилийн өмнө “Тэнгис” кинотеатр ганцаараа байх үедээ гаргасан кино бүрийнхээ ашгийн 40 хувийг авдаг байв.
Харин “Өргөө”, “Соёмбо” кинотеатрууд үйл ажиллагаагаа эхлүүлснээр энэхүү үнэ тариф буурах болов уу гэж киночид битүүхэн горьдож байсан. Гэтэл байдал тэдний төсөөлснөөс эсрэгээрээ эргэж, “Өргөө”, “Тэнгис” кинотеатруудын удирдлагууд ашгийн 60 хувийг авдаг болжээ. Харин “Соёмбо”-д гарсан кино бүр хууль бусаар хуулбарлагдаж, гадуур зарагддаг гэсэн яриа гарснаар киночид тэднийхээр үйлчлүүлэхээс татгалзах болсон билээ.
Ингээд бодохоор өчнөөн мөнгө зарлагадаж, хөлс хүчээ шингээж хийсэн киногоо үзэгчдэд хүргэх гэж муусайн киночид л зовж байна хэмээн өмөөрмөөр санагдана. Гэвч Монголд киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага бий гэх. Тэд өдийг хүртэл чухам юу хийсэн улс вэ. Монгол киног олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж, гадны орнуудад гарган сурталчлах арга хэмжээ л лав зохион байгуулаагүй.
Тэр ч бүү хэл, уран бүтээлчдийнхээ хийж байгаа кинонуудад ямар нэгэн цензур тавьж, мэргэжлийн түвшинг хангах талаар ч ямар нэгэн ажил хийсэнгүй. Хөрөнгө санхүү нь байвал хэдэн нөхөр нийлж байгаад, үзэгчдийг хоосон марзагнал, задгай явдлаар түр зуур зугаацуулах төдий хэдэн зургийн эвлүүлэг хийгээд л түүнийгээ кино хэмээн нэрлэх болсон.
Ёстой л нөгөө “ичиж үхмээр дамшиг” гэдэг шиг зарим киног нь үзээд уран бүтээлчдийнх нь өмнөөс нүүр улаймаар. Тиймээс үзэгчид барууны киноны хорхойтнуудыг байлдан дагуулж байгаа гэгдэх гадны кинонуудыг шохоорхон үзэж, үйл явдлыг нь анхаарахаасаа илүү доор нь гарах хадмал орчуулгыг унших гэж үйлээ үздэг.
Монголын киночид чанартай, чанаргүй элдэв кинонцоруудаа “Өргөө”, “Тэнгис”-т гаргах хэмээн урт дараалал үүсгэж, харин түүнээс нь залхсан үзэгчид гадаад киног илүүд үзнэ. Энэ ч утгаараа монгол кино гаргахгүй байлаа ч дээрх кинотеатруудын орлого тасрахгүй. Тиймээс ч тэд “Орлогынхоо 60-70 хувийг бидэнд өг. Чадахгүй бол араас чинь өчнөөн кино хүлээж байна” хэмээн пээдгэр загнадаг биз.
Би кино урлагийг шүтэн биширч, шимтэн үзэгч, жирийн нэгэн иргэн. Жинхэнэ уран бүтээлийг таашаан үзэхийн төлөө хэзээ ч мөнгө хайрлахгүй. Тиймээс ч “Тэнгис”, “Өргөө” кинотеатруудын монополийг эсэргүүцэж, “Хэн нэгэн сүйхээтэй аавын хүү нь дахиад нэг кинотеатр байгуулчихаасай” гэсэн нууцхан хүсэл өвөрлөж явдаг.
Гэвч Монгол кинонуудын гайхаж биширмээр сурталчилгаанд хууртагдаж үзсэнийхээ дараа уран бүтээлчдээс нь төлсөн мөнгөө эргүүлээд нэхмээр санагдах үе хэтэрхий олон тохиолдож байлаа. Яг тийм үе тохиолдох агшинд өөрсдийгөө киночид хэмээн цээжээ дэлддэг тэр хэдэн нөхрийг “Холливудаа байя гэхэд Болливудад очиж, кино гэж юу байдгийг үз” гээд хөөчихмөөр санагддаг юм.
Тэгээд ч тэр үү, тэднийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт хандсаныг сонсоод улам бүр эгдүүцсэнээ нуух юун. Өч төчнөөн мөнгө, олон хоногийн хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн уран бүтээлээ хүнд хүргэж, үзэгчдээ татаж чадахгүй байгаа бол киночдын л арчаагүйнх шүү дээ. Нэр хүнд нь шавартай хутгалдчихаад байгаа кино урлагийг аврах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын бус киночдын өөрсдийнх нь хийх ажил мэт санагдана.
Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэгддэг киногоор овоглож, ямар нэгэн холбоо, эвсэл, академийн тэргүүн хэмээн өөрийгөө рекламдаж яваа “том толгойтнууд”-аа хөдөлгөөч. Хилийн чанадад сурталчилж чаддаггүй юм бол эх орондоо кино урлагийг тунхагла л даа. Монгол түмэн кино урлагт хайртай шүү дээ. Харин Монголын киночид эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажлаа сайн хийж чадахгүй байна.
Чаддаг юм бол хэдхэн хоногийн дараа аль нэг арилжааны телевизээр Монгол орчуулгатай цацагддаг барууны шилдэг кинонуудыг кинотеатрт үзэхээ больж, гагцхүү Монгол киногоо шимтэн сонирхдог болтол нь юм хий л дээ. “Өргөө”, “Тэнгис” кинотеатруудыг зөвхөн Монгол киноноос орлого олдог болтол нь ажиллаач. Тэгвэл тэд орлогын тань талаас илүү хувийг авна гэж киночдыг дарамтлахаа болих бус уу.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL:




