Галзуурсан тэмээнийхээ махыг борлуулжээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд он гарсаар 13 суманд галзуу өвчний 57 тохиолдол гараад байна. Баян-Уулд 20, Шаргад 8, Цээлд 7 тохиолдол гарсан нь хамгийн олон ажээ.
Нийтдээ 11 тэмээ, 12 үхэр, 7 ямаа, 9 нохой, 11 чоно, 5 үнэг, хонь, муур, илжиг тус бүр нэг зэрэг гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтад галзуурсан нь шинжилгээгээр батлагджээ. Цээл, Алтай, Эрдэнэ, Шарга зэрэг суманд галзуу чоно, нохой, мууранд 5 хүн ноцуулж шархадсан байна.
Аймгийн Мал эмнэлгийн алба, Зоонозын өвчин судлалын төвөөс тухай бүр ванцин эмчилгээ, халдваргүйжүүлэлтийн ажил хийж, сэг зэмийг устгах арга хэмжээ авч байна.
Мөн Тайшир сумын нэгэн малчин галзуугаар өвчилсөн тэмээгээ нядлан аймгийн төвд оруулж борлуулжээ. Мал эмнэлгийн лабораторид уг тэмээний толгойг авчирч тархийг шинжлэн галзуурсан болохыг тогтоогоод байна. Иймд иргэд малчдад хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэж байгаагийн зэрэгцээ “Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын албан даалгавар гаргажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол
URL:






