УИХ-ын гишүүн сайдын алба давхар хашдаггүй болох уу?

orgonbarih(3)УИХ-ын гишүүн сайдын алба давхар хашдаггүй байхыг зохицуулах хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Зөвлөх П.Цагаан өнөөдөр /2013.06.10/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Ардчилсан Үндсэн хуулиа дагаж мөрдөөд 21 жил болж буй энэ хугацаанд цаг үеийн нөхцөл шаардлагаар эцэг хуулиа боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх ёстой гэсэн үндэслэлээр УИХ-аас 2000 онд уг хуулийн нийт 7 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдөр төрийн ажилд ихээхэн хүндрэл учруулж, шүүмжлэл дагуулах болсон гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Шинэ Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж УИХ-ын зарим гишүүнээс мөн санал гаргаж хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барьсны дагуу өдгөө  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуульд заавал “гар хүрэхгүйгээр” суурь үзэл баримтлалд нь нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаггүй байх эрх зүйн зохицуулалтыг хийж болно гэж үзсэн байна.  Тиймээс хуулийн төсөлд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэсэн өөрчлөлт оруулахаар  тусгажээ.

Энэ хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж буй нь 2016 оны УИХ-ын сонгуульд намууд хэнийгээ нэр дэвшүүлэх, парламентад олон суудалтай болж ялалт байгуулсан тохиолдолд хэнийг сайд болгох вэ гэдэг боловсон хүчнээ эртнээс бодох цаг хугацааг олгож байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хуулийн төслийг өргөн барихдаа хэлсэн. Түүнчлэн Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, УИХ нь гүйцэтгэх засаглалаа хянадаг байх төрийн тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжих бололцоотой болно гэлээ. Хуулийн төсөл батлагдвал 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна. УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр УИХ-ын дараагийн сонгуулиас өмнө хуулийн төслийг баталж УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашдаггүй байх эрх зүйн өөрчлөлтийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Duulian.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.