Улс төрөөс хамааралтай уул уурхайн уналт

Э.ӨНӨР

Хөрөнгө оруулалтын олон улсын нэгэн чуулган дээр гадны оролцогчид “Монголын баялаг улсынхаа хөгжил, эдийн засгийн хөдөлгүүр юм байна” гэж ам нэгтэй дуугарч байсныг санаж байна.

Тэд Монголын уул уурхайн салбарыг ийнхүү өөдрөгөөр төсөөлж байсан нь 2012 он. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт буураагүй, 20 гаруй уул уурхайн компани зогсоогүй байсан үе юм. Өнгөрсөн ганц жилийн дотор энэ салбарт олон зүйл өөрчлөгдөв. Ингэхдээ ихэвчлэн улс төрийн бодлогогүй шийдвэрт боомилуулжээ.

 

ШҮҮХИЙН АЛХАНД “ЦОХИУЛСАН” 106 ЛИЦЕНЗ

 

Уул уурхайгаас хамаараад Монгол руу орж ирэх мөнгөний урсгал татрахтай зэрэгцэн  энэ салбарт “хөдөлж” байсан 20 гаруй уурхай хаалгаа барилаа. Шийдвэр гаргагчдын боловсруулсан хуулиас болж гаднынхан биднээс нүүр буруулж Монголд төсөвлөж байсан “ногоон”-оо  ч хумьж эхэлсэн юм. Манайд чанартай зам дурайж, барилга босч, орон сууц сүндэрлүүлэх хөрөнгө ийнхүү хууль санаачлагчдын балгаар гацсан.

Үүний нэг тод жишээ шүүхийн шийдвэрээр ажлаа зогсоосон уул уурхайн компаниудын 80 гаруй тэрбум төгрөгийн гадны хөрөнгө оруулалт. Баянгол дүүргийн шүүхээс  “Хууль бусаар олгосон” гэсэн шалтгаанаар уул уурхайн 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Энэ нь мөн л нэгэн цагт төрийн байгууллагын удирдлага хийж явсан хүмүүстэй холбоотой аж. Ашигт малтмал, Кадастрын газрын дарга асан нартай холбоотой эрүүгийн хэрэг төсвийн нэг хэсгийг бүрдүүлж байсан 20 гаруй уул уурхайн компанийг “хөлдөө чирсэн” юм. Энэ талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Энэ асуудал Ашигт малтмал, Кадастрын газрын дарга асан нартай холбоотой эрүүгийн хэрэг. Гэтэл шүүх үүнд “Хохирогч тал байна уу, гэрчүүд байгаа эсэхийг” судлахгүйгээр шүүхийн эцсийн шийдвэрийг гаргасан. Нэг ёсондоо зөвшөөрлөө хүчингүй болгосон 24 аж ахуй нэгж, байгууллага гэрч шүү. Гэтэл шүүх гурван шатны хурлаар орох тэднийг оролцуулахгүйгээр зөвхөн шинжээчдийн дүгнэлтэд үндэслж гаргасан. Шүүх энэ хэргийг тал бүрээс нь нягтлан нотлон судалж шийдвэр гаргах ёстой байсан. Үүссэн асуудалд хохирсон хохирогчдын асуудлыг бодоогүй. Тиймээс шүүхийн шийдвэр оновчгүй болсон” хэмээсэн. Харин одоо шүүхийн шийдвэрээс болж алт, төмөр, нүүрс зэрэг 20 гаруй уурхайн ажил “царцаж” гаднаас орж ирэх 30 гаруй тэрбум ам.доллар “нутаг буцжээ”. Мөн тэдэнд аль хэдийнэ итгэж илгээсэн гадныхны 10 гаруй тэрбум “ногоон” үр шимээ өгөхийн даваан дээр ийн  шүүхийн шийдвэрээс болж салхинд хийсч байна. “Хаалгаа бариулсан” 24 компанийн ихэнх нь алтны уурхай аж. Харин сүүлийн саруудад Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурч байгааг албаныхан хэлсэн. Энэ нь мөн л Монголын орлого саарч байна гэсэн үг. Тухайлбал, 2010 онд Монголбанкинд  2.1, өнгөрсөн онд 1.5 тонн алт тушаасан байна.

 

“УРТ НЭРТ”-ИЙН УЛАНД ГИШГЭГДСЭН 346 ЛИЦЕНЗ

 

Төрөөс уул уурхайн компаниудыг “саасан” хуулиудын залгамж халаагаар Урт нэртэй хуулийг нэрлэдэг. Алтны гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг залгамжилж гарсан хууль нь энэ. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачилснаар хайгуул, олборлолтын 1400 гаруй лицензийг заналхийж эхэлсэн. Олон нийт “урт нэртэй” хэмээн нэрлэж заншсан энэ хуулийн дагуу нүүрс, төмрийн хүдэр, алтны ашиглалт болон хайгуулын 1400 лицензийн талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон бүс  тогтоож тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн. Сургаар нь мөн л гаднаас ирэх мөнгөний урсгал татарсан юм.  Дээрх лицензийн 400 орчим нь ашиглалтынх, 243 алтных юм.  Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хийсэн судалгаагаар хайгуулын компаниуд зөвхөн 2009 онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн зарим жилд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан удаа ч бий.

Тэгэхээр уг  хуулиар хориглосон талбайд өмнө нь оруулсан хөрөнгийн хэмжээ багасах нь  тодорхой. Өнөөдөр хуульд заасан хориглолтын бүсэд багтаж лиценз нь хүчингүй болсон компаниудад төр 60 орчим тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх тооцоо гараад буй. Гэхдээ өгч эхлээгүй байна, бас тэр мөнгө хаана байгааг хэлж мэдэх хүн ч алга байгаа. Урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон ашиглалтын лицензийн 31 нь нүүрсний уурхайнх гэдэг. Гэтэл  эрчим хүчний салбарын нүүрс олборлогчийн нэг Шарын голын уурхайн лицензийн талбай бүхлээрээ урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон юм. Нүүрсний бусад лицензийн талбайн зарим хэсэг нь хориотой бүсэд хамрагджээ. Харин энэ хуулийн хөлд үрэгдсэн лицензүүдэд салбарын яам нааштай хариу барих гэж байгаа сураг байна. Ирэх долоо хоногт болох ээлжит бус чуулганаар урт нэртэй хуулийн хэрэгжилтийн журмын өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж батална. Ингэхдээ төр, хувийн хэвшил, орон нутгийн талуудын зөвшилцлийн хүрээнд энэ шинэ журмыг эхлүүлэх юм байна. Шинэ шийдвэр дагуулсан урт нэртэй хууль ирэх өдрүүдэд хэр үр дүн, өгөөжөө өгөхийг харах үлдлээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих