Л.Гүндалай гишүүний нууц хүүг Тэнгис гэдэг

Л.Гүндалай гишүүн УИХ-д суудаг хэдэн нөхдөө урьж Хөвсгөл далайгаар

аялжээ. Эрчүүд болсон хойно зуун грамм татаа биз, авгай хүүхний талаар хөөрөлдөө биз. Юунаас ч болсон юм бэ, хүүхнүүдийн дотор ухаантай нь цөөхөн гэлцсэн яриа гарчээ.Тэгсэн Л.Гүндалай гишүүн,

- Ухаантай хүүхэн ховор, сайхан хүүхэн элбэг. Гэхдээ би нэг ухаантай бүсгүй мэднэ гэвэл нөгөөдүүл нь хэн бэ, хэн бэ гээ биз. Хариуд нь,

-Миний таньдаг Алтанзагас гэж хүүхэн бий. Хүүдээ Тэнгис гэж нэр өгсөн. Загас усандаа л жаргадаг биз дээ гэж хэлвэл өнөөдүүл нь,

- Зөв, зөв. Гүндалайд Алтанзагас шумбана. Далайгаас тэнгис рүү умбана. Нууц хүү чинь хаана байдаг юм бэ гэжээ.

Ахыгаа илүүд үзээд яах нь вэ?

Ардын уран зохиолч Тангадын Галсан шүлгийг нь үл тооход шаралхсан ногоон нүдтэй залуу зохиолч түүнийг даапаалах гэж,

- Паах, та яасан муухай улаан хамартай юм бэ гэжээ.

Галсан найрагч ооч сахлаа имрэнгээ,

-Миний хүү өөрөө ийм хоёр сайхан “оюу”-тай атал өвгөн ахынхаа ганц муу “шүр”-ийг илүү үзэж яах нь вэ. Өөлөөд байвал чи бас ийм шүртэй болвол хоёр оюуг чинь гутаах вий гэсэн гэнэ.

Дурлавал алгаа ташиж баярла

Алдарт зохиолч Донровын Намдаг нэг залуу зохиолч нөхрөөсөө “Чи эхнэрээ харддаг уу” гэж асуужээ. Тэгээд тээнэгэлзэхэд нь өөрөө хариулав гэнэ.

- Эхнэрт нь өөр эр дурлахад нөхрүүд уурлаж харддаг нь буруу. Би бол алгаа ташаад баярлана. Хэрэв манай авгайд надаас өөр эр хүн сэтгэл алдрахгүй бол би чинь ерөөсөө хүн тоохгүй, нохой шиншлэхгүй юмтай суусан болж таарнаа даа. Тэгэхээр эхнэртээ хүн дурлавал баярлаж яв гэжээ.                                                      .

Спикерийн туслах, төрийн түшээдийн туслахуудын дарга болжээ

Ардын засаг мандаад удаагүй байхад төр засгийн төлөөний түшмэл аймгийн яамны түшмэдэд хэлжээ.

- Аймгийн яам бол энэ дэвсгэр нутгаа захиран шийтгэнэ. Түшмэл та нар ч энэ газартаа салбар салбараа захирна гэсэн юм байх. Гэтэл аймгийн захиргааны галч өвгөн,

-Тэгвэл би чинь энэ аймгийнхаа бүх галч нарын дарга болов оо гэсэн гэдэг. Түүн шиг УИХ-ын даргын туслах болсон эрхмүүд,

-Би спикерийн туслах учраас бусад гишүүний туслахуудын дарга байх ёстой хэмээн үе үе тоглоом шоглоомоор хэлдэг гэнэ. Үнэн хэрэгтээ тэднийхээ дарга болох санаагаа цухалзуулж байгаа нь тэр байх л даа.  ”

Бөөс хүртэл бөөр зүрхтэй, Фижи хүртэл хоёр танхимтай

Ерөнхий сайд С.Батболд улс төрийн намын лидерүүдийг МАН-ын даргын хувьд урьж Төрийн ордонд уулзсан. АН-ын дарга Н.Алтанхуяг “Пропорциональ тогтолцоог сонгоё” гэж санал гаргасан. Гэвч үр дүнд хүрээгүй юм. Тэгтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн 51 орны сонгуулийн хуулийг уншиж судлахад ихэнх нь хоёр танхимтай парламентыг сонгосон байдаг юм байна. Бөөс хүртэл бөөр, зүрхтэй юм гэнэ билээ гэгчээр дэлхийн хамгийн жаахан орон Фижи гэдэг арлын улсын парламент бас хоёр танхимтай байна лээ шүү” хэмээн ярихад зарим гишүүн нойроо сэргэтэл хөхөрчээ.

Би ямар бөх биш гэж Э.Бат-Үүл баатар нэрэлхсэн гэнэ

УИХ-ын танхимд гавьяатын өлзий утастай тэмдэг зүүсэн хүн олон. Ю.Цэдэнбал даргын үед баатар болон гавьяат цолыг энгийн хөдөлмөрчин хүмүүс илүү их авдаг байв. Харин ардчилал мандаж Монголын төр улс төрчдийн гарт орсон үеэс дарга нар л баатар ба гавьяат цолд живж эхэлсэн юм. Одоогийн УИХ-д Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 2, гавьяат цолтон 20 гарчээ. Ямартаа Э.Бат-Үүл гишүүнээс, “Та яагаад баатрын одонгоо зүүдэггүй юм бэ” гэхэд, Эрдэнэ зохиолчийн том хөвүүн нэрэлхсэн үү “Би ямар бөх биш” гэсэн гэнэ. Тэгэх нь ээ парламентад Б.Бат-Эрдэнэ аварга, Кёкүшюзан Д.Батбаяр хоёр ямагт энгэртээ мөнөөх “төмөр одон”-гоо зүүж явдаг учраас тийнхүү нэрэлхсэн гэнэ.

Эх сурвалж: Хувийн мөрдөгч сонин


URL:

Сэтгэгдэл бичих