Чанаргүй зээл 204 тэрбум төгрөгт хүрсэн байна

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн улирлын тоймыг гаргажээ.

Хөгжлийн чиг хандлага болон төсвийн удирдлагын үүднээс авч үзвэл МУ-н дунд хугацааны хэтийн төлөв сайн байхаар байна. Гол нь энэ хугацаанд өнгөрсөн жил баталсан Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулийг хэрэгжүүлж энэ хуулийн хэрэгжилтийг дэмжих нэгдсэн төсвийн тухай шинэ хуулийг батлах нь чухал аж.

Ингэснээр төсөв эдийн засгийн мөчлөгөөс хамааралгүй болж, ашигт малтмалын баялаг ихтэй улс орнуудад ихэнхдээ тохиолддог макро эдийн засгийн “Голланд өвчнөөс” зайлсхийлэх болно гэв. Гэхдээ энэ хуулийн үндсэн зарчим болох ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх төсвийн тэнцэл 2013 он хүртэл хүчин төгөлдөр болохгүй ба энэ хугацааг хүртэл дотоод болон гадаад эх үүсвэрээс үүдэлтэй томоохон эрсдэлүүд байсаар байх гэнэ.

Төсвийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр төсвийн гүйцэтгэл сайжирсан хэвээр байгаа аж. 12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон төсвийн тэнцэл өнгөрсөн оны гуравдугаар сард ДНБ-ий таван хувьтай тэнцүү алдагдалтай байсан бол энэ оны гуравдугаар сард ДНБ-ний 2.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа. Энэ нь нийт эдийн засгийн хүрээнд болон импорт, ашигт малтмалын үнэд ч сэргэлт гарч байгааг харуулжээ. Төсвийн бодит орлого мэдэгдэхүйц сайжирч гуравдугаар сард өмнөх онтой харьцуулахад 56 хувиар өссөн гэв.

Гэсэн хэдий ч 2011 оны манай улсын төсвийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж 779 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 52 хувиас илүү гарах хэмжээнд хүргэсэн бөгөөд үүнээс үүссэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Тавантолгойн гэрээнээс орж ирэх тодорхой бус орлогоос шалтгаалан хүндрэл учрахаар байна. Хэрэв энэ гэрээгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй тохиолдолд ялангуяа гадаад бонд гаргах орчин таагүй байгаа нөхцөлд алдагдлын санхүүжилтийг бүхэлд нь дотоод зах зээлээс гаргах хэрэгтэй болно.

Ингэснээр эдийн засгийн энэхүү өсөлтийн үед зээл шаардлагатай хувийн салбарынхныг шахан гаргахад хүргэх юм байна. Худалдааны алдагдал үргэлжлэн тэлсээр 646 сая ам.долларт хүрсэн нь импорт өмнөх оны мөн үеийнхтэй 86 хувиар өссөнтэй холбоотой. Экспортын хэмжээ металлын үнийн өсөлт, Монгол улсын экспортын 90 хувийг шингээдэг Хятад улс их хэмжээний нүүрс, зэс импортолсон үетэй давхцан 71 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Худалдааны алдагдал өссөнөөр урсгал дансны алдагдал энэ оны нэгдүгээр улиралд цаашид үргэлжлэн тэлэхээр байна.

Төв банкны валютын нөөц бүрдүүлэлт тогтворжиж ам.доллартай харьцах дөрөвдүгээр сарын дундаж ханш өмнөх сартай харьцуулахад нэг хувиар чангарч энэ сарын эхээр зургаан хувиар суларсан гэж байна. Банкны салбарын хувьд, 2009 оны турш байнга өсч байсан чанаргүй зээлийн багц буурах хандлагатай болсон ч жижиг болон дунд хэмжээний банкуудын хувьд төлбөрийн чадвартай холбоотой асуудлууд байсаар байгаа гэлээ. Хугацаа хэтэрсэн зээл арванхоёрдугаар сард 90 тэрбум төгрөг байснаа гуравдугаар сард 81 тэрбум төгрөг болж буурсан хэдий ч чанаргүй зээлийн багц болон хугацаа хэтэрсэн зээл хамтдаа нэлээд өндөр хэмжээтэй буюу нийт зээлийн 13 хувь байсаар байна.

Чанаргүй зээлийн багцын бодит хуримтлал хоёрдугаар сарынхаас 3.2 хувиар өсчээ. Нийт чанаргүй зээлийн багц дампуурсан хоёр банкыг /Анод, Зоос/ оролцуулалгүйгээр хоёрдугаар сард 189 тэрбум төгрөг байснаа гуравдугаар сард найман хувиар өсч 204 тэрбум төгрөгг хүрсэн байна. Энэ хооронд нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2009 оны арванхоёрдугаар сараас хойш өссөөр байгаа ба 2011 оны гуравдугаар сард 35 хувиар буюу бодит утгаараа 29 хувиар өссөн аж. Зээл хурдацтай өсч байгаа хэдий ч Монголын банкуудын хувьд эрх зүйн зохицуулалт болон хяналт шалгалтын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байсаар байгаа гэв.

Харин ханшийн таатай байдал болон хадгаламжийн иж бүрэн баталгаагаар дэмжигдсэн төгрөгийн хадгаламж гуравдугаар сард 2.3 триллионоос давж шинэ дээд рекорд тогтоожээ. Банкны салбарын хэмжээн дэх нийт 6.3 триллион төгрөгийн пассивын 4.5 орчим триллион төгрөг нь хадгаламж болон харилцах данс байдаг ба үүнд төрөөс иж бүрэн баталгаа гаргаж өгчээ.

Үр ашигтай, хөрөнгө болон эрх зүйн зохицуулалт сайтай банкны салбарыг бий болгох шинэчлэлтүүдийг цаашид үргэлжлүүлэн хийх хэрэгцээ, шаардлага байсаар байгааг дэлхийн банкныхан хэлж байна. Монголын өнөөгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хямралын өмнөх үе буюу 2008 оны үетэй харьцуулахад төстэй шинж тэмдгүүд харагджээ.

2011 оны төсөв хэт тэлсний улмаас төсвийн төлөвлөгөөнд их хэмжээний бэлэн мөнгө тараах, цалин ба үнийн хэлбэрээр энэ оны хоёрдугаар улирлын дунд үеэс үнийн өсөлтөд хоёр дахь томоохон эрсдэлийг авчирч болзошгүй гэнэ. Мөн инфляци түр зуур буурч, бодит хүүгийн хэмжээ одоогоор эерэг байгаа хэдий ч хямралын өмнөх үеийн сөрөг хэмжээнд эргэн орж болзошгүйг анхааруулж байлаа.

Б.Энх
Дээшээ

Хэвлэх Найздаа илгээх Сэтгэгдэл бичих

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.