МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД БУЯНЫ ҮЙЛСИЙГ БАЛАЙ АЖИЛ ГЭЖ СЭЖИГЛЭДЭГ ҮҮ?

Бага байхад хамгийн мундаг хүн нь л гүрний хаан, улсын ерөнхийлөгч болдог гэсэн ойлголттой явсан минь хүүхэд насны гэнэхэн эндүүрэл байв. Багын ойлголтоор бол Монгол Улсын хамгийн мундаг хүн нь Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болж таарна л даа. Тэгээд мундаг хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхлоо. Эрхэмсэг төрийн тэргүүн маань өнгөрсөн онд 57 сая төгрөгийн орлого “хураажээ”. Сонирхолтой нь түүнд хэн ч бэлэг өгсөнгүй. Зээл ч тавьсангүй. Банкин дахь хадгаламжинд нь 32.4 сая орчим төгрөг байж байна.

Тэгвэл өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүл 1.73 сая ам.долларын орлого олж. Хэн хичнээн хэмжээний орлого олсон нь тийм ч ач холбогдолтой биш л дээ. Хамгийн гол нь дэлхийн хамгийн хүчирхэг баян АНУ-ын хамгийн мундаг хүн Обама нийт 36 буяны үйлст оролцохдоо 245 мянган ам.доллар хандивласан нь илүү сонин байв. Харин манай хамгийн мундаг хүн ганц ч төгрөг буяны үйлст хадивлаагүй болж таарав. Телевизээр өдөр бүр шахам өвчин зовлонд нэрвэгдсэн хүн, хүүхдийн тухай ярьж хандив тусламж гуйж буйг мэдээлж байдаг. Өрөвч нинжин сэтгэлтэй хэн боловч боломжоороо зуун төгрөгнөөс эхлээд 10,20 сая төгрөг хүртэл хандивладаг. Харин манай төрийн тэргүүн сэтгэл болоод гар “чанга”-тай нэгэн болж таарлаа. Ямар нэг цалинтай алба эрхэлдэггүй мөртлөө тэргүүн хатагтай Болормаа жилд 36 сая төгрөгийн орлоготой аж. Мэдээж шударгаар олсон мөнгө байх. Гэвч Ерөнхийлөгчийн гэр бүл буяны үйлст ач холбогдол өгдөггүй гэж бодоход хачин шүү. Энэ гэр бүлтэй харьцуулахад АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл үнэхээр мундаг аж. Монголын толгой хөрөнгөтнүүдийн жагсаалтын тэргүүнд явдаг баячуудын нэг нь Ерөнхий сайд С. Батболд мөнөөсөө мөн. Гэтэл бас л 1000 төгрөг ч буяны үйлст зориулаагүй байна. УИХ-ын дэд дарга Г. Батхүүг халгиж цалгисан баячуудын тоонд багтаадаг. Түүний өнгөрсөн жил хурааж авсан орлого нь 360.6 сая төгрөгт хүрчээ. Гэхдээ түүний хадгаламжинд ганц төгрөг үгүй гэнэ. Олсон бүгдийгээ бизнестээ оруулдаг юм байх. Гэтэл Г. Батхүү дарга бас л буяны үйлст гар сунгаагүй. Нөгөө нэг спикерийн орлогч Н. Энхболд 17.6 сая төгрөгийн орлого олж, хадгаламжин дахь мөнгө нь 181 сая хүрчээ. Бас л буяны үйлст сэтгэл сунгасангүй, алгаа тэнийлгэсэнгүй. Засгийн газрын шадар сайд Н. Алтанхуяг 2009 онд 254.7 сая төгрөг хураасан бол 2010 онд 108 сая төгрөг болж хорогджээ. Тэгэхдээ гэр бүлийнх нь орлого тэгтлээ багасч гавиагүй байна билээ. Хадгаламжинд нь 40 сая төгрөг дэвхийж байх боловч нөгөө зурагтаар уйлж дуулаад хандив тусламж гуйгаад байсныг олж үзээгүй бололтой өвчтэй зовлонтой нэгэнд ганц төгрөг ч сарвайсангүй. Шадар сайд М. Энхболд ч яг ижилхэн. Уг нь Энхболд сайдын хадгаламжин дахь мөнгө 2009 оныхоосоо нэмэгдсэн байгаа харагдсан. Одоо түүний хадгаламжийн дэвтэрт байгаа бараг 200 сая буюу 195.3 сая төгрөг намайг түр боловч салхинд гаргаач, би бүтэж үхэх нь гээд хэвтэж байна. Гэтэл мөн л буяны үйлс гэж балай юманд гурван цаас гаргаж суудаг нь би биш гэдэг бололтой юм уу даа.
Монголын төр засагт өндөр албан тушаал хашдаг эрхмүүд бараг бүгдээрээ хадгаламжиндаа хэдэн саяас авахуулаад тэрбум төгрөгтэй улс аж. Гэсэн ч тэд буяны үйлсээс төвөгшөөж зугтааж явдаг нь илт.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг парламентад хоёр удаа сонгогдож, сайдын алба ч хашаад үзчихсэн олны танил улс төрч. Тэрээр хадгаламжиндаа 42 сая төгрөгтэй. Бас 140 саяар үнэлэгдэх хоёр тансаг жийп машин гараашдаа сойсон байна билээ. Эхнэрийнх нь нэг жилийн орлого 125.4 сая төгрөгт хүрчээ.
УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний төлөөллийн нэг Д. Оюунхорол гишүүний хадгаламж 149 сая төгрөг ч аанай л гар сунгасангүй. ГОК-ийн босс, Үйлдвэр худалдааны сайд асан Х. Наранхүү гишүүн гэхэд 289 сая төгрөг хадгалмжиндаа хав дарж, агаар ч оруулсангүй. Парламентын хамгийн их дуугардаг эрхмээр тодроод буй Н. Ганбямба гишүүний хадгаламж бүр талийсан агаад 650 сая төгрөг дэвтэртээ “нуужээ”. Байнгын хорооны шинэхэн дарга Д. Зоригт гишүүнийх бүр хаданд гарчихаж. Түүний хадгаламжинд 1.3 тэрбум төгрөг “үжирч” байна.
Мөнгөөр хахалдаж цалгиж явдаг атлаа манай эрхэм улс төрчид “БУЯНЫ ҮЙЛС” гэдгийг бузрын ажил хэмээн сэжиглэдэг юмсан уу, эсвэл хэн нэгэн иргэний зовлон барцад тэдний хувьд ямар ч падлийгүй зүйл байдаг уу, юутай ч тэд алга тэнийлгэхдээ дурамжхан байдаг аж. Харин сонгуулий нүеэр бол тэдэн шиг мөнгөөр бороо оруулдаг, ард түмэндээ хайртай, амиа өгөхөөс ч буцахгүй өглөгч буянтан үгүй болдог. Монголчууд ярьдаг даа, ямар үхэхдээ энэ хэдэн мал, өмссөн хувцас, унадаг унаа тэргээ аваад явах биш гэж. Үнэхээр авч явахгүй гэсэн хэрнээ л манай баячууд хэдэн үеэрээ идээд ч барахгүй их хөрөнгө цуглуулж, ханаж цадахаа мэдэхгүй загнаж бараг л “юм”-ндаа дарагдаж үхэх шахаж байна.

luivarmn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.