Н. Энхбаяр балгасаа алдахгүйн тулд Ц. Батбаярыг зайлуулж, Т. Билэгтийг хотын дарга болгожээ.

Ерөнхийлөгч асан Н. энхбаярынх гэгддэг балгас болсон хэвлэх үйлдвэрийн барилга улс төрийн болон бизнесийн нилээд том бүлэглэлийг сүйрүүлж мэдэх нь. Хотын фракцынхны хийсэн он дамнасан хууль бус газрын наймаа, нийслэлийн өмчит байгууллагуудыг хэрхэн үгүй хийж, хувааж авсны бодит жишээ болсон Д. Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлалтай холбоотой эл хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь. Газрын наймаачин гэж цоллуулдаг Монгол Улсын Шадар сайд М. Энхболдоос авахуулаад ХХААХҮ-ийн сайд Т. Бадамжунай нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд НИТХ-ын дарга Т. Билэгт, тухайн үе нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга болон Нийслэлийн өмч хувьчлалын комиссыг ахалж байсан

Н. Маналжав, хувьчлалын менежментийн багийн ахлагчаар ажиллаж байсан Ж. Саруулбуян, До. Чулуунбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татлаа. Мөн менежментийн багийн гишүүд болох Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А. Гансүх, ”Улаанбаатар таймс” сонины орлогч эрхлэгч Ариунтуяа, сэтгүүлч Ундармаа, Н. Энхбаярын эхнэр О. Цолмонгийн дүү О. Алтан, УИХ-ын гишүүн Ц. Дашдоржийн эхнэр Б. Согоосүрэн нар ороогдож таарах нь.
Тухайн үед хэвлэх үйлдвэр болон “Улаанбаатар” сониныг хувьчлах шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч М. Энхболд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т. Бадамжунай, НИТХ-ын дарга Т. Билэгт нар гаргаж, “Улаанбаатар таймс” нэртэй найман гишүүний бүрэлдэхүүнтэй менежментийн багийг томилж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай хувьчлалын гэрээ байгуулж байсан байна. Багийн ахлагчаар Ж. Саруулбуян ажиллаж байсан ч яг хувьчлагдахын өмнө гэнэт До. Чулуунбаатарыг томилжээ. Н. Энхбаяр Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т. Бадамжунайгаар дамжуулан Монгол улсын баатар, хурандаа генерал Ж. Лхагвасүрэнгийн ач хүү, “Хангарьд” авиа компанийн захирал Л. Сэргэлэнд хамтрах санал тавьжээ. Менежментийн багийнхантай Л. Сэргэлэнг уулзахад гишүүд нь найман хувийг эзэмших болж, харин түүнд 40 хувийг эзэмшүүлнэ хэмээсэн учир 700 орчим сая төгрөгөөр “Улаанбаатар” сонины ажилчдын цалин болон хэвлэлийн зардлыг гаргаж санхүүжүүлжээ. Ингэж байтал Хотын мэр Ц. Батбаяр Улаанбаатар хотын захирагчаар эрх мэдлийнхээ хүрээнд хэвлэх үйлдвэрийн газар дээр эхлээд парламентийн ордон бариулах гэж оролдож, дараа нь хэвлэх үйлдвэрийн байшинг Японы нэгэн компанид зарахаар тохиролцсон байсныг олж мэдсэн Ерөнхийлөгч Н. Энхбаяр түүнийг албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Т. Билэгтийг нийслэл хотын засаг даргаар томилоод, хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг түргэтгэх ажлыг түүнд даалгажээ. Т. Билэгт менежментийн багийн ахлагч Ж. Саруулбуянтай мөнгөөр тохиролцон замаасаа зайлуулж оронд нь До. Чулуунбатарыг томилсон байна. “Улаанбаатар таймс” менежментийн баг Нийслэлийн өмчийн харилцааны газартай менежментийн хувьчлалын гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа Өмч хувьчлалын комисс хуралдаж 2008 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор хэвлэх үйлдвэрийн байр болон сонинг хувьчилсан байна. Хувьчлалаар авсан барилгыг давхарлахаар засварлаж эхэлтэл барилга дээр ажиллаж байсан хоригдлуудын хоёр нь барилгаас унаж нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан учир мэргэжлийн байгууллагууд “Хэвлэх үйлдвэрийн барилгыг нураахгүйгээр, засварлан ашиглах боломжгүй” гэсэн акт гаргасан тул ажил зогсжээ. Ийнхүү өнөөг хүртэл балгас хэвээр байгаа барилгад хүчингийн хэрэг ч гарсан. Хувьчлалын дараа өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн Л. Сэргэлэн 40 хувь ч үгүй хоцорсноор хувьчлалын булхайг дэлгэж эхэлсэн юм. Энэ хэргийг улс төрийн шалтгаанаас болж хуулийнхан тухайн үед нь шалгаж зүрхлээгүй байна. Учир нь хувьчлалын ард Ерөнхийлөгч Н. Энхбаяр болон түүний гар хөл бологчид байсан учир гэрч олдоогүй гэнэ.
Зохион байгуулалттай энэ хувьчлалын үйл ажиллагааг НИТХ-ын дарга Т. Билэгтийг голлон гүйцэтгэсэн хэмээн үзэж байгаа учраас “Ганц худаг”-т урьдчилан хорьж мэдүүлэг авах гэсэн боловч өөрөө хүсэлт гаргасан учир гадуур байцаахаар болсон байна. Мөн “Ганц худаг”-т цагдан хоригдож буй До. Чулуунбаатарыг батлан даалтад авахаар өмгөөлөгч нь хөөцөлдөж байгаа бөгөөд хүсэлтээ бичгээр холбогдох байгууллагуудад өгчээ. Эл хэрэгт холбогдож хэд хэдэн удаа байцаалт өгсөн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Г. Маналжав зүрх өвдсөн гэх шалтгаанаар мөрдөн байцаалтын дундуур Солонгосруу оджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.