Сэргээн засварлах мэргэжилтэн байхгүйгээс үнэт өв устаж байна

Нийслэлд ирсэн гадаадын зочид, жуулчдын өмнө нүүр тахлах цөөн хэдэн газар байгаагийннэг нь Чойжин ламын сүм музей билээ.
Манай нийслэлд жуулчдын анхаарлыг татах зүйл ховор байдаг бөгөөд оройгүй сүм хийдүүдийн барилга байгууламж жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Ийм учраас олон улсын жишгийг дагаж цөөн хэдэн сүм, хийдийн барилгуудаа сэргээн засварлаж, соёлын өв болгон авч үлдэхэд анхаардаг болсон билээ. 100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музейг засварлах ажил өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж энэ оны долоодугаар сард дуусчээ.
Гэтэл “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр урлагийн үнэт өв болсон тус музейг сэргээн засварлах нэрээр сүйтгэж байгааг шүүмжлэх хүн олон гарч байсан. Үүнээс гадна өнгөрсөн онд Богд хааны музейд хийсэн урсгал засвар чанаргүй болсон гэдэг. Тодруулбал өнгөрсөн онд Хятад улсаас музейн засварын чиглэлийн мэргэжилтнүүдийг авчирч урсгал засвар хийлгэсэн байна. Гэвч тухайн ажил нь үр дүнгүй болсны улмаас дээврээс нь дахин ус гоожих болсон байна. Олон улсын жишгээр тухайн музейн хөрөнгийн 0.5хувийг соёлын өвөө хамгаалахад зарцуулдаг бөгөөд жил болгон засвар, шинэчлэл хийдэг байна. Гэвч манай улсад энэ чилэлийн мэргэжилтэн дутмаг байдаг учраас засвар шинэчлэлийн ажлыг хийхэд хүндрэл учирдаг байна.
Энэ талаар ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэнгээс тодрууллаа.
СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛНО
-Энэ жилийн хувьд нийслэлийн хэд хэдэн сүм музейд урсгал засвар хийсэн. Энэ талаараа тодруулбал?
-Тийм. Хэд хэдэн сүм музейд урсгал засварын ажлыг хийсэн. Богд хааны музей, Чойжин ламын сүм музей бол үзмэрээсээ гадна тухайн барилга нь улсын хамгаалтад байдаг бөгөөд түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Энэхүү Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хашаа, дээврийг нь засах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэсэн.
-Музейн хашааг буулгасан нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан гэсэн. Тэгэхээр хашааг буулгахгүйгээр сэргээн засварлах боломжгүй байсан юм уу?
-Сүм музейн хашаа үнэхээр муудсан байна. Тиймээс солихоос өөр аргагүй байсан. Ер нь манай улсын хувьд сүм хийдийг сэргээн засварлах чиглэлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж нь байхгүй. Тиймээс бид хуульд сэргээн засварлах газрыг шинээр байгуулна гэсэн заалтыг нэмэж оруулсан. Ингэснээр 100 гаруй хүний орон тоо бүхий мэргэжлийн байгууллагыг бий болгож чадах юм. Мөн энэ чиглэлийн лабораторийг байгуулна. Хэрэв ийм байгуулагатай болчихвол хөх тоосго хийх, модоо хатаах гэх мэт нөхцөл боломж нь бүрдэх юм.
-Энэхүү тендерт шалгарсан компанийг ямар үзүүлэлтээр сонгосон юм бэ?
-Тендерт хоёр гуравхан компани оролцсон. Ямар зарчмаар шалгарсныг нь би сайн мэдэхгүй байна. Ямартай ч “Сүлд-Уул” компани шалгарсан.
Тэрбээр ийнхүү ярьсан юм. Харин Богд хааны музейн тайлбарлагч М.Ням-Осороос цөөн асуултад хариулт авлаа.

СОЁЛЫН ҮНЭТ ӨВИЙГ СЭРГЭЭН, ЗАСВАРЛАХ АЖИЛД ТЕНДЕР ЗАРЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
-Өнөөдөр яг манай соёлын үнэт өвийг хамгаалах ажил ямар төвшинд байгаа гэж та хараж байгаа вэ?
-Манай улсын хувьд энэ талын асуудал үнэндээ орхигдож байна. Яагаад гэхээр энэхүү богд хааны музей бол жуулчдын ганц сонирхдог зүйл нь. Гэтэл бодит байдал дээр зуны улиралд дээврээс нь дусаал гоожсон байдалтай байдаг. Мөн Чойжин ламын сүм музейд засвар хийх нэрээр олон жилийн дурсгалт хөх тоосгон ханыг нураачихсан.
Аливаа зүйл хуучрах тусам соёлын өвд таван жил болж нэг засвар хийдэг улс байхгүй. Олон улсын стандартад бол тухайн түүхийн дурсгалт музей, сүм хийдэд үнэлгээ тогтоодог бөгөөд түүнийхээ тодорхой хувиар байнга сэргээн засварлатын ажлыг хийдэг.
-Музейн барилга өөрөө улсын тусгай хамгаалалтад багтдаг. Энэ талаасаа ч тэр, сүсэг бишрэлийн талаас ч тэр хашаа нураасан асуудлыг олон хүмүүс эсэргүүцэж байсан?
-Тэгэлгүй яахав. Тэр хөх тоосго бол зүгээр нэг Хятадын тоосго биш юм. Ер нь энэ тоосгыг ардын уламжлалт эмчилгээнд хүртэл ашигладаг. Харин нөгөө талаас музейн барилга бол тэр чигээрээ түүх агуулж байдаг.
Гэтэл үүнийг зүгээр нураагаад Хятадын улаан тоосгоор барьсан нь үнэхээр харамсалтай байна. Тэгээд энэ мэт соёлын өвийн сэргээн засварлалтын ажил дээр тендер зарлахаа болих хэрэгтэй.
Н.Баасандэмбэрэл

URL:




