Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2013.11.22/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2005 онд Тамхины хяналтын тухай хууль гарч, 2012 онд нэмэлт, өөрчлөлт ороод 2013 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
  Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулсан бөгөөд энэхүү өөрчлөлтийг Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсаны хувьд Л.Эрдэнэчимэг гишүүн эрс эсэргүүцэж байна гэдгээ хэвлэлийн хурал дээр мэдэгдэж, эсэргүүцэх болсон үндэслэлээ тайлбарласан юм.
Тухайлбал, хуулийн 3.1.11 дэх заалтын “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийн талаархи заалттай холбоотой өөрчлөлтүүд мөн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөхийг, 8.4-д тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлэхийг хориглох тухай заалтаас “нийгмийн хариуцлага нэрийн доор” гэсэн өгүүлбэрийг хасахаар санал гаргасныг, 4.1.1 дэх заалтын “Тамхины татварыг тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар” гэсэн заалт болон 6.7.15 дэх “Баар, цэнгээний газар тамхи худалдах” гэсэн заалтуудыг тус тус хасахаар О.Баасанхүү гишүүн хуулийн төсөл боловсруулаад байгааг эсэргүүцэж, эдгээр өөрчлөлтөөс гарч болох хор уршиг, муу үр дагаврын талаар санал бодлоо Л.Эрдэнэчимэг гишүүн хэлээд хууль батлагдаад нэг жил болоогүй байхад лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих