Оны эхнээс хэрэгжсэн шинэ хуулиуд…

Д.БОЛОРМАА

Өдгөө манай улсад 520 хууль үйлчилж байна. Үүнээс 70 нь нийгмийн харилцаанд идэвхтэй зохицуулалт хийдэг бол шинэ он гарсаар дахин гурван хууль шинээр хэрэгжиж эхэллээ. Цагдаагийн албаны тухай, Тахарын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах гэсэн хуулиуд эрх зүйн харилцаанд зохицуулалт хийж эхлэв.

Тахарын тухай хууль нь шинээр “мэндэлж”, цоо шинэ агентлагийг хүртэл байгуулж буй юм. Энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн дээрх хуулиуд ямар онцлогтой тухай тоймлон танилцуулья.

 

ТАХАРЫН АЛБА 700 ГАРУЙ АЛБАН ХААГЧТАЙ

 

Хууль зүйн яамны харъяа Тахарын алба хэмээх энэ шинэ агентлагийн үйл ажиллагаа энэ сарын 1-нээс эхлэх ёстой. Гэвч одоогоор үйл ажиллагаагаа эхлээгүй, дарга цэргээ сонгоогүй байна. Цагдаа, цэргийн байгууллагад насаараа ажилласан нэр бүхий гурван эрхэм Тахарын албаны дарга болохоор нэрээ дэвшүүлснийг эс тооцвол бүтэц, зохион байгуулалтад төдийлөн өөрчлөлт гараагүй байна. Одоогоор зөвхөн албан хаагчдаа сонгон шалгаруулах байгаа сурагтай.

Энэ агентлаг 700 гаруй албан хаагчтай байх ёстой. Албан хаагчдын олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болоод аймаг, дүүргийн шүүхэд хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нар ажээ. Гэхдээ өргөдлөө өгсөн болгоныг сонгож авахгүй,  тэндээс нь шигшиж авах учраас цаг хугацааны хувьд удаашрах төлөвтэй гэнэ. Энэ албаныхан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэгтэй.

Гүйцэтгэх гол үүрэг нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах. Хуучин цагт шүүх байгууллагынхныг цагдаа хамгаалдаг байсан бол өдгөө Тахарын албаныхан энэ ажлыг гүйцэтгэх болж байгаа юм. Түүнээс гадна гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг  эрэн сурвалжлах үүрэгтэй юм байна. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэнэ. Цагдан хоригдож байгаа яллагдагч нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих байрнаас гадуур эмчлүүлэх шаардлагатай бол хуяглан харгалзана. Бүтэц зохион байгуулалт цол хэргэмийн тухайд нэлээд онцлогтой. Тухайлбал, албаны удирдах ажилтнууд Тахар хэмээх цолтой байх гэнэ.

Тахарын алба нь төв байгууллагын дарга, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг хариуцсан тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна. Харин цолны тухайд албаны дарга нь тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь тэргүүн шадар тахар, дэд дарга нь шадар тахар, тойргийн тахарын  албаны дарга нь тойргийн тахар, тойргийн тахарын албаны дэд дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой. Жирийн албан хаагчид нь туслах тахар гэх цолтой болно.

Ингэхдээ өөрийн гэсэн туг болон бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд галт зэвсэг биедээ авч явах эрхтэй байх ажээ.

 

ХОТЫН ДАРГА ЦАГДААГИЙН ДАРГЫГ ТОМИЛНО

 

Цагдаагийн тухай шинэ хуулиар бүтэц, зохион байгуулалт, цол хэргэмд нь нэлээд өөрчлөлт орж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаа нарыг өмсөх хувцаснаас эхлээд зан харилцаа, ажиллах арга барил хүртэл өөрчлөгдөнө гэж байгаа. Одоогоор өөрчлөгдөөд эхэлсэн зүйл ажиглагдахгүй байна. Зөвхөн бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орж байгааг дотор нь ажиллаж буй албан хаагчид дуулгаж байгаа юм. Дээрээс нь албан тушаал дагаж цол өгөх юм. Б.Билэгт дарга шинэ оны өмнөхөн хурандаа, дэд хурандаа цолыг гарын салаагаар тараасан гэх юм билээ. Одоо зөвхөн дарга болохоо хүлээж байгаа цагдаагийн өндөр цолтнууд хаа сайгүй байна. Мэдээж цагдаа хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, илрүүлэх мөрдөн байцаах үндсэн чиг үүргийн хувьд төдийлөн өөрчлөлт ороогүй. Мөрдөх алба хэмээн хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах хэргийг тусгайлан шалгах агентлаг шинээр төрөхийг эс тооцвол хуучин үүргээ гүйцэтгэхээр хуульд заажээ. Харин энэ хуульд тусгайлан оруулж өгсөн том өөрчлөлт бол олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай юм.

Хэв журам сахиулахдаа иргэдийн оролцоог чухалчлах юм байна. Тодруулбал, олон нийтийн цагдаа хэмээх шинэ нэр томъёо энэ хуульд нэмэгджээ.Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр аймгийн цагдаагийн газар, хэлстийн даргыг орон нутгаас томилох нь. Ингэснээр цагдаагийн байгууллага эрх мэдэлтний шууд хараанд орж байна гэх шүүмжлэл өрнөсөн.

Тэгвэл хууль боловсруулагчдын тайлбарлаж буйгаар орон нутгийн цагдааг удирдах албан тушаалтныг төвөөс буюу Цагдаагийн ерөнхий газраас томилох юм байна. Харин нийслэлийн цагдааг удирдах хүнийг хотын дарга томилох гэнэ. Энэ нь хотын дарга иргэдэд тодорхой амлалт өгч сонгогддогтой холбоотой гэв. Хуулийн зарим заалтад цагдаа нар өөрсдөө болон олон нийт дургүй байгаа юм. Цагдаагийн тухай хуулийн өөр нэг өөрчлөлт гэвэл ажилласан жил биш албан тушаал дагаж цол ирэх тухай юм. Хошууч цолтой бол  тасгийн дарга, дэд хурандаа бол хэлтсийн дарга, хурандаа бол газрын дарга болохоор байгаа юм.

Бүтэц дагасан өөр нэг том өөрчлөлт нь дотоодын цэргийн эрх, үүрэг хумигдсан тухай. Өдгөө дотоодын цэрэг төрийн тусгай объектуудыг хамгаалдаг. Тэгвэл энэ үүргийг цагдаа нар өөрсдөө сахин хамгаалахаар болж байна. Хууль боловсруулагчдын хэлж буйгаар дотоодын цэрэг бэлэг тэмдэгийн төдий үйл ажиллагаа явуулах гэнэ. Дарга нь комиссар цолтой байна. Ер нь дотоодын цэрэг аажимдаа татан буугдаж, цагдаад нэгдэх юм байна. Мэдээж цагдаа өөрсдөө гэмт халдлагад өртөх, гэмт хэрэгт өртөх нь элбэг байгаа  учраас дотоод хяналт, шалгалтынхаа цаг хүрээг нэмэгдүүлэхээр хуульчилж өгсөн байна.

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ӨӨРЧИЛЖ  БОЛНО

 

Гэмт хэргийг илчлэх гэрч, хохирогчдын хамгаалах эрх зүйн орчин дутмаг байгаа учраас тэд мэдүүлгээсээ буцах тохиолдол гарсаар байна. Мөнгө, эрх мэдэлтэй хэн ч үйлдсэн гэмт  хэргээ нуун далдлах, гэрч, хохирогчийг айлгах үзэгдэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр дуусгавар болно гэдгийг албаныхан онцолж байна. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль Тахарын тухай хуультай уялдан хэрэгжинэ. Тодруулбал, Тахарын албаныхан гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг гардан хариуцаж ажиллах юм. Насанд хүрсэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна. Амь нас, эрүүл мэндэд аюул, заналхийлэл учирвал оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлнэ.    Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солихоос эхлээд гадаад төрхийг нь мэс заслаар өөрчлөхөөр хуульчилжээ.

Д.БОЛОРМАА

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих