Золигийн хүн…

Дундад зуунд элдэв тэрслүү үзэлтнийг амьдаар нь галд шатааж сор залдаг байлаа. Харин Монголын иргэний хөдөлгөөнийхөн ханаж, цаддаггүй гэх гурван нөхрийн нэр бүхий золигийг хийж төв талбайдаа сор залсан нь хэдхэн жилийн өмнө. Шатаасан гурван золигийн нэгнийх нь эзэн Т.Бадамжунай.  Газрын наймаа гаарч, нийтийн тээвэр сөхөрч унах шахсан тэр л үед түүн рүү ийн дайрсан нь ч учиртай. Мань хашрын талаар хотынхон анддаггүй байсан бол өдгөө хөдөөд “хит” болж явна. Төрөөс төрсөн тэрбумтныг нэрлэх болоход хамгийн түрүүнд түүний нэрийг хэлж хуруу дардаг. Уг нь бол Архангай аймгийн Чулуутынх л даа. Ард түмний гавъяат гэдэг шиг олон нийтээс өгсөн гуншин нь тэр. Албан ёсоор бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай. Харахад гэмгүй, бас хээгүйдүү, баргил хоолойтой энэ эрийг хотын газраар хөлжсөн гэлцдэг. Насан туршдаа төрийн байгууллагад ажилласан тэрээр Монголын баячуудаас илүүрхэнэ үү гэхээс дутахгүй. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 16 сая 700 мянгын орлоготой, хадгаламждаа 61 сая төгрөгтэй гэж хэлэх даруухан эр. Түүнийг “Автобус-3”-ыг элгээр нь хэвтүүлсэн хүн гэлцдэг. Түүгээр ч зогсохгүй Авто тээврийн газрын дарга байхдаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас баргийн эр чамлахааргүй хөрөнгө тоншсон гэдгийг хотын захиргааныхан шивэр авир гэх нь бий. 1990-ээд оны үеэр барьж эхэлсэн /өнөөгийн UB Palace/ спорт цогцолборын дөрвөн давхрыг 400 сая төгрөгийн авлига авч өгсөн талаар хэрэг мандсан. Гэсэн ч улстөрчид, хууль, хяналтынхантай ам хэлээ төвөггүй ололцож чаддаг гэгддэг тэрээр энэ хэргээс мултарсан. Ноёнтой заргалдвал толгой гэдгийн үлгэрээр хахууль авсаныг гэрчилсэн нөхөр Ганцхудагт хоригдож эцэстээ өргөдлөө татаад асуудал намжиж байв. Ер нь хотын болохгүй, бүтэхгүй, хууль бус бүхэнд түүний нэр “цохиж” явдаг. МАХН-ын хотын фракцыг тэжээн тэтгэгч, Шадар сайд М.Энхболдын гол тулгуур гэж ч түүнийг хэлж болно. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Энэбиш “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж эсэргүүцээд дийлээгүй юм гэнэ лээ. Сүүлийн үед хэрүүл зарга болж, эрхлэгч нь хоригдоод буй хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хуудуутай ажлын гол дүрд тэр л тоглосон.

Хэдэн жилийн өмнө Америкийн Кентакки мужийн Лексингтон хотод зочилсон Т.Бадамжунай Монголд казино байгуулах ажлаар очсон гэдгийг тухайн үед гадаадын хэвлэл нийтэлсэн.  Кентаккийн нэр бүхий хүмүүстэй Т.Бадамжунайн ярьж тохиролцсон зүйл бол 110 сая ам.долларын өртөгтэй морин тойруулгыг Улаанбаатарт байгуулах явдал байв. Морин тойруулга гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ энэ цогцолборын хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь бооцоо тавьдаг төв, казино хоёр ажээ. Т.Бадамжунайн айлчлалын тухай мэдээлсэн Кентакки мужийн төв хэвлэл түүнийг “Монголын парламент дахь олонхийн бүлгийн дарга” гэж байсан нь андуурсан гэвэл эндүүрэл. Хамгийн чухал нь, казиногийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг Монголын парламентаас гаргуулах, газрын зөвшөөрөл болон бусад бичиг баримтыг бүрэн бүрдүүлэх ажлыг Т.Бадамжунай толгойгоороо хариуцахаар тохиролцсон тухай тус сонинд нийтэлж байв.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл хотод зарах газар үлдээгүй болохоор хөдөөгийн газрын наймааг гааруулахаар шийдсэн бололтой. Мэнэнгийн талын 30 мянган га газрыг солонгосуудад 100 жилийн хугацаантай ашиглуулах тохиролцоог тэрээр хийжээ. Ингэх болсон нь бас л санамсаргүй зүйл биш. Түүний охиныг баян солонгостой сууж Солонгост нижгэр хурим хийсэн гэдэг. “Мон-Уран”-ын Б.Наранхүү талархаж яваагаа илэрхийлээд хүүгийнх нь хуримын бэлэг болгон “Land-200” машин бэлэглэснийг хэвлэлээр шуугисан. Энэ мэтээр түүний нэр холбогдсон газрын наймаа, өмч хувьчлал, хотын захиргаатай холбоотой бүхнийг энэ жаахан зайнд багтааснаас сүүлийн 30 жилийн нийслэлийн түүхийг багтаасан нь хавьгүй амар. Золиг дуурайлгаж хийгээд шатаасан ч байж байдаг тэрээр сүүлийн үед бурхан болохыг санаархдаг болсон гэнэ лээ. Өмнөговийн Дэмчигийн хийдэд бурхан залахдаа өөрийн царайтай ч ижил дүртэй бүтээл урлуулж амжсан. Худлаа гэхнээ залсан бурхныг нь очоод үзээрэй. Золигийн хүн бурхан болсон түүх ийм бөлгөө…

А.ШАРХҮҮ
yanaamn

URL:

Сэтгэгдэл бичих