Говь-Алтайн алтанд шунасан АН-ынхны санаархал
АН-ынхан Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ач холбогдол өгч улайран зүтгээд байгаагийн цаад учир нь юу байв. Энд маш тодорхой хариулт өгөх баримтыг “Алтайгаа аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхан дэлгэлээ. Үнэндээ эрх баригчдын “Ард түмнийхээ төлөө ийм алхам хийж байна” гэх уран үг уриа лоозон байжээ. Учир нь, тэд анхнаасаа Говь-Алтайн алт, хүдрийн нөөц бүхий говийн их дархан цаазат Талын мэлтэс, Хатан суудал орчмын газрыг тусгай хамгаалалттай бүс нутгаас гаргахаар санаархаж байсан нь илт.
Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ний өдөр Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаатараас санал авах тухай албан бичиг явуулсан байх юм. Үүндээ говийн их болон бага дархан цаазат газрыг төрийн тусгай хамгаалалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачилан боловсруулж байгаагаа дурджээ.
Талын мэлтэс, Хатан суудлыг тусгай хамгаалалтаас гаргахыг хэрхэн үзэж буйгаа илэрхийлэхийг үүрэгджээ. Ингэхдээ аймгийн удирдлагуудаас зөвхөн санал авна гэдгээ албан бичигтээ тусгасан байна. Ч.Сайханбилэг даргын эл хачирхалтай албан бичгийн хариуг Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. Тэрбээр хоёр газрыг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж болохгүйг цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор тодорхой тайлбарласан байх юм.
Харин эрх баригчид үүнийг нь ойлгохыг хүсээгүй бололтой. Тэдэнд орон нутгийн удирдлагаас санал авсан гэх нэр зүүх хамгаас чухал байж. Орон нутгийнхан эсэргүүцэж байгааг эрх баригчид ойшоож үзсэнгүй. АН-ынхан орон нутгийн сонгуульд ялбал Талын мэлтэс, Хатан суудал орчмын алт, хүдрийн нөөцтэй газар руу дайрч эхлэх нь тодорхой боллоо. Бид чинь тусгай хамгаалалттай газар нутагтаа олборлолт явуулахгүй бол амьдарч чадахаа болчихсон юм гэж үү. Мэдээж үгүй. Энд цөөхөн хэдэн олигархиудын ашиг сонирхол нуугдаж байгаа нь тодорхой. Говь-Алтай аймгийнхан дээрх хоёр газрыг тусгай хамгаалалтаас гаргахгүй гэж эрх мэдэлтнүүдтэй тэмцэлдээд байгаагийн учрыг цөөн үгээр тайлбарлая.
Хатан суудал, Талын мэлтэс орчмын газрыг мэргэжлийн хүмүүсийн судалгаанд үндэслэн 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дархан цаазат газар болгосон байдаг. Судлаачид энэ бүс нутаг мазаалай, баавгай, хар сүүлт зээр, хулан, цоохор ирвэс, шилүүс, аргаль, хонь, янгир, цоохондой, сибирь алаг даага, бозлог зурам гэх маш олон төрлийн амьтдын өлгий нутаг гэдгийг баталсан. Энд улаан номд орсон нэн ховор амьтад ч бий. Тухайлбал, Хатан суудлын бүс нутаг мазаалайгаар, Талын мэлтэс орчмын газар хавтгай тэмээгээр алдартай. Ийм бүс нутагт хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэдэг байж боломгүй хэрэг.
Тиймээс ч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас Засгийн газраас санаачилан боловсруулж буй УИХын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. АН-ынхан орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарангуутаа тус аймгийн ИТХ-ын маргааныг дэвэргэж эхлэв. Ингэх нь мэдээж эрх баригчдад ашигтай. Харин эл увайгүй санаагаа далдлахын тулд 2012 оны орон нутгийн сонгуульд МАН будлиан хутгаж, МАХН-ыг бүртгэж аваагүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр тараав. МАН-ынхнаас болж татвар төлөгчдийн мөнгийг дахин сонгууль зохион байгуулахаар салхинд хийсгэж байгаа тухай ам уралдан ярьцгаав. Гэхдээ тэдний хэн ч Говь-Алтай аймгийн алт, хүдрийн нөөцтэй тусгай хамгаалалтай бүст хамаарах газарт санаархаж байгаа талаар ганц үг ганхийлгэсэнгүй. ГовьАлтай бол цэнхэртээгүй цөөхөн аймгийн нэг. Тиймээс ч эрх баригчид өмнө нь дураараа дургиж чаддаггүй байв. АН-ынхны нүдэнд байгалийн баялаг нь харагдаад байж суух газраа олохгүй болохоор засаглалын эрх мэдлийг гартаа бүрэн атгахаар зүтгэж байгаа нь энэ.
Ийм л шалтгаанаар АНынхан энэ удаагийн сонгуульд ач холбогдол өгч байгаа хэрэг. Говь-Алтай аймгийн сонгуулийн маргаан сөхөгдөхөөр л улс төрийн намууд бурууг нэгэн рүүгээ чихдэг. Бүр углуургаараа бол 2012 оны бүх шатны сонгуульд АН, МАХН-МҮАН-ын “Шударга- ёс” эвсэлтэй хамтран оролцохоор болсноор дуусашгүй маргааны эх суурийг тавьсныг учир мэдэх хүмүүс хэлж байна. МАХН-ын нэр дэвшигч сонгуульд оролцох ч юм шиг, үгүй ч юм шиг хүлээлтийн байдал үүсчихсэн байсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин АНынхны хувьд сонгуулийн хуулийг сайжруулах хэрэгтэйн бодит жишээ боллоо гэж олзуурхаж байгаа. Энгийн иргэд эндээс шүүх засаглал сонгуулийн үр дүнг алхны тогшилтоор өөрчилдөг болсныг тод харлаа. Тэгвэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур улстөрчид энэ маргааныг шийдвэрлэх гэж ямар алхам хийв. Өнгөрсөн хугацаанд Говь-Алтай аймагт үүссэн маргааныг шийдвэрлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Говь-Алтай аймагт албан бичиг шидсэн нь даарин дээр давс нэмсэн хэрэг болов. Учир нь, төрийн түшээд хоёр өөр агуулгатай албан бичиг явуулсан нь байдлыг улам л ойлгомжгүй болгосон. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Эрхзүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрхзүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе” гэжээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “…Танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгээр хуралдуулах боломжтойг анхаарал даа авна уу” гэсэн байх юм. Энэ маргаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн бөөрөнхийлсөн байр суурь илэрхийлсээр байв. “Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас бидэнд мэдэх юм байхгүй” гэх товчхон тайлбарыг удаа дараа хийж байсан. Эцсийн дүндээ эрх баригчид Алтай нутгийн алтанд шунасан учраас дахин сонгууль явуулах хүртэл нөхцөл байдлыг даамжруулсан нь энэ бололтой. Одоо Говь-Алтайн иргэдийн өмнө байгалийн хосгүй баялагт Хатан суудал, Талын мэлтэсээ АНынханд алдах уу, эсвэл авраад үлдэх үү гэдэг сонголт л үлдлээ.
URL: