Кенни Вест: Яг одоо хий, эсвэл хэзээ ч битгий эхлүүл

00c29f4055547d99originalАмерикийн алдарт реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Кенни Вест 1977 оны зургадугаар сарын 8-нд төржээ. Тэрбээр “Time”, “Forbes” зэрэг сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий алдартнуудын эгнээнд багтдаг билээ. Кенни “Interview magazine” сэтгүүлд уран бүтээл амьдралынхаа талаар ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

-Та зүрх сэтгэлээсээ дуулж, үзэгчидтэй түргэн хугацаанд холбоо тогтоож чаддаг. Тэр холбоог хэрхэн бий болгодог юм бэ?
-Би нүдээ аниад өөрийгөө гурван настай болсон юм шиг л санадаг. Аль болох залуу байгаагаар өөрийгөө төсөөлж чадвал миний өмнө байгаа хана хэрэм нурах шиг санагддаг.

-2002 онд та машины осолд орж хүнд бэртэл авсан. Тэр үеийн Кенни одоогийн Кенни нарын хооронд ялгаа хэр байна вэ?
-Энэ ослын дараа би өөрөөр амьдарч эхэлсэн. Ослоос өмнө би үнэт цаг хугацаагаа өөрийн сонирхоогүй зүйлд бусдад зарцуулж байсан. Машины осол миний амьдралыг өөрчилж, би цаг хугацааг зөвхөн өөрийн сонирхсон зүйлдээ зориулах хэрэгтэйг ойлгуулсан. Би продюсер хүн. Бүх хүн надад реппэр болох боломж байхгүй гэж байсан. Гэсэн ч би тэр бүх хүнд өөрийгөө юу хийж чадахыг харуулахыг хүссэн. Түүндээ ч хүрч чадсан гэж бодож байна.

-Тэгэхээр та амьдралыг илүү өөдрөгөөр харах болсон гэж үү?
-Тиймээ. Ирээдүй минь илүү гэрэлтэй харагдах болсон. Би тэр цагаас хойш “Яг одоо хий, эсвэл хэзээ ч битгий эхлүүл” гэсэн уриаг мөрдөж байна. Би хүмүүсийн олонхи нь өөрийн амьдралын чухал зүйлээ үнэлж чаддаггүй гэж боддог. Түүнээсээ болж алдаа их гаргадаг байх.

-Таны тоглолтыг үзэхэд итгэмээргүй их эрч хүч мэдрэгдэж байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Өвөө минь “Амьдрал бол жүжиг” гэж хэлж байсныг санаж байна. Би байгаа бүх зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Гэхдээ олонхи хүн бусадтай оюун бодол, сэтгэл зүрхээ хуваалцахаас айдаг. Хамгийн гол нь тэд бусдад тэнэг хүн шиг харагдахаас айдаг гэсэн үг.

-Та маргаашийн тухай боддог уу?
-Өнөөдөр бол бидэнд байгаа бүх зүйл. Өчигдөр бол өнгөрсөн цаг хугацаа дахиад бидэнд ирэхгүй. Харин маргааш бол ирээдүй. Тиймээс бид юу болохыг урьдчилан таах арга үгүй шүү дээ.

-Та урлагтай хэрхэн холбогдсон бэ?

-Би зураач болохын тулд суралцаж байлаа. Таван настайдаа л урлагийн сургуульд элсэн орж байсан. 14 настайгаасаа үндэсний тэмцээнд оролцож эхэлсэн. Тэгээд дунд сургуулиа төгсөхөд надад Чикагогийн урлагийн их сургууль, Америкийн урлагийн академид тэтгэлэгтэй суралцах боломж бий болсон байсан. Би Америкийн урлагийн академийг сонгосон.

- “Bound 2” клипний чинь талаар ярилцахгүй өнгөрч чадахгүй нь. Ким та хоёр яагаад тийм зураг авалт хийлгэхээр болов их шүүмжлэл дагуулж байна шүү дээ?
-Тэр бүх санал шүүмжлэл бол ердөө л атаархал. Би хүмүүсийг мөрөөдлөөсөө айдаг гэж боддог. Энэ клип бол мөрөөдлийг хамгийн ойроос мэдрэх боломж гэж хэлж болно. Энэ бол миний мөрөөдөл учраас бүх хүнд таалагдахгүй байж болно. Гэхдээ би энэ клипээрээ дамжуулан мөрөөдлөөсөө айх хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Мөн реппэр гэдэг бол алтан гинж зүүгээд явахыг хэлэхгүй гэдгийг олонд харуулмаар байна.

-Таныг олонд таниулсан зүйл мөнгө үү, хүч чадал уу?

-Би бодол сэтгэлээрээ хүч чадлыг бий болгохыг хүсдэг. Энэ бол миний мөрөөдөл. Өөрийн бодол, шинэ санаа бүрийг бодит болгохыг би хүсч байна. Би урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөж байна. Эхэндээ гаргасан цомгоо борлуулахын тулд 30 компани, 30 тэрбумтантай уулзсан. Гэтэл тэд юу гэж хэлсэн гээч бүгд чадахгүй гэсэн. Энэ бүхний эцэст би амжилтад хүрэхийн тулд өөрөө л бүх хүч чадлаараа хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Танай эцэг, эх хувь хүний чинь үзэл бодолд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Миний эцэг, эх хоёулаа өндөр боловсролтой. Тэд үргэлж мэдлэг боловсрол хүнд ямар чухлыг ярьдаг байсан. Ээж минь намайг тавдугаар ангид ортол орой болгон надад ном уншиж өгдөг байсныг санаж байна. Харин аав минь Христийн шашинт, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгч байсан гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг энэ хоёр хүний надад үзүүлсэн үлгэр дууриаллаар би өдий зэрэгтэй яваа.

-Яг энэ мөчид хайр гэж юу болохыг тайлбарлаач?
-Хайр. Хэн нэгэнд дэлхийн бүх мөнгө цугларсан ч тэр хайрыг хүссээр л байх болно.

-Чиний амьдрал өөрчлөгдөж байна. Эцэг болох ямар санагдаж байна даа?

-Бүх зүйл шинэ мэт л санагдаж байна. Аав болоход ойлгохгүй зүйл их гарч ирж байна. Би олон ярилцлагадаа аав байх ямар тухай ярьсан. Тиймээс энд дахиад ярьмааргүй байна. Ямартай ч энэ бол хамгийн их аз жаргал. – Хүүхдийнхээ ирээдүйн талаар? -Бидний дундаас төрсөн аз жаргал. Түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг бурхан л мэдэж байгаа байх. Би аав болсон. Одоо сайн эцэг байхын тулд хичээх л үлдлээ. Түүндээ би бүхнээ зориулна. Хүүхдийнхээ төлөө санаа зовж, ирээдүйг нь бодож, төлөвлөсөн зүйл байлгүй л яахав. Гэхдээ одоохондоо хүүхдийг эрүүл өсгөх нь хамгийн чухал.

-Миний бодлоор урлаг бол ганцаардал. Та хэзээ нэгэн цагт ганцаардаж байв уу?

-Надад гэр бүл минь байна. Тиймээс ганцаардах шалтгаан байхгүй.

-Уран бүтээл туурвиж эхлэхэд чинь хамтран ажиллах дуртай хүн байгаагүй ч та амжилт олж чадсан байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

-Би зөвхөн уран бүтээлдээ л анхаарч ирсэн. Амжилт олох нь тийм ч чухал санагдаагүй. Миний амжилтын нууц бол өөрийн олон санаануудыг бодит амьдралд хэрэгжүүлсэн гэж бодож байна.

-Та арав гаруй жил урлагт зүтгэж байна гэсэн. Яг одоо таны зорилго юу вэ?

-Би илүү их зүйл бүтээхийг хүсч байна. Эцсийн мөчид ч олсон орлогоо хүртэл илүү агуу зүйл хийхийн төлөө зарцуулж чадна. Түүнээс биш илүү том байшин, тухтай сандал худалдан авахын тулд би мөнгөө үрэхгүй.

-Хадмуудтайгаа эв түнжин тааруу байгаа гэж дуулсан юм байна. Зарим нэг зүйл дээр маргалддаг гэсэн?

-Гэр бүлийн л асуудал. Ямар ч гэр бүлд иймэрхүү жижиг асуудал тулгардаг байх. Заримдаа ганц хоёр зүйл дээр санал зөрж, хэл ам зөрөлдсөн зүйл байдаг л даа. Гэхдээ эцсийн дүнд энэ гэр бүлийг би л хариуцна шүү дээ. Бидний өмнөөс хэтэрхий их зүйлд хутгалдаад байдагт нь хааяа би уцаарладаг нь үнэн. Гэхдээ манай хоёр гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц том асуудал биш.

-Таныг “South Park” хүүхэлдэйн цуврал дээр ижил хүйстэн мэтээр хошигносон байсан. Та үүнийг үзсэн л биз дээ?
-Үзсэн. Би зохиолчтой нь уулзахыг хүсч байгаагаа илэрхийлмээр байна. Намайг ямар нүдээр харж, ижил хүйстэн гэж төсөөлж чадсаныг гайхаж балмагдсан шүү. Хэдийгээр ижил хүйстэн ч гэсэн миний инээдийг хүргэсэн зүйл байсан. Би эхлээд “Ээ, бурхан минь. Энэ одоо юу вэ. Үнэхээр ийм зүйл болж байна гэж үү” хэмээн бодсон. Хөгжилтэй ч юм шиг. Харин дараа нь найзууд минь намайг дооглож, тохуурхаж эхэлсэн.

-Та хэзээ ч Грэммийн шилдэг цомгийн эзнээр шалгарч байгаагүй. Олон хүнд үүнд чинь гайхаж асуудаг байх “Хэзээ Грэмми хүртэх вэ?” гэж?

-Би хэзээ ч шилдэг цомогт нэр дэвшиж байгаагүй. Энэ жил харин шилдэг цомог, шилдэг дуу гэсэн номинацид нэр дэвшээд байгаа шүү.

-Хэн нэгний танд өгсөн хамгийн сайн зөвлөгөө гэвэл та санаж байна уу?
-Хэн нэгэн надад “Кенни чи өөрийн юу хүсч байгаагаа л хий” гэж хэлж байсныг санаж байна. Гэхдээ одоо надад ямар ч зөвлөгөө хэрэггүй.

-Та өөр салбарт хүч сорихыг хүсч байна уу?

-Тэгэлгүй яахав. 100 хувь. Олон хүн шинэ зүйлийг эхлүүлэхдээ айдаг. Гэхдээ би лав биш.

Г.НЯМСҮРЭН

Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих