Гэмтлийн эмнэлгийн шинэ дарга А.Мөнхтайваны өргөдлийг хүчээр өгүүлсэн үү

анхбаярЭрүүл мэндийн сайд Н.Удвал энэ албан тушаалд байх хугацаандаа лав Гэмтэл согог судлалын үндэсний төвийг захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяраас салгаж хүчрэхгуй нь бололтой.

Учир нь тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч улмаар ажлаа албан ёсоор хүлээж авах гэж байсан А.Мөнхтайван өнгөрсөн мягмар гаригт даргын сандалд нь сууж, байгууллагын тамгыг нь атгаж амжилгүй халагдах өргөдлөө өгчээ. Энэ тухай тус яамны цахим хуудаст, “Өргөдөл гомдол” гэсэн хэсэгт нь “2014 онд нэгдүгээр улирал, гуравдугаар сарын 25-нд А.Мөнхтайван. Ажлаас чөлөөлж өгөхийг хүсэх тухай” хэмээн тун товчхон бичсэн байна. Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр “11-11″ төвд ажиллах үеэрээ сэтгүүлчдэд тун аятайхнаар буюу “А.Мөнхтайван ар гэрийн гачигдлаас гэсэн шалтгаанаар ажлаасаа татгалзсан” гэж тайлбарласан ч тус эмнэлгийн хамт олон “Эрүүл мэндийн сайдаар энэ хатагтай ажиллаж байгаа цагт Ц.Энхбаяр албан тушаалаасаа хэзээ ч буухгүй нь үүгээр тодорхой боллоо” гэцгээж байгаа юм.

Бид энэ асуудлын эргэн тойронд ямар үйл явдал үүсээд байгаа талаар тус эмнэлгийн хамт олноос тодруулсан. Тэгэхэд “А.Мөнхтайван сонгон шалгаруулалтад тэнцсэн цагаасаа л элдэв дарамт, шахалт дунд байсан гэсэн. Энэ бүхнээс болж ажлаа өгөх шийдвэрийг гэнэт гаргасан байх. Бидэнд түүний өргөдлийг хүчээр өгүүлсэн гэх мэт мэдээлэл байгаа. Одоогоор Ц.Энхбаяр ажилдаа ирээгүй байна. Уг нь цалин буух хугацаа өнөөдөр байсан. Гэтэл гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар өгөхгүй нь бололтой. Тэр ч бүү хэл энэ асуудиаас болж эмнэлгийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож эм тариа авах санхүүжилтийг хэрхэн яаж шийдэх вэ, улсын онцгой объект элгээрээ мөлхөх үү гээд асуудлууд ар араасаа урган гарч байна” гэсэн юм.

Үнэхээр тус эмнэлгийн хамт олны хэлж буй шиг А.Мөнхтайван дарамтанд байсан учраас өргөдлөө сайн дураараа өгсөн хэмээн ярьж буй нь баттай байж болох талтай. Учир нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэн Ц.Энхбаяр А.Мөнхтайван нарын ажлыг хүлээлцүүлэхээр ГССҮТ-д хэдэнтээ очсон. Гэвч захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өөрийн томилсон хүмүүстэйгээ хамт бүх өрөөгөө цоожлоод тамга тэмдгээ авч зугтаад олдоогүй. Яамынхан ч хайгаад олдохгүй байсан Ц.Энхбаяр захирал яг тэр үед XIII хороололд багийнхантайгаа бааранд сууж байна гэсэн мэдээлэл ирж байсан. Мөн даваа гаригт нь тэрбээр өөрөө ЭМЯ руу утасдаж ‘Та нар ирж энэ ажлаа ав” гэсэн ч мөн л ор сураггүй алга болсон гэх мэдээллийг албаныхан өгч байсан юм.

Гэтэл ердөө энэ үйл явдлын маргааш нь А.Мөнхтайван гэнэт ийм шийдвэр гаргаж, сайн дураараа ажлаа өгсөн гэхээр яах аргагүй хачирхалтай бас сонирхолтой санагдаж байгаа юм. Үүнд УИХ-ын даргын нөлөө магадгүй гэсэн хардлага гэмтлийнхэнд байгаа бөгөөд тэд З.Энхболд Эрүүл мэндийн сайд болон А.Мөнхтайваныг дарамталсан байж болох талтай гэцгээж байна билээ. Яагаад гэвэл Ц.Энхбаяр УИХ-ын даргын хүн гэдгийг батлах хүмүүс энэ салбарт олон байдаг. Бид уншигчдадаа энэ асуудлын эргэн тойронд яг юу болоод байгаа, мөн А.Мөнхтайван үнэхээр дарамт шахалтад орсон эсэхийг тодруулахаар түүн рүү утасдаж мэдээлэл авах гэсэн. Гэвч тэрбээр утсаа салгасан байсан ойр дотных нь хүмүүс А.Мөнхтайван одоохондоо энэ асуудлаар ямар нэг тайлбар хийхийг хүсэхгүй байгаа” гэдгийг хэлж байсан юм.

Ийнхүү он дамжин хагас жилийн турш үргэлжилж буй ГССҮТ-ийн захирлын суудлыг тойрсон хэрүүл маргаан эцэслэн шийдэгдэх нь гэсэн ч асуудал мөддөө дуусахгүй нь бололтой. Мөн цаашдаа энэ эмнэлгийг тойрсон ямар асуудал, хэрүүл маргаан, халаа сэлгээ өрнөхийг мэдэхгүй ч хууль бусаар томилогдсон Ц.Энхбаярын өмнө Эрүүл мэндийн сайд Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөл бүхэлдээ хүчин мөхөсдөж буй нь энэ үйл явдлаар тодорхой болгов.

 

Л.ОЮУ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.