Л.Гүндалай бусдын хашааны газрыг булаалцалдаж байна

663xgundalaiМонголын парламентын түүхэнд гурвантаа сонгогдож, дөрөв дэх дээрээ бүдэрсэн УИХ-ын гишуүн асан Л. Гүндалай жирийн иргэнтэй хашааных нь газрыг булаацалдаж бөөн хэл ам тариад эхэлжээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд төрсөн нутгаасаа нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн тэрбээр хэсэгтээ л “Би Ардчилсан намд их зүйл хийсэн. Адагт нь намайг авслав” хэмээн гомдоллож байсан нь саяхан. Гэхдээ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг, аймгийнхаа Ардчилсан намыг хагалан бутаргасан нь Л.Гүндалай болохоор яалтай ч билээ. Хүссэн ч эс хүссэн ч тахимаа өгч, хувийн бизнесээ хөөхөөс өөр зам түүнд үлдээгүй. Тэрбээр 2004 онд Богд ууланд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 7.5 га газрын зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас авсан байдаг. Авсан газар нь эзэн Чингис хааны дүрийг чулуугаар шигтгэж урласан уулын баруун талыг бүхэлд нь хамарсан юм билээ. Гэхдээ тэрбээр шууд иргэн Л.Гүндалайгийн нэр дээр уг газрыг авчихсан ч юм биш. Асуудал дагуулахыг эртнээс мэдэж байсан болохоор төрсөн эгч Л.Оюундалайгийн хүү О.Одсүрэнгийн нэр дээр бүртгүүлсэн аж. Гишүүн байхдаа өөрийн энэ 2.5 га-г нь бусдад зарж, үлдсэнийг үл хөдлөх хөрөнгө хэвээр нь үлдээсэн байна.

Гэхдээ энд нэг асуудал бий. Учир нь Хан-Уул дүүргийн арван нэгдүгээр хороо буюу Зайсан орчмын газар бол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд багтдаг. Л.Гүндалайг эзэмшихээс өмнө уг газарт хэдэн үеэрээ аж төрсөн айл өрхүүд гэж бий. Оршин сууж байгаа газар нь улсын тусгай хамгаалалтын бүс учраас нэр дээрээ хувьчилж чаддаггүй, мөн л түр эзэмшигч нэрээр төрд данслуулсан. Ингээд л эдгээр хүмүусийн амьдрах эрх, Их хурлын гишүүн байхдаа аваад иргэн болсныхоо дараа ашиглах гэсэн Л.Гүндалайгийн бизнестэй зөрчилдсөн байна. Гишүүн асан Л.Гүндалай ч газрынх нь төлбөр болгон хэдэн төгрөг тэдгээр өрхуудэд тоолж өгөөд, хэл амгүйхэн асуудлыг шийдчих гэж оролдсон байна.

Олонхи нь ч гишүүн агсны аманд багтаж өгсөн мөнгийг нь аваад нүүж одсон гэнэ. Харин тус хорооны дөрөвдүгээр хэсгийн оршин суугч Л.Оюун-Эрдэнэтэй л тохиролцож чадсангүй. Тохиролцох ч гэж дээ, Л.Оюун-Эрдэнийх гэдэг айл оршин суугаа газраасаа нуүхийг хүсээгүй тул, Л. Гүндалайгийн саналаас татгалзсан байна. Мэдээж энэ буруу биш, оршин суух газраа өөрөө сонгох нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх юм хойно. Харин Л.Гүндалайгийнхан Л.Оюун-Эрдэнийг газраа зараач хэмээн гуйж нэг үзээд, гуядаж бас зүтгээд тусыг эс олсон байна. Аргаа барсан тэрбээр Л.Оюун-Эрдэнийнхийг гэр рүүгээ орох замыг нь хаагаад хашлага босогочихсон. Гэртээ орохын тулд Л.Оюун-Эрдэнэ хашлагыг зайлуулж орхисон нь, түүнийг эгээтэй эрүүгийн гэмт хэрэгтэн болгочих шахсан байна.

НАДАД ТАВАН ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

Энэ талаар иргэн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
- Газрын маргаан яг хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Анх 2012 онд манай газрыг худалдаж авах санал тавихад би хүлээж аваагүй юм. Гэтэл тэд манай хашаа руу орох замыг таглаж, хаалт татсан биз дээ. Бид гэртээ орохын тулд уг хаалтыг авч таарна. Ингэсний төлөө УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай намайг бусдын өмчид халдсан хэмээн цагдаад өгч, Эрүүгийн хуулийн 153.1 дүгээр заалтаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. Харин прокурор түүнийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Л.Гүндалай үүнтэй санал нэгдээгүй бололтой, надтай өөрийн биеэр хүртэл ирж уулзсан. Тэр үедээ “Чиний мууг үзэхгүй” гэж хэлж байсан ч, өнөөдрийг хүртэл зүгээр суулгахгүй юм. Их заргач хүн бололтой.

-Одоо тэгээд ямар асуудал үүсгээд байгаа юм бэ?
-Үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд хашаагаа татаж эхэлсэн. Миний хувьд тэр хашааг татуулахгуй гэж гурав хоног эсэргүуцсэн. Гэтэл иргэдийг турхирсан хэмээн дахиад цагдаагийн байгууллагад хандсан байна. Намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдугээр хэлтэст таван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж эхэлсэн байгаа. Би эхний байцаалтаа өгсөн. Бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэдэг зүйл ангийг надад тулгаж байгаа юм билээ. Миний хувьд тийм зуйл ерөөсөө байхгүй.

-Яг хэзээнээс таныг цагдаа дээр дуудаж байгаа бол?
-Энэ сарын 16-наас эхэлсэн. Манай гурав болон дөрөвдүгээр хэсгийн ахлагч С.Бурмаа руу Л.Гүндалай өөрийн 991141.. дугаараас залгаж, дарамталсан. Түүний юу ярьж, хэрхэн дарамталсныг утсан дээрээ бичсэн байгаа.

-Л.Гүндалай яг хэчнээн га газар эзэмшдэг юм бол. Түүнийх гэдгийг яаж яаж батлах вэ?
-Нийтдээ 7.5 га газар эзэмшдэг. Үүнээс 2.5 га-г нь зарсан. Түүн дээр нь өнөөдөр орон сууцны цогцолбор хотхон баригдчихлаа. Одоо түүнд таван га газар үлдсэн. Тэр нь Чингисийн зурагтай уулны баруун талын хэсэг. Уг нь газрыг анх 2004 онд иргэн О.Одсүрэн эзэмшсэн байдаг. 2009 онд сунгуулсан юм билээ. О.Одсүрэн гэдэг нь Л.Гүндалайгийн төрсөн эгч Л.Оюундалайгийн хүү. Түүний ард Л.Гүндалай байгаа нь тодорхой шүү дээ. Түүнийг УИХ-ын гишүүн байхад буюу 2011 онд энэхүү газрын маргааны асуудлаар уулзахад “Янхнууд минь, энэ миний зөвшөөрөлтэй газар. Би газар зарж, 11 гэр бүлийг тэжээж байна” гэсэн. Төрийн түшээ хүнээс ийм үг гарахад бид их гайхсан, бас айсан. Түүний салаавч гаргасан бичлэг нь хүмүүст байгаа байх.

-Энэ газрыг эзэмших гэрчилгээг нь хүчингүй болсон гэсэн. Хэзээ ийм шийдвэр гарсан юм бол?
-Тийм ээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Хан-Уул дүүргийн XI хорооны Иргэдийн нийтийн хурлаар санал асуулга явуулж, энэ газрыг ашиглуулахгүй гэсэн шийдвэр гаргаад дүүргийн Засаг дарга болон Газрын албанд өгсөн. Дүүргийн Засаг дарга ЖХанхуяг бидний өгсөн бичгийн дагуу Л.Гүндалайд газар эзэмшүүлэх гурвалсан талт гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэсзн шийдвэр гаргасан. Гэтэл Л.Гүндалай гарын үсэг зурж өгсөнгүй хэмээн дүүргийн Засаг даргыг шүүхэд өгнө хэмээн дарамталсан байсан.

-Одоо энд үйл ажиллагаагаа явуулж байгаа компани тэгвэл газрын зөвшөөрөлгүй ажиллаж байгаа гэсэн үг үү?
Гурвалсан гэрээ батлагдаагүй учир газрын зөвшөөрөл байхгүй гэсэн үг. Одоо бол хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлаар бид нийслэл рүү хандахаар “Газрын зөвшөөрлийг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас аялал жуулчлалын зориулалтаар олгосон учир асуудлыг шийдэх боломжгүй” гэдэг тайлбарыг Э.Бат-Үүл дарга өгсөн.

 

Б.ДАВААТОГГОХ


URL:

Нэр: ммм Огноо: 21 January 2015

гүнбалай гэж угаасаа худрагагүй новш ичих нүүр гэж байхгүй адгийн амьтан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.