Г.Шийлэгдамба: Улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжлээд байна уу гэсэн эргэлзээ төрж байна

527-1362013934pictМАХН-ын байранд өнөөдөр  сэтгүүлчдийн хөл ихтэй байлаа. Төрийн ордонд болон улс төрийн хүрээнд үйл явдлын мэдээлэл хомс, нөгөөтэйгүүр  Засгийн газарт хамтарч байгаа гэдэг утгаараа тус намаас Хууль зүйн дэд сайд болсон Э.Эрдэнэжамъянд анхан шатны шүүхээс ял оноосон асуудлаар сэтгүүлчид МАХН-ын байр суурийг ихээхэн сонирхож байсан юм. Нэгэнт сэтгүүлчид цуглаж, хариулт авахыг хүссэн учраас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд анхан шатны шүүхээс хоёр жил улс төрийн албан тушаал хашихгүй байх ял оноолоо. Энэ талаар танай нам, та юу гэж үзэж байна?

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой шүүх хурлын тухай байр суурь илэрхийлэхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас нэлээд эрчимтэй тавьж байна. Тийм учраас  нэгэнт ярьж буй асуудал МАХН-ын улс төрийн албан тушаалтны хүрээнд тавигдаж буй тул намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би та бүхний сонирхсон  асуултад хариулж, байр сууриа илэрхийлье. Сая манай нам  удирдлагын  төвшиндөө уулзаж, санал солилцсон. Энэ хүрээнд би та бүхний асуултад хариулъя. Ерөнхийд нь хэлэхэд, Э.Эрдэнэжамъян дэд  сайдтай  холбоотой, өчигдөр хуралдсан шүүх хурлын шийдвэр, шүүхийн процессыг дууссан гэж үзэх бололцоогүйг та бүхэн мэдэж байгаа байх. Учир нь дараа, дараагийн шатанд давж заалдах болоцоо бий. Эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд бидний буюу МАХН-ын гишүүдийн  баримталж байгаа  байр суурь бол Э.Эрдэнэжамъян  дэд сайд ямар нэгэн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэг үүссэн нөхцөл байдал ,шүүхээс гаргасан шийдвэрийг өмгөөлөгчид болон өөрийнх нь зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан тодорхой хуулийн хугацаанд давж заалдах байр суурьтай байгаа.

-Цаашид дэд сайдын суудлыг Засгийн газраас шийдэх байх.  Тэгэхээр Э.Эрдэнэжамъяныг огцрууллаа гэхэд оронд нь танай намаас дэд сайдын суудлыг хадгалж үлдэх саналтай байгаа юу. Засгийн газрын зүгээс танай намд ямар нэгэн байр суурь ирүүлсэн үү?

-Тэр талаар ярьсан, хэлсэн зүйл алга. Шүүхийн процесс эцэслэж шийдэгдсэний дараа аливаа хүнийг гэм буруутайд тооцно шүү дээ. Тийм учраас асуудал шийдэгдээгүй байхад одоо хашиж байгаа албан тушаалд нь хэн нэгний очих тухай асуудал, тэр суудлыг хадгалах эсэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл энэ асуудал албан ёсоор яригдахгүй.

-Э.Эрдэнжамъян сайдад ямар нэгэн дарамт байсан юм уу. Засгийн газрын байр сууриас  захидал бич гэсэн шахалт намын зүгээс  байсан юм биш биз?

-Энэ талаар товч бөгөөд тодорхой хариулт хэлье. Хэвлэл, мэдээллээр ч энэ талаар бичигдэж байсан шүү дээ. Тэр нь юу вэ  гэвэл, нэгдүгээрт МАХН-ын Бага чуулган хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Улсад бодитоор нүүрлэсэн тухай, тэр хэлмэгдүүлэлтэд нэр бүхий хүмүүс өртөж байгаа тухай, Монгол Улс улс төрийн хоригдолтой болсон тухай асуудлыг албан ёсоор гаргаж тавьсан. Бага чуулганы 200 гаруй гишүүн тэр талаар нэгдмэл нэг ойлголтыг баталгаажуулж, мэдэгдэл гаргаж байсан. Э.Эрдэнжамъян  дэд сайдын хувьд өөрөө МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн бөгөөд тодорхой хэлбэл улс төрийн албан тушаалтныхаа хувьд намынхаа Бага чуулганаас гаргасан шийдвэрийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх эрх бүхий улстөрчийн хувьд  байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, Интерпол гэдэг байгууллагатай хэн нэгэн иргэн цахим хаягаар нь орж нээлттэй харилцаж, өөрийн байр суурийг илэрхийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, энэ ширээний ард сууж буй надад ч,  ширээний өмнө зогсч байгаа та бүхэнд ч тэр боломж нээлттэй байгаа. Энэ үүднээс тэр хүн өөрийн байр суурийг илэрхийлэх буюу  Интерполд өөрийн  үзэл бодлыг, санал мэдээллийг  хүргүүлсэн.

-Ямар санал хүргүүлсэн юм бэ?

-Тэр тухай товч байдлаар  эргэн сануулахад Монгол Улсын  улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа, улс төрийн хэргийн цаана хохирогчтой холбоотой  асуудлаар  өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэрийг нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж анх  хэрэг үүсгэсэн. Албан тушаалын гэмт хэрэг гэж өмнөх шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс хэргийг танилцуулж байсан. Явцын дунд албан тушаалын хэрэг гэгч нь байхгүй болж энэ хүн албан тушаалаа ашиглаагүй юм байна, гэхдээ мөрдөн байцаалтад саад учруулсан байж болзошгүй гэсэн утгаар асуудлыг тавьсан. Хамгийн тодорхой зүйл бол Интерполын зүгээс  удаа дараа хариу бичиг ирүүлэхдээ улаан шугамын заагаас хассан асуудал нь Э.Эрдэнэжамъян гэдэг хүнтэй огт холбоогүй гэдгийг нотолсон. Тэгэхээр дарамт намын зүгээс биш, магадгүй улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах гэсэн, бидний хэлж заншсанаар хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улс төрийн явуулга энэ бүхний цаана байдаг юм биш биз  гэсэн ойлголт  бидэнд хүссэн хүсээгүй  үүсч байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт  монголд үргэлжлээд байна уу,  цаанаа дарамт шахалт  байдаг юм биш биз гэсэн эргэлзээ хардлага ч төрж байгаа.

-Тухайлбал, ямар эргэлзээ, хардлага байна вэ?

-Би тэр шүүх хурлын танхимд байсан хүний хувьд  хоёр зүйл дээр эргэлзээ төрсөн гэдгээ ний нуугүй хэлчихье. Энэ асуудалд иргэний нэхэмжлэгч гэж хүн оролцсон нь АТГ-ын хүн байсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хаслаа гэсэн шийдвэр гарсан нь зарим хувь хүмүүст төрж байгаа ойлголтоор бол улс төрийн хэрэг гэдгийг нь илэрхийлсэн шинж агуулагдаж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ бол бидэнд төрсөн сэтгэгдэл, цаашид  ямар   байр суурьт  хүрэхээ бид тодорхойлно. Шүүхийн эцсийн шат хүртэл асуудал хэлэлцэгдэж, түүний дараа тодорхой болох болов уу.

-Ялыг хэвээр үлдээвэл яах вэ?

-Бидэнд ямар итгэл үнэмшил байгаа вэ гэвэл, Дээд шүүх буюу дараагийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана гэсэн итгэл байна. Тиймээс энэ хүрээндээ дээрх шийвэр гарсны дараа Монгол Улс улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдалд  ямар ахиц дэвшил гарч байна вэ гэдэгт өгөх үнэлэлт дүгнэлт байна уу гэхээс биш сөрөг байдлаар шийдэгдвэл гэж төлөвлөсөн зүйл алга. Учир нь бид энэ асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгана гэдэгт итгэлтэй байгаа.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих