Н. Алтанхуягийг танхимыг унагах Ан-ын төлөвлөгөө

сайдХаврын улс төр Төрийн ордны гадна ч, дотор ч эхэллээ. Төрийн бус байгууллагууд УИХ-ын 76 гишүүнийг огцруулж, оронд нь ард түмний зөвлөл байгуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байгаагаа мэдэгдэж өчигдөр Чингисийн талбайд тайван жагсаал  зохион байгуулав. Харин шаргал ордон дотор Н.Алтанхуягийн танхимыг унагах нууц төлөвлөгөөг АН-ын фракциуд сэмхэн хийж эхэлсэн сурагтай. Уг нь  ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн  барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байв. Гэвч жилд нэг удаа болдог Монголын эдийн засгийн форумтай давхацсан учраас товлосон хугацаандаа хэлэлцэж чадсангүй. Энэ удаагийн эдийн засгийн чуулганы ирц муу, зохион байгуулалт тааруу байсан нь иргэдийн дунд Засгийн газрыг шүүмжлэх бас нэгэн сэдэв болов. Ерөнхий сайд энэ арга хэмжээг “Төрийн бус байгууллага зохион байгуулдаг. Засгийн газарт хамаагүй” хэмээн буруугаа бусдад тохохыг санаархсан ч тусыг олсонгүй

Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимынхаа нэр хүндийг хамгаалах гэж  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  улайхгүй худлаа ярьж байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь амнаасаа ганц үг ганхийлгэсэнгүй. Үнэндээ “Эдийн засгийн форумд нь салбар хариуцсан сайд Н.Батбаяр хүрэлцэн ирсэнгүй” гэх шүүмжлэл хамгийн их гарч байсан. Түүний өмнөөс журмын нөхөд нь тайлбар хийх гэж нэлээд мунгинав. Энэ форумыг дагасан шүүмжлэл үүгээр зогсохгүй УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нээлтийн ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулагчдын талаар болчимгүй үг хэлсэн нь намын нөхдөөсөө зэмлэл хүлээхэд хүргэсэн. Ер нь сүүлийн үед АН-ын дарга дор бүрнээ томрох болсон нь Н.Алтанхуягийн танхимыг унагах бас нэгэн шалтаг болох нь. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат парламентад суудалгүй намуудыг жижиг хэмээн баалж “Татан буулгах шаардлагатай” гэсэн агуулгатай мэдэгдлийг бүлгийн дэд дарга С.Одонтуяатай зэрэгцэж сууж байгаад хийж байв.  Ийм мэдэгдэл хийсэн нь эрх баригчид ардчиллаас ухарсны тод жишээ байлаа.

Тиймээс Д.Эрдэнэбатад жижиг хэмээн чичлүүлсэн парламентад суудалгүй намуудын дарга нар хуралдаж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн бүлгийн даргаа огцруулахыг АН-аас шаардаж байлаа. БНН-ын дарга Б.Жаргалсайхан бухимдсандаа “Д.Эрдэнэбат хэзээ тийм болчихсон юм. МАХН-ын Удирдах зөвлөлд байсан. Хувьсгалт намын тагнуулыг намаасаа хөөж явуул.  Багануурт нэг шөнийн цэнгээний газар ажиллуулдаг гэсэн юм. Бас тэндхийн бүх тендерийг хамдаг гэж байгаа. “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг юм.  Миний байгуулсан АН-аас Д.Эрдэнэбатыг хөөж явуул” гэсэн юм. Үүний дараа  Д.Эрдэнэбат хэлсэн үгнээсээ буцаж эхлэв.  Түүний хэлсэн болчимгүй үг намын бүлгийн байр суурь биш хувийнх нь болж таарав. Бүр “Жижиг намууд нойрноосоо сэрж үү. Тэгвэл сайн байна. Би сэрээх гэж хэлсэн юм” хэмээн даапаалсан нь гал дээр тос нэмснээс ялгаагүй хэрэг болов. Эрх баригч намын бүлгийн даргын үгийг намын нөхдийн санаа гэж иргэд ойлгоно. Ийм байхад дураараа бурж яваа Д.Эрдэнэбатыг албан тушаалаас нь буулгах хэрэгтэй гэх шум гадуур явж эхэллээ.

Яг ийм агуулгатай нийтлэл “Өдрийн сонин”-ы өнгөрсөн баасан гаригийн дугаарт “Хариуцлагагүй ярьж, улс төрийн алдаа гаргасан Д.Эрдэнэбатыг сольё” гэсэн гарчигтайгаар гарчээ. Эрх баригч хүчний хамгийн том хэвлэлд ийм нийтлэл гарна гэдэг цаанаа Д.Эрдэнэбатыг солих тухай яриа гарсан гэсэн үг. Үүнээс харахад, АН-ын томчууд хоорондоо түнжин хагараад эхэлсэн нь илт байна. ҮХАА-ын сайд Х.Баттулгын санхүүжүүлдэг гэх “Ардчилал”  сонины өнгөрсөн даваа гаригийн дугаарт “Н.Батбаяр сайдаас тайлбар хүсье” нэртэй материал нийтэлжээ. АН-ын фракциуд таарахаа больсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн өнгө аясаас харагдаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар бужигнахад хамгийн түрүүнд суудлаасаа ойчих  магадлалтай нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн онд Н.Батбаяр, Ч.Улаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихад танхимын нөхөд нь цээжээрээ хамгаалж чадсан.

Хаврын улс төртэй давхцан хоёр сайдын суудал дахиад ганхвал АН-ынханд хамгаалах хүч үлдсэн болов уу. Эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, иргэдийн амьдрал муудсаар байхад салбар хариуцсан сайд нарыг нь бурхан шиг тахих шаардлага байна гэж үү. Н.Батбаяр сайдын үйлдэл Д.Эрдэнэбатынх шиг энэ Засгийн газрын  имижэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Зав чөлөө гарвал гал тахидаг, дээд тэнгэртэй ярьдаг, эдийн засгийн форумаас зугтаадаг гээд Н.Батбаярын тухай хачирхалтай мэдээллүүд хөвөрсөөр л байна. Хамгийн сүүлд түүнийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй төсвийн хөрөнгөнөөс болж муудалцан гар зөрүүлсэн гэх мэдээлэл цацагдав. Юутай ч эрхэм сайд нийслэлийн бүтээн байгуулалтад хуваарилсан мөнгийг хугацаанд нь өгөхгүй луу унжсанаас энэ хэрүүлийн үндэс суурь тавигдсан бололтой.

Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох ёстой  “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг ямар төсөлд зарцуулснаа нарийн тооцоо судалгаатай хэлээд өгөөч” гэж цөөнхийн бүлгийнхэн шаардаж байгаа. Зөвхөн амаараа ч шаардсан юм биш, албан бичгээр ч хүсэлтээ явуулсан байна лээ. Гэсэн ч иргэд өнөөдрийг хүртэл “Чингис” бондын мөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн гэдгээс өөр тоймтой мэдээлэлгүй сууж байна. Хэдийгээр салбар хариуцсан сайд нь “Чингис” бонд өр биш ээ”, “Иргэдийн амьдрал доройтсон юм алга”, “Сайн явах санааных гэдэг. Өөдрөг юм бодоцгооё” хэмээн уриалж байгаа ч бодит байдалд эдийн засгийн үзүүлэлтүүд тэс өөр байгааг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлж байна. Сүүлд өгсөн ярилцлагадаа дэд сайд нь, сайдынхаа ярьсан сайхан үлгэрээс тэс өөр зүйл өгүүлжээ. Шуудхан хэлэхэд, эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн амьдралын төвшин доройтож байгааг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Үүнийгээ дэд сайдын байр сууринаас биш эдийн засагчийн хувьд хэлж байгаагаа ч тодотгожээ.

Өмнө нь ч хэд хэдэн удаа Засгийн газар айлын эзэгтэй шиг жижигхэн асуудалд анхаарал хандуулж байгааг шүүмжилж байв. Н.Алтанхуягийн Засгийн газрыг дотроос нь шүүмжлэх хүн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар зогсохгүй биз ээ. Намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт ирэх жилүүдэд баримтлах бодлогоо тодорхойлж, алтны татварыг бууруулсан ч гадны хөрөнгө оруулагчид эрх баригчдын хэлсэн шиг манайх руу хошуурсангүй. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуягийг буруутгах хүн ч байна. Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг муулж гадныхны зүрхэнд орсон Д.Ганхуягт уул уурхайн салбарыг хариуцуулаад алдав уу, онов уу гэдэгт дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болжээ.

Түүнээс гадна  АН-ын хамгийн том фракциуд Н.Алтанхуягийн эсрэг дайтаж эхэлсэн бололтой. Засгийн газрын хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг “Шинэ сум” төслийн нээлт саяхан Баянхонгор аймагт боллоо. Мэдээж нээлтийн ажиллагааны хүндэт зочин нь Хонгор нутгийн хүү Х.Баттулга байх нь тодорхой. Харин төрийн өндөрлөгүүдээс УИХ-ын дарга З.Энхболд хүрэлцэн очсон байв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн юуны учир Баянхонгорт очсонгүй вэ. Үүнийг “Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрын зөрчил хурцадсаны илрэл” хэмээн тайлбарлах хүн цөөнгүй байна. Хэрэв АН-ын фракциуд дотроо хагаралдаж эхэлбэл Засгийн газрын танхим ганхахад ойрхон байна гэсэн үг. Удахгүй Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл чуулганы хуралдаанаар ороод ирвэл дарин дээр давс нэмснээс ялгаагүй. Улс төрийн нөхцөл байдал ойлгомжгүй,

Н.Алтанхуягийн танхим унаж мэдэхээр байхад сайд нар нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг дураараа ярьж, дор бүрнээ тусгаар тогтнолоо зарлаж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Зөвхөн сайдаар зогсохгүй бүлгийн дарга  нь ч хүртэл өнгөрсөн хугацаанд бүдүүлэг зангаа хангалттай харууллаа. Энэ үйл явдлууд давхцаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө унагахад ойрхон байна.

 

Ц.Оюунтунгалаг “Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.