Өртэй улсын өртэй иргэд удахгүй өртэй хотод амьдарна

d216bc9e2fdd714boriginalУлс Монголын маань өр цөөн хэдхэн жилийн дотор Орост төлөх байгаад цайруулсан өмнөх тогтолцооны “их өр”-ийн хэмжээ рүү гэрлийн хурдаар дөхөж, хязгаарлалтын улаан гэрэл асахад хүрэв. Гадаад өр хуульд заасан тухайн жилийн ДНБ-ний 40 хувиас илүүгүй байх дээд хэмжээнээс хэдийнээ хальж 10 их наяд төгрөг болчихоод байхад л гандан буурахгүй өрийн ДНБ-д эзлэх хувийг 60 хүргэн өөрчлөх тухай Засгийн түвшинд хүчтэй яригдаж байгаа нь эх орноо гэх сэтгэлтэй хэн бүхнийг эмзэглүүлж байна.

Уг нь өр зээл гэдэг эдийн засгийн харилцааны нэг л хэлбэр боловч түүнийг зохистой хэмжээнд барьж, зөв удирдахгүй бол улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч хор хохирол учруулах эрсдэлтэй.

Гэтэл манайхан зөвхөн өнөөдрөө л бодож өрнөөс огт айхаа больсныг бидний үрэн таран хийгээд нэгэнт дуусаж байгаа “Чингис”, “Самурай” бондуудын түүх харуулна. Ирээдүйгээ барьцаанд тавьсан энэхүү 2 тэрбум гаруй долларын бондын хөрөнгө “уулзвар”, “гудамж”, “оёдол” зэрэг аахар шаахархан зүйлд урсан оджээ. Уулзвар, гудамж, оёдол бүгд л хэрэгтэй нь үнэн боловч зээлийн хүүтэйгээ нийлээд манай жижигхэн эдийн засгийг нэгэн цагт сорчихож ч мэдэх хэмжээгүй их өрийг гуравхан жилийн дараагаас эхлээд бид чухам юугаар буцаан төлөх вэ? Үүний тулд л бид зарлагаа нөхөн, нэмүү өртөг үйлдвэрлэх төсөлд бондийн хөрөнгийг зарцуулж, үр шимийг нь хүртэх ёстой байсан ч урагшгүй удирдлага, харалган зарцуулалтын харгайгаар улс маань өрийн дарамтад орж мэдэх цаг хэзээ мөдгүйг эдийн засагчид сануулж байна.

Хөрөнгө мөнгө босгох хамгийн хялбар, хамгийн ядарсан арга болох зээлээр бүхнийг аргацааж дадсан сэтгэлгүй дарга, эрх мэдэлтнүүдийг иргэд хэр удаан тэвчих билээ.

Бүр өрийн хэрэглээ, сэтгэлгээнд нийгмийн сэтгэхүйг дасган бэлтгэж “дэлхийн өрийн хэмжээ 100 их наяд ам, доллар”, “дэлхийн том гүрнүүд ч бүгд өртэй”, “Оросын гадаад өр 55 тэрбум доллар байж л байна” зэрэг мэдээллийг байн байн цацаж, дахин өр тавих тухай л ярих болов. Үйлдвэрлэдэг, бүтээдэг улс орон, том эдийн засгийн хувьд бол “ханцуй ихтийн нударга их” гэгчээр өр хэвийн зүйл боловч манайх шиг хадаас ч үйлдвэрлэдэггүй, түүхий эдэд шүтсэн бяцхан эдийн засагт бол огт өөр, хайхрамж, болгоомжгүй хандвал нөхөж баршгүй хор хохиролд ч хүргэж болно.

Улсынхаа өнөөдрийн өрийг нийт иргэддээ хуваавал нялх бага, хөгшин хөвөө гэлтгүй хүн бүр нь дөрвөн сая төгрөгийн өртэй байна.

Иргэдийн нэгнээсээ юм уу,банкнаас зээлсэн өр орохгүйгээр төр, засэг нэг л мэдэхэд биднийг ийм их өртэй болгож амжжээ. Дээр нь өвгөд хөгшид маань 3 сараас эхлээд 2 жил хүртэлх хугацаагаар тэтгэвэрээ барьцаалаад зээлтэй, малчид нь “Хаан” банкинд малаа барьцаалсан “Малчны зээлтэй”, төрийн болоод хувийн хэвшилд ажиллагсад ялгаагүй “цалингийн зээл”-тэй, нийт баялагийн ихэнхийг эзэмшдэг хүн амын 2-хон хувиас бусад нь бараг бүгд өр, зээлийн үл тасрах гинжин хэлхээнд орчихсон болохоор бид яалт ч үгүй өртэй улсын өртэй иргэд.

Гэтэл ойрноос өрийн субъект бас нэгээр нэмэгдэж, дутуу гацуухан ч гэлээ өрнөөс эрхбиш ангид явсан хот маань “өрийн бичиг” гарган зээл авах тухай яриа чих дэлсэх боллоо.

Нийслэл энэ онд “бонд бол санхүүгийн шинэ эх үүсвэр” гэж үзээд 400 тэрбум төгрөгийн орон нутгийн бонд гарган, Улаанбаатарыг өртэй хот болгох төлөвлөгөө нэгэнт боловсруулагдсан байх.

Үүл даргын Улаанбаатарыг 2020 он гэхэд “Ганнам” дүүрэг болгон хөгжүүлэх “агаарын санаа”-нд 25,4 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан ч, бодит байдалд хотын маань жилийн төсөв ердөө л 500 гаруйхан тэрбум төгрөг байгаа юм. Энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө хотод нэгэнт байхгүй болохоор бонд гаргаж санхүүжүүлнэ гэвэл мөнгөгүй, ажилгүйн улмаас хаалгаа барихад хүрээд байгаа үндэсний байгууллага, компаниуд өрийн бичгийг худалдан авч чадахгүй, гадныхан авч, тэр хэрээр манай гадаад өр л нэмэгдэнэ.

Тиймээс хотыг “Ганнам” болгох мөрөөдлийн халхавч доор баахан үр өгөөжгүй зээл авч нийслэл хотыг өр ширэнд унагаж орхих вий, ер нь тэгээд гоё, сайхан хоттой байгаад ч өр зээлэндээ дарлуулах болбол ямар хэрэг байх билээ гэсэн болгоомжлол Улаанбаатарчуудад байна.

Эзний алба ээлжтэй болохоор нэгэн цагт халаагаа өгөөд одох нь мэдээж хотын дарга нар “надаас хойш галав юүлсэн ч яахав” гэх сэтгэлгээгээр зээлэнд шунаж, хотоо, ирээдүйгээ битгий ломбарданд тавиач гэж эгэл бид Баатар даргаасаа гуйх уу, Бурхан тэнгэрээс гуйх уу.

Иргэд хот орны хөгжилд үнэхээр тус нэмэртэй, гол нь ашгаа хурдан өгөх сайн төсөлд зээл зайлшгүй авах болбол эргэн төлөгдөх нөхцөл, үр ашгийг нь сайтар тооцон “долоо, бүр найм ч яахав хэмжиж байж, нэг огтлоосой доо” хэмээн наминчилж сууна.

Г.Андрей

 тэнцвэр.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.