Ард түмэн нүдтэй,чихтэй
Чингис бондын зарцуулалтын талаар бид бүхэн мэдэж байх ёстой. Учир нь “Энэ мөнгийг монгол хүн бүхэн төлнө” хэмээн Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө л хэлсэн байдаг. Тиймдээ ч бондын мөнгийг чухам юунд, хэрхэн, ямар замаар зарцуулж байгаа талаар ард түмэн мэдэх нь эрхийн асуудал болж байна.
Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ талаар та бидэнд ил тод мэдээллэсэн зүйл алга.
Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар урьдчилсан байдлаар Чингис бонд 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа талаар яригдсан. Монгол Улсаа барьцаалж, ард түмнийхээ нэрийг барьж авсан Чингис бондын зарцуулалт бидэнд хамаагүй болж таарлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гурван ч ажлын хэсэг байгуулах байсан ч Ардчилсан намын гишүүд хуралдааныг орхиж гарснаас болж ажлын хэсэг байгуулах асуудал унасан юм.
Уг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай, Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах байв.
Гэвч энэхүү ажлын хэсгийг байгуулж, гишүүдийн орон тоог батлах УИХ-ын тогтоолын төсөл байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас бусад АН-ын гишүүд хурлыг орхиж гарснаас болж чухал ажлын хэсгүүд байгуулагдаж чадсангүй.
Ерөнхийлөгч чиглэл өгч, бондын хэрэгжилтийг шалгах үүрэг өгсний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр ч удаа хуралдсан. Ингэсээр байхад Чингис бондын зарцуулалт иргэдэд хамаагүй гэсэн янзаар асуудалд хандаж, ард түмнээ дорд үзэж байгаа гишүүдийг хэрхэх вэ?
Чингис бондын мөнгөний тайланг ард түмэн ч бас сонсох эрхтэй биш гэж үү, гишүүд ээ. Бид төлж байгаа зээлийнхээ мөнгөнд хяналт тавих эрхтэй баймаар. Ямартай ч бид нүдтэй, чихтэй учир Чингис бондын зарцуулалтын тайланг нээлттэй болго. Бид ч мөн мэдэх эрхтэй.
Б.Цацрал
URL:














