“Грийн ресурс”-ийг Х.Тэмүүжин дэмжжээ

527-13999507048c274b9b53ae0d7coriginalХэзээ мөдгүй суудлаасаа огцрохдоо тулаад буй Х.Тэмүүжингийн барцад бас л дуусах болоогүй аж. Хар тамхичин охинтой орооцолдоно, эмнэлгийн байрыг булаана гээд олон зүйлийг дурдаж болох. Гэтэл Хууль зүйн сайд маань барилга орон сууцтай орооцолдсон мэдээлэл бас л шуугиан тарих нь.

Учир нь тэрбээр “Грийн ресурс” хэмээх хулхи компанийг Дотоод хэргийн их сургуулийн барилга барих тендерт ялахад гар бие оролцсон гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгэхээр тус компанийн талаар мэдээлэл өгөх нь зүйн хэрэг байх. “Грийн ресурс” хэмээх компанийн барьсан орон сууцны хорооллын тухай өдөр бүр л мэдээлэл өгч, үүнийг эрх мэдэлтний чихэнд хүргээд өгөөч гэх гуйлт тасрахаа больсон.

Тус компанийн удирдлагуудад хорооллын оршин суугчид гомдол гаргахаар алдаагаа засдаггүй, бараг доог тохуу хийхдээ тулдаг тухай гомдоллосон юм. Тодруулбал, тус орон сууц нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Ахмадын хорооллын хойно буй 88 айлын гурван орон сууц аж.

Мэдээлэл өгсөн оршин суугчдын ярьж байгаагаар бол “Бид энэ тухай ШӨХТГ, АТГ-т хандсан ч арга хэмжээ авч өгөхгүй юм. Уг нь бид хүн чанарын үүднээс эхлээд компанийн удирдлагуудад хандаж, учир байдлаа хэлсэн ч үл тоосон. Тэгээд арга буюу зохих байгууллагуудад хандлаа. Гэтэл арга хэмжээ авч өгөхгүй байсаар чимээ тасарлаа. Магадгүй, энэ компани нь эрх мэдэл бүхий газруудад танил талтай бололтой. Эсвэл мөнгөтэй хүн юу ч хийж иргэдийг хуурч мэхэлж болдог хэрэг үү. Эсвэл “Грийн ресурс” ШӨХТГ, О.Магнай даргыг гартаа атгачихсан байх”, “нэг бол Х.Тэмүүжин сайдтай холбоотой учраас ямар ч арга хэмжээ авдаггүй байх” хэмээсэн юм.

Эдгээр орон сууц нь чанарын хувьд маш муу. Тухайлбал, айлуудын дундах хана нь хоёрхон нимгэн гипсэн хавтан байна гээд боддоо. Дундаа хөндий. Айлууд зурагт, гал тогооны хэрэгслээ ханандаа тогтоох гэхэд хөндий учир тогтоох аргагүй. Нимгэн хана нь дуу чимээ тусгаарладаггүй тул айлууд хөршийнхөө зурагтаар юу гарч байгааг түвэггүйхэн сонсч болох агаад хэн нэгнийхээ ярьж байгааг ч сонсч болдог аж.

Үүгээр ч зогсохгүй цахилгаан шат нь байнга гацахаас эхлээд амь насанд нь ч заналхийлж байгаа учраас “Грийн ресурс”-ийн удирдлагуудад гомдол гаргажээ. Харин тус компанийн удирдлагууд “Энэ гипсэн хана нь манай инженерийн шинэ санаачилга ШБОС юм. Харамсалтай нь ийм муу юм болчихлоо” хэмээн хэнэг ч үгүй тайлбар өгч байх юм гэнэ.

Байр худалдаж авсан болон захиалга өгч байранд орсон оршин суугчид хэлэхдээ “Хаалга, цонх, ханын цаас, шалны хавтан гээд бүгдийг нь 100 айлын халтуурчдын багаар хийлгэсэн учир чанар маш муу” хэмээсэн. Энэ талаар оршин суугчид гомдол гаргахаар “Та нарыг хугацаандаа байраа ашиглалтад оруулаач гээд шахаад байхаар яараад тэднээр хийлгэсэн чинь ийм болчихлоо” гэж захиалагчдаа тохуурхах маягтай ханддаг аж.

Гэтэл ийм чанаргүй, амь насанд аюултай халтуурын барилга үйлдвэрлэгч нь Дотоод хэргийн их сургуулийн шинэ барилгыг барих тендерт шалгарсан нь хэний ч гайхлыг төрүүлнэ. Бодоход ар өврийн хаалгаар гүйж, хувь татаас, авлига хээл хахууль өгч байж л тендерт шалгарсан байх.

Түүнээс биш хэдэн айлын орон сууцыг ийн халтуурдсан компани ийм том сургуулийн барилгыг босгоно гэдэгт эргэлзээ төрнө. Аргагүй л Хууль зүйн сайдын дэмжлэг авсай нь юунаас ч харсан илт аж.

“Грийн ресурс” нь чанаргүй барилга барьж хүмүүсийн амь насанд заналхийлэхээс гадна тэр чигээрээ хууль бус ажиллагаа явуулдаг нь захын жишээнээс харагдана. Дотоод хэргийн их сургуулийн барилгын тендерийг ч хууль бусаар авсан байж таарна. Түүнчлэн өнгөрөгч 2013 онд хятад ажилчдыг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан байна.

Энэ асуудлаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас лавлахад “Грийн ресурс” нь Хятадаас 25 ажилтан оруулж ирэх гэрээ байгуулсан аж. Гэсэн хэдий ч тус компани нь 172 хятад ажилтан зөвшөөрөлгүй ажиллуулж байсныг бид бүхэн санаж буй. Энэ хулхи, халтуурын компанийн захирлаар Ц.Цэсэнзориг гэгч ажилладаг.

Тодруулбал, “Грийн ресурс” нь Ц.Цэсэнзоригийн байгуулсан компани бөгөөд тэрээр Нийслэлийн өмчийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа энэ компанийг байгуулсан аж. Хууль бус ажиллагаагаараа холбоотой байдаг нөхдөд хулхи байрнуудаасаа өгч тал зассан гэдгийг ч оршин суугчид хэлдэг.

Өмнөх олон асуудал нь өөрийг нь ийнхүү суудлаас нь ганхуулж байхад дараагийн асуудал босно гэдэг Х.Тэмүүжинд яав ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу.

В.Нэргүй

Эх сурвалж: Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих