“АСА” цирк автомашины зах болжээ

3-18-2Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Аса” циркт болсон юм. Уг тэмцээний үеэр зогсоол олдохгүйн зовлонг эцэг эхчүүд тоочиж байлаа. Нэгэн эмэгтэй “Бид циркийг гурав тойрлоо. Зогсоол олдохгүй юм. Арга барагдаад баруун талынх нь рестораны үүдэнд тавьчихлаа. Үйлчилгээний газар байж гаднах талбайгаа автомашины худалдаа болгочихоод байдаг даанч хэрэг алга” хэмээж байсан.

Учир нь “Аса” циркийн гаднах талбай автомашины худалдаа эрхлэх газар болон хувирчээ. Автомашинаар ч зогсохгүй асар майхны худалдаа хүртэл өрнөж байна. Олон нийтэд үйлчлэх ёстой газар гаднаа зогсоолтой байх ёстой. Манай улсад хууль дүрэм хэрэгждэггүй болохоор тийм шаардлага тавих сэхээтэй хүн ч байдаггүй биз. Тэгээд ч хувь хүний мэдэлд очсон болохоор яаж ашиглах нь өөрсдийн мэдлийн хэрэг байх. Гэхдээ л үйлчилгээний газар гэдэг утгаараа иргэдийг хүндлэх ёстой. Бас автомашины зогсоол гаргаж өгөх учиртай. Гэвч мөнгө л олж байвал энэ бүхэн “Аса” циркийн удирдлагуудад хамаагүй бололтой.

Өнгөрсөн зун өнгө зүсийг нь хувиргаж шар дээвэртэй болгосон бол энэ жил битүү хар шилээр бүрж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрсөн гуравдугаар сард “Аса” циркийн хувьчлалыг эсэргүүцэж төр мэдэлдээ буцааэ авах тухай ярьж байсан ч бүтэлтэй зүйл болоогүй. Их аварга Д.Дагвадорж, Их хурлын гишүүн Д.Сумъяабазар гэх чимэг эздийнх нь бяр хүчээс айсан уу тэгсхийгээд намжсан. Сүүлийн үед циркт урлагийн арга хэмжээ болохоос илүүтэй бизнес эрхлэх газар болчихоод байгаа. Мэдэх хүмүүсийн хэлснээр хувьчлахаас өмнө Улсын цирк чамгүй хөрөнгөтэй байсан юм билээ. Хувьчлах үеэр бүх хөрөнгө тэр ч бүү хэл ажилчдынх нь тоог хүртэл нарийн бичиж тэмдэглэн худалдаж авсан компанид буюу “Аса консалтинг”-д хүлээлгэж өгсөн байдаг аж.

Тодруулбал, хувьчлах үед циркийн эзэмшил газар нь 35666 ам метр, ажилчдын тоо 136, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 ам метр байжээ. Түүнчлэн 41 толгой малтай байсныг ч дурдаж байгаа.

Төрийн өмчийн хорооны 2008 оны долдугаар сарын 17-ны 352 дугаар тогтоолоор Улсын циркийг хувьчлах үед ТӨХ болон Боловсрол соёл, шинжлэхухааны яам, “Аса консалтинг” компанийн хооронд Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Тус гэрээнд Улсын циркийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлийг тусгасан гэдгийг О.Магнай хэлж байсан. Харин одоо “Аса” цирк бизнесмэнүүдийн мөнгө  олох хэрэгсэл  болсныг
гудамжинд яваа жирийн иргэд хүртэл хэлж байгаа юм. Циркийн барилгын нэг, хоёрдугаар корпусыг циркийн болон соёл урлагийн үйл ажиллагааны чиглэлээр ашигладгийг эс тооцвол үйл ажиллагааных нь чиглэлийг үндсэнд нь өөрчилсөн.

Жишээлбэл, нэгдүгээр корпусын зарим хэсгийг үзэсгэлэн худалдааны зориулалтаар аж ахуйн нэгж, албан байгууллагуудад түрээсэлдэг болсон. Циркийн барилгын гурав, дөрөв, зургадугаар корпус, гадаад талбайн зарим хэсгийг аж ахуй нэгж, иргэдэд циркийн бус зориулалтаар ашиглуулдаг юм байна. Гаднах талбайнхаа зүүн хэсгийг иргэн Ганболдод автомашин зарах зориулалтаар түрээслэн ашиглуулж байгаа бол зургаадугаар корпусын хэсгийг тээврийн хэрэгслийн бүртгэл хийх “Авто тээврийн үндэсний төв”, Тээврийн хэрэгслийн дугаарын үйлдвэр, Даатгалын байгууллага, Машины сэлбэг хэрэгслийн   худалдаа эрхлэгч болон банкны үйл ажиллагяа эрхлэгчдэд түрээсэлсэн байна.

Эзэмшил талбайнхаа хэмжээг багасгаж 24269 ам метр болгоод зогсохгүй ажилчдынх нь тоо эрс буурч 61 болжээ. Амьтадгүй болгосон тухай ШӨХТГ-ынхан хэлж байгаа. Өнгөрсөн өвөл Оросын Мөсний циркийнхнийг ирж тоглоход иргэд тухтай суух боломжгүй халаалтгүй жиндүү хүйтэн байсныг үзэгчид шүүмжилж байсан. Монгол Улс үндсэндээ циркгүй орон болчихоод байна. Урлагийн байгууллагыг хувьчлах ямар хортой болохыг циркийн хувьчлал харууллаа. Шинээр цирк байгуулахад чамгүй
хөрөнгө зарцуулах нь тодорхой.

Цирк улсын мэдэлд байсан бол циркчид гадаад руу гарч “дүрвэхгүй” байлаа. Циркийн цэнхэр асрыг энд худалдааны төв болчихоод байхад харин манай циркчид данслагдах газар байхгүй ч олон улсад нэр алдраа дуурсгаж яваа. Тэд бор зүрхээрээ амьдарч явна.

 

Б.ДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих