О.Гүндэгмаа Дэлхийн цомоос алтан медаль хүртлээ

uls_539659332c17b_1МУГТ, Хөдөлмөрийн баатар  О.Гүндэгмаагийн гайхамшигт амжилтууд үргэлжилсээр байна. Тэрбээр их спортын дэлхийн  шилдэг тамирчин гэдгээ батлан харуулсаар байна.

Лондонгийн олимпийн дараа ихрүүдээ төрүүлж, хэсэг хугацаанд их спортоос хөндийрсөн тэрбээр  Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээнд хүч сорьж байгаа. Тэрбээр өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Энэ нь түүний Дэлхийн цомоос авч буй долоо дахь алт, нийтдээ 15 дахь медаль нь юм.

Зургадугаар сарын 4-13-нд Мюнхенд үргэлжилж буй Дэлхийн цомд О.Гүндэгмаагийн үндсэн дасгал болох эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд нийт 95 буудагч өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 584 оноо авснаар тавдугаар байраар шигшээ наймд шалгарчээ.

Улмаар хагас шигшээ буудлагад 21 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ингээд аваргын төлөө Герман улсыг төлөөлж буй нутаг нэгт тамирчин Д.Мөнхбаяртай халз буудаж, 8:0 харьцаатай ялалт байгуулжээ.

Харин хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Жан Жинжин 8:2-оор мөн өмнөд хөршийн буудагч Чен Инийг ялсан байна.

“Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд таван олимп дамжин оролцсон О.Гүндэгмаа ийнхүү хоёр жилийн дараа Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын гараагаа амжилттай эхлүүлж, их спортдоо алтан медальтай эргэн ирлээ.

М.Нандин

 uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих