ЗАМ ТАВИХ ГЭЖ ЗАЛГИЧИХДАГ “НАСНЫ ЗАМ”-ЫНХАН

зам1Дорнодынхон засмал замтай болохыг мөрөөдөж сууна. Энхэл, донхолтой шороон замаар шавар шалбаагт суун Дорнод аймаг руу давхиж явахад “Хөдөөний энэ олон замын хаагуур нь явах вэ та минь ээ” гэдэг дуунд гардаг лугаа олон салаа зам зурайна. Цэлийсэн уудам талд хаа сайгүй зам зурайж байвч бартаа саадгүй нь ховор. Хойгуураа явбал дэржигнуүртэй болохоор засмал тавихаар төлөвлөсөн талаар явах ёстой гэсэн зааврыг нутгийнхан өгч байсан.

Улаанбаатараас Дорнод ордог зам нэг үе Хэрлэнбарс хотын туурийн хажуугаар дайрч өнгөрдөг байв. Энэ замыг Дорнодынхон актлаад удаж байгаа гэнэ. Харин Хэнтий аймгаас цааш Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнодын Хөлөнбуйр, Булган сумын төвийг дайруулан засмал зам тавихаар ажлаа эхлээд арав орчим жил болжээ. “Насны зам” компани Дорнодын замыг тавих тендер аваад ийн урт удаан жил үдэж, эцэстээ бусадтай хамжилцан байж дуусгах үүрэг хүлээсэн. Энэ компанийг тойрсон таагүй мэдээ олон. Зөвхөн Дорнодын замыг залгичихаад байгаа ч юм биш. Тендер авсан газар бүртээ хэдэн жил дамнан ажлаа удаашруулдаг заншилтай бололтой. Булган Уньтын чиглэлийн замыг л гэхэд дөрвөн жил барьж байж арай гэж ашиглалтад өгсөн юм билээ. “Насны зам”-ынхныг Дорнодод арван жил хийсэн ажил нь ердөө л шороон далан.

Зам тавихаар зэхсэн урт далан бараадан шороон замаар бэдэрсээр үүр хаяарахтай зэрэгцэн аймгийн төв рүү орлоо. Бороо орсны дараа явахад бэрх юм. Зөөлөн хөрстэй болохоор шаварт суугаад зам хорогдохгүй. Хэд хэдэн машин шаварт суучихсан түрж байхтай тааралдсан. Ийн шороо замаараа тоос манарган давхиж болоод байгаа ч хөгжил дэвшил гэж байх учиртай. Газрын тос ундарч, уранаас эхлээд байгалийн баялгаар арвин нутаг засмал замгүй байна гэдэг хэцүү.

Хэрэв “Насны зам”-аас өөр компани тендерт шалгарсан бол Чойбалсан хотынхон өдийд засмал замаар жирийлгэж байсан биз. 2011 онд тус компани дахиад тендерээ үргэлжлүүлэхээр болж овоо дориун ажиллахаар ам өчиг өгсөн ч захирал нь Дорнодод нэр дэвшиж “Замтайгаа ирлээ” гэж шоудсаар байгаад замаа замхруулчихсан аж “Насны зам”-ын захирал Ж.Энхжаргалын ард Шэ Ван гэх хятад эзэн бий гэдэг. Тиймээс Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэж хэлдэг. Хамаг л ашигтай тендерийг авч халаасаа зузаатгадаг гэсэн шүүмжлэлд өртдөг энэ компанийнхан нэр шигээ зам тавьж чаддаггүй нь харамсалтай. Насаар эдлэх зам барих нь байтугай нэг замаа насаараа тавьсаар байгаад дуусах нь. Нэг аймгийн иргэдийг байтугай Засгийн газрынхны цөхрөөсөн хэнэггүй замчид. Арга барагдахдаа өнгөрсөн жил Засгийн газар Дорнодын замыг дөрвөн компанид хувааж даалгасан. “Чайна Жео инженеринг” 50 км, “Насны зам” 173 км, ‘Хансун зам” 27 км, “Гашууны гол” 27,75 км зам тавихаар хариуцаж аваад байгаа.

Ийнхүү 10 жил хулхидуулсан ч хашрахгүй ахиад тендер өгч байгаа нь сонин. Гэвч өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж байгаа хэсэг мэр сэрхэн. Замын ихэнх хэсэг эзгүй харагдана билээ. Зарим газар нь борооны ус зайлуулах шугамаа ч тавиагүй байна. Далангийн ажлыг гайгүй сайн хийчихсэн харагдавч асфальт бетон хучилт хийхээс эхлээд дэс дараалалтай ажил хүлээгдэж буй. Энэ янзаараа бол ирэх жилтэй золгох бололтой. Тендерт шалгарсан цагаасаа замаа тавьчихсан бол Дорнодынхон өдийд үгээ хэлж суухгүй байхсан. Тэгээд ч зам дагаж хөгжил гэж дайрч өнгөрөх сумдын өнгө төрх сайжирна. Засмал зам дайрч өнгөрөх Хөлөнбуйрын сум л гэхэд хэдхэн өрхтэй юм билээ. Холоос очсон гийчинд жижигхэн зэлүүд суурин шиг санагдсан. Улаанбаатартай засмал замаар холбочихвол энэ сум ч хөгжөөд   ирнэ.

Харин зам мөрөөдсөн хүлээлт даанч удаан юм. Дорнодынхны мөрөөдөл биелчихвэл Улаанбаатар руу ирж, буцах гэж өдөр. шөнө хоёр явах шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр аялал жуулчлал ч хөгжих учиртай. Халх голын дайныг гэрчлэх олон хөшөө дурсгал Дорнодод бий. Бас Буйрын цэнгэг усанд шумбаж ганц өдөр ч гэсэн алжаалаа тайлахыг хүссэн хүмүүсийн гол саад нь зам. Цаг идсэн шороон замтай болохоор л хүмуүс тэр бүр зүглэхээс халшраад байгаа юм. Гаднаас Монголыг зорих жуулчдын заавал очих газрын маршрутад Дорнод ордог ч шороон замаар олон цаг давхихаас залхаж аялльгн замаа өөрчлөх тохиолдол ч цөөнгүй гардаг тухай албаны хүн хэлж байсан. Дорнодын зам уг нь Мянганы зам гэсэн категорт багтаж буй. Харин мянганы зам нь үлгэр болоод удлаа. Яст мэлхий шиг ингэж мөлхвөл Монгол хөгжиж чадахгүй. Эмх цэгцгүй хэдэн байшин босгосноо хөгжил гэвэл том эндүүрэл биз. Зам бол хөгжилд хөтлөх гүүр.

Хот хоорондын замын гацаа Дорнодынхны ганц чөдөр тушаа биш гэнэ. Аймаг доторх замаа ч бас засуулах гэж овоо хэдэн жилийн нүүрийг үзэж буйгаа хэлж байсан. Д.Одбаяр даргын үед эхлэлийг нь тавьсан аймгийн төвөөс нисэх буудал хүрэх замыг өнгөрсөн жил арай гэж дуусгасан тухай ярьж байна. Хэдхэн км замыг өчнөөн жил зассан юм чинь Улаанбаатар хүрэх зам удах нь аргагүй гэж тайвшрах хүн ч байсан. Наадмаас өмнө Улаанбаатар Дорнодын замыг ашиглалтад оруулчихвал шинэ замтай болсныхоо баярыг хөл хөөртэйгээр тэмдэглэнэ гэдгээ нутгийн иргэд нуулгүй цухалзуулж суусан. Харин удаан хүлээсэн урт настай зам нь наадмаас наана бүү хэл өвлийн хүйтнээс өмнө амжиж дуусах эсэх нь эргэлзээтэй байна. Ингэж удаан барьчихаад ганц жил ч бололгүй хонхойж, ёнхойгоод эхэлбэл бас тоогүй. Барих гэж олон жилийг элээсэн шигээ ядаж таван жил элэгдэхээргүй зам тавьчихаасай билээ.

 

 

Б.ГАНАА /өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих