Наадмаар есөн насны ”гишүүн”-ийг таван саяар байлна

Наадмаар гаршсан хоёр…

Наадмаар “гаршсан” хоёр нөхөр байдаг юм. Нэг нь хотын дарга асан М.Энхболд, нөгөө нь түүний үед л нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан, одоо ч байгаа Ц.Болдсайхан гэж. Хашруудын л хийж байгаа ажил нь тэр. Миний мэдэхээр л энэ хоёр Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийг оруулаад сүүлийн арваад жилийн наадмыг зохиосон адтай нөхөд. Одоо 805 жилийнх нь ойг бас л “найруулж” байна. Нас нь хүрвэл 810 жилийг нь ч зохион байгуулж л явах нөхөд. Тэр хоёрын “найруулдаг” наадам гээч томчуудын томчуудад зориулсан шоу болчихож. Морины хүүхэд энэ тэрийн талаар наадмын төсөвт нэг ч үг алга.

Жилийн жилд л энэ хоёр “Морь уралдуулах гэхээр будилаантах гээд байна” гэсээр баахан мөнгө төсөвлөж хоёр, гурван хоногийн настай хашаа бариулдаг юм. Бас морьд уралдах газрыг бөөн машин, түлш, тос гаргаж усална. Дараа жил нь дахиад л нөгөөхөө ярьчихсан төсөв батлаад гүйж харагдах. Энэ жил арай том юм ярьдаг болчихож, нөгөө хоёр чинь. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронг ногоон болгож харагдуулахад 28 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Гэхдээ энэ зүлэг шиг зүлэг биш. Долоо хоногийн дотор ургаад, усалгаа нь зогсмогц хагдрах богино настай эд. Энэ мэтээр өнгөн талын засал хийж, хүний нүдэнд наадмын талбайг гоё харагдуулахаа андахгүй, тэр хоёр. Энэ жил ч мань хоёрын ажил мундахгүй. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил гээд түүхэн том ойнуудыг 1,3 тэрбумхан төгрөгөөр хаадын зэрэгт хийх гээд махаа идэж яваа хүмүүс, цаад хоёр чинь. Энэ хугацаанд наадмын салбар хороод ч данхайж бүр есөн салбар хороотой болоод амжжээ. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссынхон өнгөрсөн өвлөөс хойш мундахгүй олон хуралдсан.  Гэхдээ наадмын хөтөлбөр төсвийг харж суухад жирийн иргэдийг ер нь л гадуурхсан аястай. Томчуудыг бол наадуулсан шиг наадуулах шинжтэй шүү. Уг нь төрийн томчуудын бус Үндэсний наадам юм шүү дээ. Төсөв хөрөнгийг нь ч тийм л зарчмаар батлах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгхэн сүүдрэвчтэй хэсэгт хэн суудаг билээ. Төрийн гурван өндөрлөг, тэгээд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид. Тэднээс өөр хэн гэж. Тэгэхдээ улсын наадмаа үнэ төлбөргүй үзчихнэ. Харин иргэд хөөрхий нарны шүхэртэй нь шүхрээ бариад, шүхэргүй нь цамцаараа сүүдрэвчлээд хамрынх нь хөлс бурзайчихсан, хааяа аз таарвал хүйтэн бороонд шалбайтлаа норж, хүүхнүүдийнх нь нүүрний будаг урсаад, хүүхдүүд нь хатгай авангаа алдаад л суудаг. Энэ жил ингэж суухдаа 13-24 мянган төгрөг төлөх юм байна, иргэн та. Хүүхэд чинь ч таваас дээш  настай бол тэр хэмжээний мөнгө төлнө.

Машины зөвшөөрөл буюу “ангийн” ялгааг тодорхойлогч…

Машины зөвшөөрөл. Үндсэн хуулийг гурван өдөрт зөрчиж болдог зөвшөөрөл гэж бий. Дуулсан л байлгүй. Зөвшөөрөл ч гэж дээ ангийн ялгааг маш сайн харуулдаг алгын чинээ айхтар золигийн цаас. “А”, “Д”, “Ж” гэх мэт. Эдгээр зөвшөөрөл бол дээд зиндааныхны машинд л олддог ховор эд. Ийм зөвшөөрөлтэй эксел, аксент харвал эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж магадгүй, замын цагдаа нар. Зарим нь хулгайд сэрдэж ч мэднэ. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, тэнэмэл жуулчид, Элчин сайдын яамдуудад л өгдөг эд. Тийм ч учраас морин уралдааны бариан зурвас, цэнгэлдэхэд хамгийн ойрхон зогсоолд зогсох давуу эрхтэй. Харин бусад үсэг нь мань мэтэд зориулдагсан. Бариан зурхайгаас 1-2 километрийн зайд машинаа байрлуулаад “А” зэрэглэлийнхнийн машины тоосонд булуулчихгүй бол түрүүлсэн морьны барааг харж, цэнгэлдэхэд орж наранд шаруулж, хуушуур хүртэх боломж олдоно. Жоохон улс төржвөл иймэрхүү байдлаар зэрэглэл тогтоож дарга, цэрэг, баян, ядуу, дотоод, гадаад гээд Үндсэн хуулийг зөрчиж ялгаварлан гадуурхаж байна даа, цаана чинь.

Өмссөн дээл, унжсан гүзээгээрээ уралдах наадам…

Эрийн гурван наадам ч иймэрхүү зүй бус хуваарилалтаар болдог. Бяр чадал, хурд хүчтэйгээсээ илүүтэй унжсан “гүзээгээрээ”, өмссөн дээл, бэл бэнчин, яриа хөөрөө,  найраагаараа барилддаг болсон энэ цагийн хүчтэнүүдэд 15 сая төгрөг өгөх гэнэ. Өмнө нь хоёр саяыг өгдөг байсан юм. Энэ өсөлтийг дагаад даваа болгоны мөнгө өсчээ. Давааны мөнгө, найрааны авлига гээд гайгүй бөх бүтэн жилийнхээ хоолны мөнгийг ядах юмгүй олдог цаг. Харин түрүүлсэн нас насны морьны эзэнд тав таван сая төгрөг. Уясан уяачид нь биш эзэнд нь шүү. Морьны эзэн гэхээр мань гишүүдээс өөр хэн байхав.  Тэгсэн хэрнээ сур, шагайн эрэгтэй 1, эмэгтэй 1 харваачид дөрвөн сая төгрөг өгнө. Шагайн асар, сурын талбайг өнөө хэр нь олигтойхон засчихаагүй л байгаа. Ямар хөгийн юм байдаг билээ дээ. Төв цэнгэлдэхийг тэгэхэд жил болгон л засдаг. Иймэрхүү л хөгийн юм сэтгэж суух юм даа, эхэнд дурдсан хоёр нөхөр.

Морины насыг ес болгосон шинэ нээлт…

Бас болоогүй ээ. Өмнө нь зургаан насанд морь уралддаг байсан бол энэ удаад есөн насанд уралдах юм байна. Шалтгаан нь их энгийн. Сүүлийн үед улстөрчид эрлийз адуу их оруулж ирсэн. Тэдний эрлийз адуунд нь зориулж ийм төрлийн морьдыг гурван насанд хуваан уралдуулахаар болж морьдын насыг ес “болгож” дэлхийд шинэ нээлт хийлээ.

Дээр нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана гэхийн оронд жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарах юм гэнэ дээ. Танхай балмад иргэдээсээ хамгаалж буй нь тэр. Ингэхдээ тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд үйлчилж буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга л шалгах  юм байх аа.

Иргэд ямар “ройл”-той энэ наадамд оролцох вэ гэхээр дарга, жуулчдыг л сайхан наадуулах гэж оролцох юм гэнэ.

Олох ашгийг нь бодож олимпийн эрхийг авах гэж гадныхан үхэн хатан зүтгэдэг бол манайхан эсрэгээрээ. Татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн дарга, улстөрчид, гадны жуулчдыг баясгах гэж наадам хийдэг болчихож.

Л.Нарантөгс /тоймч/

Зохиогчийн эрх “Ардын эрх”


URL:

Сэтгэгдэл бичих