Хужаа нар гахайн толгой тахиснаас болов уу, Байгаль эх хилэгнэв үү?


- Замын тоосжилтоос болж осол гарах нь ихэсчээ -

Наадам болдог долдугаар сар эхлэнгүүт л ажлын байрууд эзгүйрч, амарч зугаалагсад олширдог. Энэ жил Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулан тав хоног амарсан биш энэ явдал бүр ч нэмэгдэв. Ялангуяа Архангайн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Тайхар чулуу, Чулуутын хавцлаар дайраад Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл нутгийг зорих маршрут хамгийн эрэлттэй аялал болоод байгааг фэйсбүүкээс та бэлхнээ харж болно. Бараг хүн бүр дээрх газруудад авахуулсан зургаа оруулсан байгаа. Тэдний нэг нь би. Гэвч хүний мөр гарсан газар бүхэн эвдэгдэж сүйддэг ёсоор аялагчдын тарьсан хог, гаргасан осол аваар, байгаль орчны бохирдлын хажуугаар сэтгүүлч миний бие дуугүй өнгөрч чадсангүй. Булганы нутаг аль эсвэл Архангайн нутгаар дайрч байж Хөвсгөлд хүрнэ.

Эхлээд бид арын зам буюу Булганаар явахаар тохирсон юм. Таван жилийн өмнө тэр нутгаар дайрч Далай ээжид хүрч байсны хувьд би Хөвсгөл Булганы зааг нутагт очоод та нар “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдармаар байна” гэж хэлэх болно хэмээн бардамнаж байлаа. Гэтэл аль нэг уурхайн замаар явж байгаа мэт хоноглох нь байтугай бууж нуруу тэнийлгэх зуур хамар амаар шороо чихэж цэцэг байтугай өвс тачир ургасныг хараад үнэндээ цочирдов. Энэ нь зам засвартай холбоотой гэнэ. Аль ч зун ойгоор дүүрэн уул, цэцгээр дүүрэн тал байдаг нутагт энэ жил бороо хур бараг ороогүй аж. Эргэн тойрон дүүрэн хужаа нар. Том тэрэг барих нь барьж, зам нүдэх нь нүдэж харагдана. Нутгийн иргэдийн ярих нь тэд гахайн толгой тахисан гэнэ. Ажлаа хурдан дуусгахад нь хур бороо саад болох тул урд хөршийнхөн тэнгэрийн араншинг өөрчлөх өөрсдийн зан үйлээ байн байн үйлдсэнийг нь нүдээр харсан хүн ч байх аж.

Замын турш ийнхүү цонхоо ч онгойлгож чадалгүй явсаар Хөвсгөлд хүрлээ. Бас л улаан шороо эргэж байх юм. Майхан хатгах газар ч олдохгүй байсан гээд хэлчихэд бараг хэтрүүлэг болохгүй. Зай завсаргүй давхилдах машинууд зам дагуу барьсан амрагчдын майханг тоосоор дараад тогтохгүй нуурын дээгүүр манан татсан мэт цайран харагдаж байсан нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр.

Цэвэр цэнгэгийн дээд Далай ээж маань үр хүүхэд болсон биднийхээ гарт үрэгдэх нь. Зам дагуу ус, ундаа, архи, пивоны шил лааз, чихэр чипсний цааснаас авахуулаад ариун цэврийн хэрэглэл, бэлгэвч хүртэл нуурын эрэг дээгүүр хаясан байхыг нь хараад уур ч хүрэх шиг.

Энэ бүхний хариуг нэхэж байгаль заримыг нь шийтгэдэг юм болов уу, аль эсвэл аялал жуулчлалын хамгийн идэвхтэй бүсдээ засмал зам тавиад өгчихөж чаддаггүй улсын болоод нутгийн эрх мэдэлтнүүдийн алдаа юм болов уу, эсвэл бүр гахайн толгой тахисан хужаа нарын буруу юм уу ямартай ч энэ зам дээр осол тасрахаа байжээ. Долдугаар сарын 16-ны өдөр машин осолдож нэг хүн нас барсан бол 17-нд нь Мөрөнгөөс 40 км-ийн зайтай мөн л осол гарч дөрвөн хүн маш хүнд бэртэж гэмтсэн байна. Энэ бол зөвхөн томоохон хэмжээний ослын талаарх мэдээний хэсэг. Харин мөргөлдөж шүргэлцээд өнгөрөх явдал байнга шахам гарч байдаг аж. Шороон зам дээр урдах, хойдохоо ч харахгүйн улмаас осол гарч байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал хөдөөд туйлын их байна. Манай машины араас хүртэл хятад мотоцикл унасан согтуу хүн мөргөж ийм байдалтай болгосон бөгөөд бас болоогүй нэг гартаа тамхи барьчихсан байсан юм. Ойр орчимд цагдаа байхгүй тул хүн амьтан бэртээгүй нь яамай гэсхийгээд өнгөрөөсөн ч үүн шиг явдал олон давтагддаг бололтой.

Одоог хүртэл амралт зугаалга, баяр наадам, сум аймгийн ойн арга хэмжээ дуусаагүй байгаа. Голын усны түвшин ихэссэнтэй холбоотойгоор үер усны аюулаас сэрэмжлэхийг холбогдох албаныхан сануулж байгаа бол сэтгүүлч миний бие харин орон нутгийн замын тоосноос болгоомжлохыг анхааруулахыг хүсч байна. Хөвсгөл орчимд, гэгээн цагаан өдрөөр орон нутгийн замд гэрлээ асааж явахаар хэмжээний гамшиг нүүрлээд байна шүү.

Эх сурвалж:.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих