Гурван саяулаа болох нь эргэлзээ төрүүлж эхэллээ

527-1406172429нярайМонгол Улс энэ оны сүүлээр гурван сая дахь иргэнээ хүлээн авна. Гэтэл өдөрт нас барах хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүр байр эзлэхээр болчихоод байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Уг нь бидэнд амьд явах эрхийг Үндсэн хуулиар олгочихсон.

Гэтэл зам тээврийн осол, гал, ус, гамшиг, халдварт өвчин гэх шалтгаанаар нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг статистик тоо илтгэж байна. Тухайлбал, эхний хагас жилд л гэхэд 8370 хүн нас барсан байх юм. Харамсалтай нь тэдний дийлэнх нь цаг бусаар буюу гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байх жишээтэй.

Тухайлбал, гэмт хэргийн золиос болох, зам тээврийн осолд орох гэх мэт гэнэтийн шалтгаан дэндүү олон юм. Цаашлаад зуны дэлгэр цагт нас барах хүмүүсийн тоо өмнөхөөсөө хэд дахин ихэсдэг гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Сүүлийн үеийн ганцхан жишээ татахад л гуравхан хоногийн дотор 11 хүн усанд живж амиа алдсан тоог ОБЕГ-аас өгч байна. Гэтэл энэ бол зөвхөн нэг байгууллагад ирсэн тоон мэдээлэл. Үүний цаана Цагдаагийн газар болон эмнэлгүүдэд ирсэн нас барсан хүний тоо нэмэгдэнэ.

Ингээд бодохоор бид ганцхан өдөрт 20, 30-аараа хорвоог орхиж байна. Ийм үед бид энэ ондоо багтаж, гурван саяулаа болох боломж байгаа эсэх нь адтай захиалагчдыг эргэлзээ төрүүлэх юм.

Тиймээс иргэн бүр амьд явах эрхээ эдэлж, өөрөө болон өрөөлийн амь нас аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага гарч байна. Нөгөө талаас иргэдэд амьд явах эрхийг олгох, анхааруулах үүрэг бүхий албан байгууллагууд дор бүртээ хичээж ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

М.Өлзий

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих